0

MОНР-ийн “Таван-Эрдэнэ” нэвтрүүлгийн нэрэмжит 48 дахь удаагийн “Алтан төлийн эзэд” шагналын “Алтан унага”-ны эзнээр тодорсон Увс аймгийн Зүүнхангай сумын Даланбулаг багийн малчин Содовын Бямбадоржийн гэр бүлд сар шинийн босгон дээр шагналыг нь УИХ-ын гишүүн Б.Заяабал гардуулан өглөө.
С.Бямбадоржийнх хөдөө аж ахуйн салбарт 32 жил тасралтгүй хөдөлмөрлөж, адуу, үхэр, хонь, ямааг өсгөн үржүүлэхдээ адуун сүргийг түлхүү өсгөж, үүлдэр угсааг нь сайжруулахад онцгой анхааран ажиллаж байна. Адууныхаа чанарыг дээшлүүлэх зорилгоор Сүхбаатарын шилмэл азаргаар сүргийнхээ үүлдэр угсааг сайжруулжээ.
Хан Хөхий нурууны ар, өврөөр нутаглан, хангай, говийн бэлчээрийн онцлогт тохируулан адуун сүргээ өсгөн үржүүлэхийн зэрэгцээ 10 гаруй айл өрхийг туслах малчнаар авч ажиллуулан, 1000 орчим малаар малжуулан сум орон нутгийнхаа хөгжилд бодит хувь нэмэр оруулж яваа хөдөлмөрч малчин өрх юм.
Зүүнхангай нутгийнхаа хөдөлмөрч олны дундаас тодрон, нутаг усныхаа нэрийг өндөрт өргөж яваа танай гэр бүлд эрүүл энх, аз жаргалыг хүсэн ерөөе!
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.