0

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Улсын Их Хурлын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой "УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай" хуулийн төслийг өнөөдөр (2026.03.09) УИХ-д өргөн барилаа. Хуулийн төслийг өргөн барьсан талаар Ерөнхийлөгчийн тамгын газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг мэдээлэл өглөө.
Тэрбээр, "Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой буюу УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Ж.Үйлстөгөлдөр УИХ-ын дарга Н.Учралд өргөн барилаа. Уг хуулийн төсөл D-Parliament албан ёсны цахим хуудаст нээлттэй тавигдана. Ингээд УИХ-аар хэлэлцэнэ. Хуулийн гол үзэл баримтлал бол, 1992 онд Үндсэн хуульд тусгагдсан УИХ-ын гишүүний бүрэн эрхийг дуусгавар болгох буюу эгүүлэн татахтай холбоотой хуулийг органик хуулийнх нь хүрээнд тодорхой болгож өгч байгаа юм. Өнөөдрийг хүртэл хэрэгжихгүй, тодорхой бус яваад байсныг хуулийн хүрээнд тодорхой болгоно гэсэн үг. УИХ-ын гишүүний амлалт гэдэг бол хий хоосон зүйл биш. Энэ бол хуулийн зүйл заалттай, хариуцлага хүлээх ёстой зүйл.
Хуулийн төсөлд тусгасан заалтуудын тухайд, УИХ-ын тухай хуулийн 7.2-т УИХ-ын гишүүний тангараг гэж бий. Энэ тангарагт "ёс зүйн хэм хэмжээг чандлан сахих" гэдэг үг нэмж байгаа юм.
Мөн УИХ-ын гишүүн чуулганы нийт хуралдааныхаа 70-аас доошгүй хувьд нь биечлэн оролцоогүй бол эгүүлэн татагдах үндэслэл бий болно. Эгүүлэн татах өргөдлийг иргэд сонгогчдын зүгээс УИХ-ын Ёс зүйн дэд хороонд гаргана. Ингээд асуудлыг дэд хороо болон УИХ-ын чуулганаар нээлттэй хэлэлцэнэ. Харин эцсийн шийдвэрийг Үндсэн хуулийн цэц тогтооно. Ийм гурван шат дамжлагатай.
Мөн УИХ-ын гишүүний гэм буруутай нь шүүхээр тогтоогдвол эгүүлэн татах зохицуулалтыг илүү тодорхой болгож байна.
Хуулийн төслийг батлагдсан өдрөөс нь хэрэгжүүлнэ гэж тусгасан" хэмээн хэллээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.