0

Хаврын чуулган алх цохиход цөөн хоног үлдэж. Тэргүүн сар өндөрлөх цагаар эхлэх Хаврын чуулган халуухан болохоос гадна улс төрд олон үйл явдал өрнөнө. УИХ-ын чуулганы хөшиг нээхтэй зуузай холбон, гадаа талбайд ч үйл явдал өрнөх бололтой. Мөн Засгийн газрыг огцруулах асуудлыг ч сөрөг хүчнээс тавих байх. Нэр бүхий гишүүдийг эгүүлэн татах асуудал ярина гээд олон зүйл өрнөнө. Энэ удаагийн Хаврын чуулганаар 30 орчим хуулийн төсөл хэлэлцэхээр төлөвлөсөн гэдгээ танилцуулсан. Үүнээс олны анхааралд байгаа гурван хуулийг онцлон хүргэж байна. Үүнд Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн “УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хууль”, УИХ-ын гишүүн О.Алтангэрэлээс өргөн барьсан “Хөрөнгө хураах тухай хууль” Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатарын өргөн барьсан “Хөрөнгө оруулалтын тухай хууль”-иуд олны анхаарлын төвд бий.
Анхаарлын төвд байхаас гадна нийгмийг хамарсан маргаан дэгдээх хууль ч хэлэлцэнэ. Гэхдээ УИХ-ын дарга Н.Учрал эдгээр хуулиудыг онцлон дурдаад “Хаврын чуулганаар хэлэлцүүлэн батлуулна” гэдгээ хэлсэн. Энэ нь ч зөв. УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах эрх зүйн орчин бүрдэхээр парламентын уур амьсгал, хандлага өөрчлөгдөнө. Ерөнхийдөө эерэг талд нь авчирна гэсэн хүлээлт бий. Үнэнийг хэлэхэд тэднийг нэг цэгцлэх цаг нь болсон.
Хөрөнгө оруулалтын тухай хууль батлахаар сөхрөөд буй эдийн засагт чамгүй тэлэлт бий болно гэж үзэж буй. Одоогоор манай хууль, эрх зүйн орчин таатай бус учраас гадны хөрөнгө оруулагчид орж ирэхгүй байгаа нь дотоодын эдийн засагт таагүй нөлөөлдөг. Хэрэв энэ хууль батлагдвал бүх зүйл тодорхой болж, гадныхан мөнгөө бариад орж ирнэ гэсэн хүлээлт бий. Мэдээж асар их маргаан дагуулна. Гэхдээ одоо талбайд санаатай санаагүй жагссан “эх оронч”-доос айж суух цаг биш. Хөрөнгөө оруулъя, даанч танай хууль, эрх зүйн орчин таатай биш, тогтворгүй байна гээд байгаа гадныханд энэ хуулиа батлаад хаалга үүдээ нээж өгөх цаг нь болсон. Тэгж гэмээ нь сөхөрч ядсан эдийн засагт нэмэр тус болно.
Мөн Хөрөнгө хураах тухай хууль батлагдахад маш олон хүнээс улсын сан хөмрөгт хөрөнгө төвлөрнө гэж үзэж байгаа. Томоохон орд газрууд, түүнийг дагасан лицензээс эхлэх байх. Мөн барилга байгууламж, хувьчлал нэрээр луйвардаад авчихсан үйлдвэр объект гээд юу эс байх билээ. Энэ утгаараа Хөрөнгө оруулалтын тухай, Хөрөнгө хураах тухай хуулиудаас ихээхэн зүйл хүлээж байгаа. Бидэнд Хөтлийн цемент шохойн үйлдвэрийг хувьчлал нэрээр авчихсаныг Төрд эргүүлэн авсан гэх мэт туршлага ч бий. Тус хуульд “...2003 оноос хойш авлигын хэргээр ял авсан ч хөрөнгөө хураалгаагүй үлдсэн хүмүүсийн хөрөнгийг хураана...” хэмээн онцлон заасанд ихээхэн учир бий. Тэгэхээр Хаврын чуулганы гол сенсааци онцлох гурван хуультай танилцъя.
УИХ-ЫН ГИШҮҮНИЙ ЭГҮҮЛЭН ТАТАХ ТУХАЙ
Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль буюу “УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хууль”-ийг өчигдөр өргөн барьчихсан, шуудхан хэлэлцэж таарна. Тус хууль нь чамгүй маргаан дагуулж байгаа ч сонгогч олон ихээхэн таатай хүлээн авч байгаа. Тэгэхээр ард түмнээс сонгогдсон УИХ-ын гишүүд маань хэрхэн хүлээж авахыг харах л үлдлээ. Тус хуулиар УИХ-ын гишүүн хэмжээлшгүй олон эрхийг хязгаарлаж байгаагаараа онцлогтой. Хуульд гишүүн өргөсөн тангаргаасаа няцсан, гишүүний ёс зүйн дүрмийг ноцтой болон удаа дараа зөрчсөн, гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн эцсийн шийдвэрээр тогтоогдсон бол УИХ-ын Ёс зүйн дэд хороо, УИХ-ын нэгдсэн чуулганаар заавал нээлттэй хэлэлцэж, Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрээр эгүүлэн татахаар тусгасан. Мөн УИХ-ын гишүүн УИХ-ын ээлжит чуулганы хуралдааны 70-аас доошгүй хувьд хүрэлцэн ирсэн, ээлжит чуулганы санал хураалтын 70-аас доошгүй хувьд биечлэн оролцсон байх шаардлагатайг тусгажээ.
Түүнчлэн УИХ-ын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн “ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж,” гэсний дараа “ёс зүйн хэм хэмжээг чандлан сахиж,” хэмээн нэмж тусгасан байна. Тэгэхээр хэрвээ энэ хууль одоо хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа гэж үзвэл хуралдаа суудаггүй Х.Баттулга, гэмт хэрэг өдүүлсэн нь шүүхээр тогтоогдсон Д.Цогтбаатар, ёс зүйн хэм хэмжээг хэтрүүлсэн М.Нарнтуяа, Ц.Мөнтуяа нар лавтай эгүүлэн татагдах нь тодорхой харагдаж байна. Энэ хууль чамгүй маргаан дагуулах ч УИХ-ын босгоор давах нь дамжиггүй. Гэхдээ үүнийг нам эвсэл, улстөрчид нэгнээ “намнах”, өс авах зэргээр ашиглаж болох талтай гэдгийг судлаачид ярьж байгааг ч бодолцох ёстой. Нөгөө талаас ардчилсан парламент ёс, ард иргэдийн сонголтыг үгүйсгэсэн хууль гэж байгаа. Сонгогчдын эрх гэж байгаа ч сонгогчид нь өөрсдөө энэ хуульд туйлын дуртай байгааг юу гэх вэ. Энэ мэтээр мэр сэр маргаан дэгдэж таарна. Мэдээж хэрэг бүх зүйл нь тодорхой болчихсон Д.Цогтбаатар гишүүнээс эхлээд яаж дуртай байхав. Эдгээр нөхдүүд нэгдээд Төрийн ордны гаднаас ч нөлөөллийн ажиллагаа явуулахыг үгүйсгэхгүй. Тус хуульд харшлах олон гишүүн байгаа хойно.
ХӨРӨНГӨ ХУРААХ ТУХАЙ
УИХ-ын гишүүн О.Алтангэрэл Хууль зүй дотоод хэргийн сайдаар ажиллаж байхдаа “Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураах, нөхөн төлүүлэх тухай хууль”-ийн төсөл өргөн барьсан нь олигархуудын айдастай хамт бэлэн бий. Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр “О.Алтангэрэлийн "Хөрөнгө хураах хууль" УИХ-ын мэдэлд байгаа” гэж мэдэгдэнэ лээ. УИХ-ын дарга Н.Учрал тус хуулийг хэлэлцэн батална гэдгээ олон нийтэд зарласан. Тэгэхээр энэ хууль батлагдаж, ил далд хураасан хумьсан ихэс дээдсийн хөрөнгө улсын орлого болох юм байна. Гэхдээ ихэнх нь өөр газарт, өөр нэр дээр шилжсэн биз ээ. Хуульчдын ярьж байгаагаас үзэхэд хууль бус хөрөнгө хаанаас гараад хэзээ хаана очсоныг нь мөшгөн илрүүлж хураах юм гэнэ. Тэгэхээр асуудалгүй биз.
Өдгөө ч бидэнд хөрөнгө хураах тухай хууль үйлчилж, хамгийн сүүлд гэхэд хууль бусаар хөрөнгөжсөн хэмээн С.Баярцогт, Т.Аюурсайхан нараас дөрвөн тэрбум орчим төгрөгийн эд хөрөнгө хураасан байдаг. Харин энэ хуульд 10, 20 жилийн өмнө хууль бусаар хөрөнгө завшсан хүмүүсийн хөрөнгийг хураах тухай зохицуулалт байдаггүй аж. Тиймээс О.Алтангэрэл гишүүний өргөн мэдүүлсэн хуульд “2002 оноос хойш авлигын хэргээр ял авсан ч хөрөнгөө хураалгаагүй, өршөөгдсөн хүмүүсийн, улстөрч, нийтийн албан тушаалтны хөрөнгийг хураана” гэж заасан гэхээр ялаа эдлээд хөрөнгөө хураалгаагүй хүмүүс ч багтах юм байна. Өөрөөр хэлбэл “би ялаа эдэлчихсэн” гээд байж болохгүй аж. Түүнчлэн энэ нь нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг иргэний журмаар нөхөн төлүүлэх, хурааж авах тухай гэж өөрчлөөд субъектүүдийг нь төрийн өндөр албан тушаалтнуудаас эхлэх байдлаар өөрчилжээ. Энэ хуулийн маргаан нэг хэсэг үргэлжилнэ. Гэхдээ энэ нь жирийн ард түмэнд тийм ч хамаагүй учир дээрээ зодолдоод өнгөрөх байх. Өдгөө Төрийн өндөр дээд алба хашиж байгаа хүмүүс ч багтана. Өнөөдөр алба хашаагүй ч улс төрд нөлөөгөө алдаагүй, одоо ажиллаж байгаа нөхдөөр гар хөлөө хийсэн олигархууд зүгээр суухгүй байх.
Ямар нэгэн байдлаар нөлөөлөх гэж оролдоно. Өнөөх л нэгдэл коммуны үеийг яриад араас нь “Муусайн коммунистууд ард түмнээ дээрэмдлээ” гэх зэрэг давлагаа нийгэмд үүсгэнэ. Үнэн хэрэгтээ энд ард түмэн байхгүй. Цөөн тооны хулгай ч л бий. Тэдний хөрөнгийг хураах хэрэг. Тус хуулийг УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Х.Баттулга гээд парламентад хөрөнгөө тайлбарлаж чадахгүй олон гишүүн бий. Тэд хуулийг таатай хүлээж авахгүй. Төрийн “хашаа”-наас гадна “Эм Си Эс”-ийн Ж.Оджаргал, жүжигчин Д.Сосорбурам болон Т.Бадамжунай тэргүүтэй сайд, гишүүн аснууд ч таатай хүлээж авахгүй.
ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТУХАЙ ХУУЛЬ
Эдгээр дундаас хамгийн их маргаан дагуулах нь Хөрөнгө оруулалтын тухай хууль. Анх Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар уг хуулийг оруулж ирээд хад мөргөсөн бол УИХ-ын гишүүн П.Сайнзориг нь хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, хууль эрх зүйн баталгааг хангах чиглэлд анхаарч, Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулга болон холбогдох хууль тогтоомжийн төслүүд дээр ажиллаж байна гэж яваад аанай л хад мөргөсөн. Мэдээж хэрэг гадаадын хөрөнгө татаж, тэдэнтэй хууль эрх зүйн хүрээнд харилцан ашигтай ажиллах зарчим байгаа. Хөрөнгө оруулалтын тухай хуулийг шууд утгаар нь үгүйсгэж байгаа зүйл алга. Хамгийн гол нь шинэчилсэн найруулгын төсөлд үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн, хүн ам зүйн бодлогод нөлөөлөх заалт бий хэмээн эсэргүүцэж байгаа. Тиймээс ч эрх баригчид 2024 оны сонгууль тулсан үед хасах оноо авчирч магадгүй хууль батлаад яахав гээд хойш тавьсан.
Харин УИХ-ын дарга Н.Учрал “Хэдий болтол эх орон гэж цээжээ дэлдсэн хүмүүсээс айж хууль батлахгүй байх юм. Хаврын чуулган эхлэхээр Хөрөнгө оруулалтын тухай хуулийг батална” гэдгээ мөн олон нийтэд хэлсэн.
Анх 1993 онд Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль гэж батлагдаж байсан. Ингэхдээ гадаадын иргэнд газрыг 60 жил+40 жилээр ашиглуулна гэж орсон. Тэгвэл 2013 онд Хөрөнгө оруулалтын тухай хуулийг өөрчлөхдөө “эзэмшүүлнэ” гэх үг нэмсэн нь Үндсэн хууль зөрчсөн заалт байсан. Түүнээс бус 60, 40 жил гэсэн заалт хэвээрээ. Өөрөөр хэлбэл 1993, 2013, одоо өргөн бариад байгаа Хөрөнгө оруулалтын тухай хуульд 60, 40 жил нь хэвээрээ байна.
Мөн 2013 оны нэг дэвшил нь бол “Гаднын хөрөнгө оруулагч компаниар бүртгүүлэхэд 100 мянган ам.доллароос эхлэн босго тавьж, тухайн компанийн 25 хувиас дээш хувийг эзэмшиж байгаа этгээдийг гадаадын хөрөнгө оруулагч гэж үздэг болгосон бөгөөд дөрвөн компани 25 хувь дээр нийлээд хөрөнгө оруулалт хийлээ гэхэд тухайн дөрвөн оролцогчоос тус бүрд нь 100 мянган ам.доллар /нийт 400 мянган ам.доллар/ авдаг заалт оруулсан.
Харин Ч.Хүрэлбаатарын өргөн бариад байгаа Хөрөнгө оруулалтын тухай хуульд 100 мянган ам.долларын босгыг тэглэчихсэн. Гэхдээ Үндсэн хууль зөрчиж байгаа “эзэмшүүлнэ” гэх үгийг авсан. Үүнээс юу харагдаж байна вэ гэхээр ямар ч хөрөнгө оруулахгүй хаанахын хэн гэдэг хүнд Хөрөнгө оруулалтын тухай хууль өргөн барьж, хэнд зориулаад байгаа юм гэдэг тухай маргаан үүсдэг. Мөн нэг сая төгрөгийн дүрмийн сантай компани байгуулахад л манай хөрөнгө оруулалтын тухай хуулиар газар ашиглаж, Монгол Улсад амьдарч болно гэсэн заалт бий. Гэтэл хятадад ядуу хүн олон сая бий. Тэд орж ирээд суучихвал яах вэ гэдэг асуудал ч хөндөж байсан.
Нэг талаараа Хөрөнгө оруулалтын тухай хууль гэж нэрлэчхээд газар олгох тухай хууль яриад байгааг ч хөндсөн Газрын тухай хуульд зааснаар бол Газрын тухай хуулийн 8.1-д “газар ашиглах, эзэмших эрх нь субъект, ашиглах зориулалт, хэмжээ, хугацаа зэргээрээ өөр өөр байдаг. Тухайлбал, субъектийн хувьд зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлдэг” гэж заажээ. Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу гадаадын хөрөнгө оруулалттай компани Монгол Улсын хуулийн этгээд мөн боловч Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлд зааснаар газар эзэмших бус зөвхөн ашиглах эрхтэй. Түүнчлэн гадаадын хөрөнгө оруулалттай компанийг зөвхөн газар ашиглах эрхтэй байхаар Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д “Төрөөс гадаадын иргэн, хуулийн этгээд, харьяалалгүй хүнд газрыг төлбөр, хугацаатайгаар болон хуульд заасан бусад болзол журмаар ашиглуулж болно” гэж тусгасан байдаг.
Энэ мэтээр хамгийн их маргаан дагуулах хууль бол Хөрөнгө оруулалтын хууль байна. Тус хуулийг хэлэлцэж эхлэхээр өнөөх “эх орончид” нь талбайд гарч ирнэ. Зарим нь ч ойлгоогүй, “газар нутаг минь” гээд дайрна. Зарим нь ойлгож байгаа ч хэргээр өдөөн турхирна гээд юм юм л болно.
С.Данзан
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.