0

30 гаруй жилийнхээ хөдөлмөр зүтгэл, малч ухаан, нийгэмдээ болон мал аж ахуйн салбарыг хөгжүүлэхэд оруулж буй хувь нэмэрээ төрд үнэлүүлэн “Улсын хошой аварга” малчнаар шалгарсан Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Согоот багийн малчин Чүлтэмийн Даваацэрэн, түүний гэргий Дарьсүрэнгийн Дашдаваагийн өрх гэр бүл “УЛСЫН ХОШОЙ АВАРГА МАЛЧИН” болж, шагналыг нь УИХ-ын гишүүн Ц.Идэрбат гардуулан өглөө.
“Улсын хошой аварга малчин” Чүлтэмийн Даваацэрэн малаа тэсвэр тэвчээртэй, чанарлаг, таваарлаг байхад ихэд анхаарч иржээ. Малаа таван төрөлд нь өсгөж, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагааны илүү нугаламтай хуц, Галшар, Баяндэлгэрийн нарийн ноолуурт, гарц өндөртэй улаан ямаа, ангус үүлдэрийн үржлийн бухаар үхэр сүргээ өсгөж байна. Энэ үхэр халуун хүйтэнд тэсвэртэй, ямар ч нөхцөлд дасан зохицох чадвар, тугалах үеийн хүндрэлгүйгээс гадна хоногийн нэмэгдэл жин өндөр зэргийг харгалзан ангус үүлдрээр нутгийн монгол үхрийн махан ашиг шимийг нэмэгдүүлж байна.
Эднийх Өгөөмөр хайрханаараа нэрийдсэн “Өгөөмөр” аравтыг үүсгэж ногоон тэжээл тариалж эхлүүлсэн. Өөрөөр хэлбэл хот айл, саахалт айлын малчид хоршиж тоног төхөөрөмж, хашаа хороогоо базаан тариалалт хийснээр өвлийн өвс тэжээлээ бэлдээд зогсохгүй илүү гарснаа борлуулж эдийн засгийн эргэлтэд оруулсан. Улмаар Цэнхэрмандал сумын Согоот багийн малчдын ногоон тэжээл тариалалтын туршлагыг улсын хэмжээнд сайн жишгээр авч үзэх болсон юм.
Улсын хошой аварга Ч.Даваацэрэн залуу малчдаа малжуулах, дэмжихэд ихээхэн зүтгэл гаргаж ирсэн. Сүүлийн 3 жилийн дүнгээр авч үзвэл 35 өрхөд нийт 1381 толгой мал өгч, малжуулахад зориулсан бол үржилд 1438 толгой мал, эдийн засгийн эргэлтэд 2175 толгой мал оруулж аж ахуйн үйлдвэрлэлээ дэмжиж байна.
2025 оны эцсийн байдлаар түүний малын тоо 2119 толгойд хүрчээ. Сүүлийн гурван жилийн дундаж үзүүлэлтээс харахад нийт малд хээлтэгчийн эзлэх хувь 40.9–57.2 хувьд хүрсэн нь сүргийн нөхөн үйлдвэрлэл тогтвортой байгааг илтгэнэ. 100 эхээс 100 төл бойжуулсан амжилт үзүүлсэн нь мал маллах арга туршлага, арчилгаа маллагааны чанарыг харуулж байна. Түүнчлэн өөрийн бэлтгэсэн 850 тонн өвс нь өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг хангахад чухал нөөц болжээ.
Түүний олон жилийн хөдөлмөр зүтгэлийг нь төр засгаас өндрөөр үнэлж, 2007 онд “Аймгийн аварга малчин”, 2014 онд “Улсын сайн малчин”, 2017 онд “Хөдөлмөрийн хүндэт медаль”, 2025 онд “Алтан гадас” одон-гоор тус тус шагнасан бол 17 дугаар жарны Гал морин жилийн босгон дээр ийнхүү “Улсын хошой аварга” малчин боллоо.
Бэлчээрээ хуваарилж малаа оторлох, малаа урт богино хөлөөр нь ялгах, цаг агаар, нар сарны байдал, өвс ургамлын болц шимийг харах, зун, намрын тарга тэвээрэг авхуулах гээд малч ухааны далай барагдашгүй.
Малч ухаан, малч удмаа өвлөн яваа шинэхэн хошой аваргууд Ч.Даваацэрэн, Д.Дашдаваа нар бол Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын шинэ зууныг түүчээлсэн түүхийн эзэд юм.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.