0

БХЯ-ны харьяа Цэргийн дуу бүжгийн Эрдмийн чуулгаас анх санаачлан Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагад олон жил үр бүтээлтэй ажилласан, олон хүүхэд төрүүлж өсгөсөн, гэр бүл, үр хүүхдүүд нь тус салбарт амжилттай ажиллаж байгаа, баялаг түүх намтартай, бахархан дуурайх гэгээн үйлстэй ээжүүдийг алдаршуулан өргөмжлөх, тэдний үйлс бүтээлийг сурталчлан таниулах зорилготойгоор зохион байгуулагдаж эхэлсэн “Хатан ижий” ёслол хүндэтгэлийн арга хэмжээ болж өндөрлөлөө.
Энэ жилийн “Хатан ижий”-гээр Ц.Донгормаа /ЗХ-ний 016-р нэгтгэл/, Г.Бямба /ҮБХИС/, А.Тотгус /ЗХ-ний 123-р анги/, Д.Алтанцэцэг /ЗХ-ний 016-р нэгтгэл/, Л.Баярцэцэг /Дотоодын цэргийн 805-р анги/, Э.Мягмарсүрэн /ОБЕГ/, О.Цэцэгмаа /ЗХЖШ/, Ж.Батцэцэг /ШШГЕГ/, Р.Энх-Амгалан /ХХЕГ/ нарын 9 ээж тодорч, “Хатан ижий-2026” хүндэтгэлийн эзэд боллоо.
2026 оны “ Хатан ижий” –гээр шалгарч өргөмжлөл хүртэж буй ээжүүдийн хамгийн залуу нь 63, хамгийн ахмад настай нь 84 настай, мөн 4-8 хүүхэд төрүүлж өсгөсөн, одоо гэр бүлээс нь төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагад хань, хүүхдүүд, хүргэн бэр, ач зээ зэрэг 5-9 хүн алба хааж байгаа ээжүүд байна. Энэ жилийн Хатан ижий нар нь Говь-Алтай, Хэнтий, Хөвсгөл, Өвөрхангай аймгаас хүндэтгэлийн ажиллагаандаа ирж оролцож байгаа юм.
Хүндэтгэлийн арга хэмжээний цар хүрээ жилээс жилд өргөжин тэлж, хатан ээжүүд нэгдэн НҮТББ-г байгуулж, соёл олон арван үйл ажиллагааг зохион байгуулан, “Хатан ижий” намтарчилсан фото номыг хэвлүүлэн ээжүүдийнхээ гавьяаг мөнхжүүлсний зэрэгцээ хугацаат цэргийн алба хаагчидтай хамтарсан дурсамж өдөрлөг зохион байгуулж, Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагад ажиллаж буй ээжүүд, эмэгтэйчүүдийнхээ гавьяаг түмэн олонд түгээн дэлгэрүүлэх, гэр бүлийн сайн сайхныг нийгэмд сурталчлах агуулга бүхий нэвтрүүлгийг бэлтгэн үзэгчдийн хүртээл болгосон зэрэг томоохон зорилтот ажлуудаа төлөвлөн хэрэгжүүлээд байгаа юм.



Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.