0

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын гишүүний ёсзүй, хариуцлагын асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах хуулийн төслийг санаачилж, өргөн барихаар болсон. Үүнийг олон нийт ихэд таатай хүлээн авч байна. Харин чамгүй олон гэмтэн бий учраас УИХ-ын гишүүд чухам яаж хүлээж авахыг таашгүй. Юутай ч УИХ-ын гишүүдэд итгэл өгч сонгосон сонгогч олон тань 100 хувь хүлээн зөвшөөрөх төдийгүй алга ташин хүлээн авлаа. Тэр ч бүү хэл түмэн олон “Ерөнхийлөгчийн хууль” хэмээн нэрлээд дэмжиж байгааг юу гэхэв. Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн энэхүү хууль парламентын босго давах нь гарцаагүй.
УИХ-ын гишүүн, сайд Та авлига аваагүй бол, хулгай дээрэм хийгээгүй, ёс зүйн хэм хэмжээ алдаагүй бол үүнийг дэмжих нь зүйн хэрэг биз. Мэдээж хэрэг, өөрийгөө авлигач, хулгайч, ёс зүйгүй нэгэн гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа бол түмний нүдэн дээр хуулийг хүлээж авахгүй л биз. Энэ сарын 16-ны өдөр УИХ-ын чуулган нээхтэй зуузай холбон улс төрд халуухан үйл явдлууд өрнөнө. Дор дурдсан гишүүдээс Д.Амарбаясгалан, Х.Булгантуяа нарыг лав УИХ-ын гишүүнээс эргүүлэн татаж салхи хаглах чимээ бий. Мөн сөрөг хүчнээс Засгийн газартай “тооцоо бодно” гэх. Энэ бүхий л дуулиан дундуур “Ерөнхийлөгчийн хууль” орж ирнэ, хэл ам дагуулаад УИХ-ын босго давдаггүй Хөрөнгө оруулалтын тухай хууль, Хөрөнгө хураах хуулиудыг оруулж ирнэ гэдгээ Спикер мэдэгдэнэ лээ. Энэ Хаврын чуулгантай дөрөө харшуулан улс төр халуухан өрнөх нь гарцаагүй харагдана.
Гагцхүү “Ерөнхийлөгчийн хууль” хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэхэд УИХ-ын гишүүдээс хэн хэнийг эргүүлэн татах вэ гэдгийг хүргэх гээд үзье. Дашрамд дурдахад энд өдгөө яллагдагчаар татагдаад буй болон шүүхийн шатанд хэрэг нь хэлэлцэгдэж байгаа гишүүд, одоогоор ёс зүйн хариуцлагад татагдаад байгаа гишүүд, мөн Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярын хариуцлагатай байр сууриас түүвэрлэн хүргэж байгааг анхаарна уу.
ЕРӨНХИЙ САЙД АСАН, УИХ-ЫН ГИШҮҮН Н.АЛТАНХУЯГ
Түүнийг “Хөгжлийн банк”-ны гэх хэрэгт буруутган, Эрүүгийн хуулийн 22.1-2 дахь хэсэгт заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх зүйл ангиар буруутгаж байна. Тухайлбал, Засгийн газрын тэргүүнээр ажиллаж байхдаа Хөгжлийн банкны хөрөнгөөр "Говийн зам" ХХК-ийн барьсан замыг улсад худалдан авах шийдвэр гаргасан, Мөн 2014 онд "Бэрэн" группт зээл олгоход хууль бусаар нөлөөлсөн гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн байдаг. Үүнийг цагаатгасан ч дөрвөн прокурорын эсэргүүцэл бичсэнээр өдгөө шүүх хурал нь үргэлжилж байна.
УИХ-ЫН ДАРГА АСАН, УИХ-ЫН ГИШҮҮН Д.АМАРБАЯСГАЛАН
Д.Амарбаясгаланг “Бор тээг”-ийн уурхайн асуудлаар буруутган, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дэх зүйлийн нэгдүгээр хэсэгт заасан улс төрд нөлөө бүхий этгээд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, их хэмжээний хахууль авах болон улс төрд нөлөө бүхий этгээд үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэсэн зүйл ангиар буруутгаад байна.
ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН, УИХ-ЫН ГИШҮҮН Х.БАТТУЛГА
Ерөнхийлөгч асныг Ухаа худаг-Гашуун сухайт чиглэлийн 267 км төмөр замын бүтээн байгуулалтын ажлын эрх шилжүүлэх гэрээ нэрийн дор БНСУ-ын “Самсунг Си энд Ти” компанид тендергүй олгосон. “Шинэ төмөр зам” бүтээн байгуулалтын төслийг хэрэгжүүлэх шатанд албан тушаалаа хэтрүүлэн ашиглаж улсад онц их хэмжээний хохирол учруулсан зэрэг хэрэгт холбогдуулан Эрүүгийн Цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс хамтарсан ажлын хэсэг гаргаж шалгаж байгаа.
УИХ-ЫН ДЭД ДАРГА АСАН, УИХ-ЫН ГИШҮҮН Х.БУЛГАНТУЯА
Түүнийг Төрийн эрх барих дээд байгууллагын эрх мэдлийг хууль бусаар авах зорилгоор үгсэн тохирч хүчирхийллийн аргаар авахад бэлтгэсэн, зохион байгуулсан, оролцсон гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаад байна.
УИХ-ЫН ГИШҮҮН, БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР
Б.Батбаатарыг Иргэний зориг ногоон намын дарга байх чадамжгүй, сайд болоод их хэмжээний мөнгө идсэн талаар ИЗНН-ын төлөөлөл АТГ-ын гадаа мэдээлэл хийсэн. Улмаар түүний хууль бус байж болзошгүй үйлдлүүдийг АТГ-т шалгуулахаар өгсөн. Тэгээд ч түүнийг 2025 оны аравдугаар сараас хэрэг бүртгэлтийн хэрэг үүсгэн шалгаж байгааг АТГ-аас мэдэгдсэн. Б.Батбаатарыг Эрүүгийн хуулийн 22.1.3 буюу эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт шалгаж байгаа юм. Хэрвээ түүнийг гэм буруутай гэж үзвэл нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар хасаж таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх аж.
УИХ-ЫН ГИШҮҮН Э.БОЛОРМАА
Э.Болормааг Эрүүгийн хуулийн 14.5 дугаар зүйл "Иргэн сонгуулийн эрхээ эдлэх, сонгуулийн хорооны ажилд саад хийх" буюу 2.3-т заасан сонгогчийг эд хөрөнгө, мөнгөөр татаж санал худалдан авч үйлдсэн гэсэн зүйл ангиар яллагдагчаар татсан. Тэрбээр гаднын хөрөнгө оруулалттай “Ханбогд Эксплорайшн” компаниас 30 сая төгрөгийн хандив авсан байдаг.
УИХ-ЫН ГИШҮҮН С.ГАНБААТАР
С.Ганбаатарт тулган шалгаж байгаа зүйл анги гурав байгаа. Тухайлбал, Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйл. 2.3 дугаар зүйл, 22.4 дүгээр зүйл ангийн дагуу мөнгө угаах, албан тушаалтан албаны чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг урвуулан ашиглах, Нийтийн албан тушаалтан хахууль авах, Үндэслэлгүйгээр хөрөнгөжих зэрэг хэрэгт буруутган яллагдагчаар татаад байна.
УИХ-ЫН ГИШҮҮН ЗАМ, ТЭЭВЭР ХӨГЖЛИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН
Б.Дэлгэрсайхан сайдыг Улсын хилийн 0.9-2.5 км-ийн зурваст буюу гадаад худалдааны голлох 10 боомт орчимд хууль бусаар 34,227 га газар олгосон. Засгийн газрын 2022 оны 95, 349, 2025 оны 262 дугаар тогтоолууд хууль зөрчсөн гэж дүгнэсэн. “Боомт хөгжүүлнэ”, “Эдийн засгийг дэмжинэ” нэрээр халхавчилсан газрын хулгайн хэрэгт холбосон. Мөн Засгийн газрын 2022 оны 95, 349 дүгээр тогтоолын дагуу автомат удирдлагатай чингэлэг тээврийн терминал байгуулах зорилгоор “Смарт эко транс” ХХК-тай байгуулсан гэрээ болон Гашуунсухайт боомтод газар ашиглах гэрээгээр буруутгасан.
УИХ-ЫН ГИШҮҮН Ц.МӨНХТУЯА
Тэрбээр өөрийг нь шүүмжилсэн иргэнд хандан зүй бус үг хэлж, бухимдаж буйгаа олон нийтийн сүлжээнд илэрхийлсэн. Тиймээс АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл Ц.Мөнхтуяад олон нийтийн сүлжээгээр тархаж буй бичлэгийн агуулга нь АН-ын гишүүн, УИХ-ын гишүүний хэм хэмжээг зөрчиж байгаа тул ёс зүйн асуудал дээрээ онцгой анхаарахыг сануулсан. Тэрбээр цахим сүлжээгээр уучлал гуйгаад өнгөрсөн. Харин “Ерөнхийлөгчийн хууль”-иар бол Ц.Мөнхтуяа гишүүний ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн үйлдэл нь эргүүлэн татах үндэслэл болох юм байна.
СОЁЛ СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН САЙД АСАН, УИХ-ЫН ГИШҮҮН Ч.НОМИН
Түүнийг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдаар ажиллаж байхдаа тогтоол гаргаж "Тамгагүй төр" жүжгийг олон улсад тоглуулахад дэмжлэг үзүүлэх нэрээр мөнгө авсан, мөн “Go Mongolia” брэндээр дамжуулж санхүүгийн луйвар хийсэн гэх зэрэг хэрэгт урьдчилсан байдлаар буруутгаад байна.
УИХ-ЫН ГИШҮҮН М.НАРАНТУЯА-НАРА
УИХ-ын гишүүн М.Нарантуяа буюу Нара нь олон нийтийн сүлжээгээр өөрийн хаягаар шууд дамжуулалт хийж, бараа сурталчилж, гишүүн болсноос хойш удаа дараа олон нийтийн сүлжээгээ шууд дамжуулалт хийж бараа сурталчилсан, албан болон хувийн ажлаар гадаадад явах зөвшөөрөл УИХ-ын даргаас аваагүй, чуулганы хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр оролцоогүй зэрэг үндэслэлүүдээр ёс зүйн зөрчил гаргасан байж болзошгүй учраас УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хороог энэ талаар авч хэлэлцэж, арга хэмжээ авахыг УИХ-ын Тамгын газраас үүрэгдсэн. Мөн олон нийтийн сүлжээнд хэрүүл маргаан үүсгэж зүй бусаар харилцдаг зэрэг асуудлаар хариуцлага үүрэх юм байна.
ЕРӨНХИЙ САЙД АСАН, УИХ-ЫН ГИШҮҮН Л.ОЮУН-ЭРДЭНЭ
Түүнд маш олон асуудал байгаагаас Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг зөрчиж, улсын хилийн зурваст байрлах хилийн 10 боомтын орчимд, улсын хилээс 0.9–2.5 км-ийн зайд байрлалтай, нийт 34,227 га газар ашиглуулах шийдвэр гаргасан. "Эрдэнэс Оюу-Толгой" компаниас нууцын тамгатайгаар 20 сая ам.доллар авсан гэх мэт асуудалд буруутгагдсан.
УИХ-ЫН ГИШҮҮН Б.ПУНСАЛМАА
Б.Пунсалмаагийн хамаарал бүхий “Хос мөнгөн зам” компаниараа Сонгино сум-Хяргас нуурын зүүн хаяа чиглэлийн 135 км авто замын тендерийг авч, уг ажлаа БНХАУ-ын “Шинжиан Шинфа” ХХК-иар гүйцэтгүүлсэн ч санхүүжилтийг нь өгөөгүйн улмаас БНХАУ-ын компани зарга үүсгээд байгаа нь баримтаар батлагдаж байгааг эх сурвалжууд дурдсан. Ямартай ч энэ асуудлаар шалгагдахад хүрвэл УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзэж байж шалгуулах юм байна.
УИХ-ЫН ГИШҮҮН, ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА Ц.САНДАГ-ОЧИР
УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очирыг Үндсэн хуулийн 3.2 дахь хэсэгт “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, авахаар завдахыг хориглоно” гэж заасан. Тиймээс УИХ Үндсэн хууль зөрчсөн томьёоллоор санал хураалт явуулсны үндсэн дээр Ерөнхий сайдыг огцруулж, томилоход хүрвэл төрийн эрх мэдлийг хууль бусаар авахыг завдсан гэх үндэслэлээр буруутгагдаж байгаа.
УИХ-ЫН ГИШҮҮН П.САЙНЗОРИГ
УИХ-ын гишүүн П.Сайнзоригийг Үндсэн хуулийн 3.2 дахь хэсэгт “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, авахаар завдахыг хориглоно” гэж заасан. Тиймээс УИХ Үндсэн хууль зөрчсөн томьёоллоор санал хураалт явуулсны үндсэн дээр Ерөнхий сайдыг огцруулж, томилоход хүрвэл төрийн эрх мэдлийг хууль бусаар авахыг завдсан гэх үндэслэлээр буруутгагдаж байгаа. Одоо ч зодооны асуудлаар яллагдагчаар татагдчихсан байна.
БООМТЫН СЭРГЭЛТИЙН ҮНДЭСНИЙ ХОРООНЫ ДАРГА АСАН, УИХ-ЫН ГИШҮҮН Б.ТУЛГА
Сайд асан Б.Тулгыг Боомтын сэргэлтийн үндэсний хорооны даргаар ажиллаж байхдаа Засгийн газар огцрохоос өмнө өөртөө даалгавар өгч, хилийн зурвас дахь 34 мянган газрыг өөрийнхөө байгуулсан Боомтын хөгжлийн корпорацад шилжүүлсэн гэх асуудлаар шалгахаар байгаа.
УИХ-ЫН ГИШҮҮН ДАВ.ЦОГТБААТАР
Түүнийг Хөгжлийн банкны хэлтсийн захирлаар 2016-2020 онд ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, “Мон дулаан”, “Газ импорт”, “Бэрэн” компанид давуу байдал олгосон хэргээр шалгагдан, 2023 оны долоодугаар сард Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс нийтийн албанд томилогдох эрхийг нь хоёр жил хасаж, 20 сая төгрөгөөр торгох ял оноосон байдаг. Улмаар анхан шатны шүүхийн шийдвэрийг 2024 оны арванхоёрдугаар сарын 11-нд Улсын дээд шүүхээс хэвээр үлдээсэн гэхээр ялтай гишүүн УИХ-д сууж байна гэсэн үг.
АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН САЙД АСАН, УИХ-ЫН ГИШҮҮН Ц.ТУВААН
“Харбины гэрээ”-ны асуудлаар шалгагдах магадлалтай хүн бол Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд асан Ц.Туваан. Түүнийг нүүрсний биржийн үнэ 100 ам.доллар байхад 95 ам.доллароор нүүрсээ зарах боломжтой байсныг 50 ам.доллар болгон буруулсан асуудалд буруутгагдана. Тиймээс Монгол Улс 35 их наяд төгрөгийн алдагдал хүлээнэ гэдгийг эх сурвалжууд хэлж байгаа. Гэхдээ энд Ц.Туваан ганцаараа биш, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын зарим сайдууд хамаарна. Үүнээс үүдэн шалгагдах магадлалтай.
С.Данзан
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.