dobu.mndobu

Ноёдын зодооноос улс орон, ард түмэн хожно

0

НийтлэлчAdmin

Огноо2026-03-16

Ноёдын зодооноос улс орон, ард түмэн хожно

Юуны өмнө онцолж дурдахад ноёд зодолдоогүй бол ард олон бид ихэс дээдсийнхээ олон олон хулгай дээрэм, авлигыг мэдэхгүй өнгөрөх байж. Тэд эрх мэдлийн төлөө тулалдаагүй бол нэг нэгнээ түмний өмнө барьж өгөхгүй, хамтдаа чимээгүйхэн хулгай дээрмээ хийж, бид дээрээ залсаар байх байв.  

Нийгэм, улс төр дажинтай, ард олон санхүүгийн хязгаартай, ихэс дээдэс маань хөөстэй тоо танилцуулчхаад дундаа үзэж байна. Ноёд зодолдох нэг талдаа ашигтай. Үүнээс улс орон, ард түмэн хожиж байсан түүх ч бий. Яг энэ мөчид ах намын үе үеийн лидерүүд хоёр талдаа гарчихсан зодолдож байна. 

Өнгөрөгч 2025 оны зуны эхэн сард хөллөсөн ах намын доторх зодоон нэгэн жилийн нүүр үзэхэд цөөн хоног үлдэж, ноёд маань муу савынхаа ёроолыг сэгсэрч дуусах шатандаа оржээ. Хөгжлийн банк, нүүрсний сонсголоос эхэлсэн далд зодоон явсаар өнгөрөгч оны зургаадугаар сард ил гарч ирсэн. Өнөөх л эрх мэдлийн төлөөх ноёдын зодоон болохоос бидний сайн сайхны төлөө зодолдоогүй л дээ. Гэхдээ ноёдын зодооноос бид хожих магадлал өндөр.

Ерөнхий сайдад Г.Занданшатар гэх далаад оны төлөөллийг МАН-ын даргад зүтгүүлж, нөгөө талаас наяад оны төлөөлөл Д.Амарбаясгалан өрсөлдөн гарч ирснээр ноёдын зодоон ил гарч эхэлсэн. Хууль зүй, дотоод хэргийн сайдын тамгыг атгах зорилго дор Б.Энхбаяр тухайн үеийн УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг Бор тээгийн уурхай, 30 сая ам.долларын авлига, хүн амины хэрэг хийсэн хэмээн олон нийтэд удаа дараа мэдээлэв. Д.Амарбаясгалан сэтгүүлчдийг цуглуулан, үүнийг няцааснаар гал авалцав. 

Б.Энхбаяр ч хүссэн сайдын суудалдаа очиж, олон баримт сэлт дэлгэсээр олон сарыг үдсэн ч тодорхой эзэд нь ямар нэг ял дөнгө авсангүй. Харин ч нүүрсний гэх хэргээр ял авсан Т.Аюурсайхан тэргүүтэй нөхөд суллагдан, унасан талыг дэвсэлж эхэллээ. Энэ мэт гал дундуур Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг АНУ-аас “Лхагвын тойм” нэвтрүүлгээр гурван цаг гаруй өөрийгөө өмгөөлж, Ерөнхийлөгч асан Х.Баттулга гэх хүнийг далд ортол муулав. 

Төд удалгүй Ч.Сайханбилэгийн мөрөөр Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ “Лхагвын тойм” нэвтрүүлгээр таван цаг гаруй Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг муулж, эцэст нь “Ахаа намайг бодоорой” гэв. Ингэхдээ Б.Энхбаяр сайдыг сонсгол нэрээр Бодь группээс олон зуун мянган ам.долларын авлига авсныг дэлгэлээ. 

Үүнээс өмнө Б.Энхбаяр сайд Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ, Боомтын сэргэлтийн сайд Б.Тулга, Зам тээвэр хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан нарыг хилийн дагуу газар зарсан хэргийг албан бусаар тохож, Л.Оюун-Эрдэнэ 20 сая ам.долларыг Оюутолгой компаниас гаргуулж авсан баримт дэлгэлээ.

Нөгөө талд УИХ-ын хаврын чуулган эхлэхийн өмнө яаран сандран Х.Булгантуяа гишүүн ТВ-д ярилцлага өгч, өөрийгөө болон багаа цэвэрлэхийг оролдлоо. Өнөөх л нүүрсний болон бусад нууц гэрээнүүд нь өдгөө пүү паа гэж байгаа өдгөөгийн Ерөнхийлөгчийг Ерөнхий сайд байхад өдгөөгийн Ерөнхий сайдыг УИХ-ын дарга байхад хийгдсэнийг дэлгэлээ. Гал авалцаж, одоо ч цурамд орох нь өнгөрөв бололтой. Урьд өмнө өчнөөн сонсгол хийж хавтаст хэрэг нээгээд энэ бүхэн ил гараагүй. Олны хэлдгээр жараахайнууд гох дэгээнд орсноор ард олныг хуурсан. Харин өнөөдөр ноёдын зодоон дундаас энэ бүхний цаана байсан тулууд ил болж байна. Хэрвээ ноёд маань дундаа зодолдоогүй бол мэдэхгүй үлдэж болох олон хулгай дээрэм, авлигын асуудал ил болсон. Одоо ахиад зодоон үргэлжилж лавшрахаар санаанд оромгүй хулгай дээрэм ил болох юм байна. 

Одоогийн байдлаар Б.Энхбаяр сайд Ерөнхий сайд асны ярианы араас улам ширүүсэж, олон баримт дэлгэж эхэлсэн. Энэ эрчээрээ ноёд дээдэс ээлж дараалан, ард түмнийхээ өмнө гарч ирэн, хулгай луйвраа дэлгэх нь ойлгомжтой харагдана. Ноёд маань хэдийгээр нэгнээ үгүйсгэж байгаа ч Ерөнхий сайдаар ажиллаж байсан, одоо сайдаар ажиллаж байгаа, УИХ-ын даргаар ажиллаж байсан хүмүүс худлаа ярьж байна гэдэгт итгэхгүй байна. Ноёдын зодоон үргэлжилнэ.

Зодоон аль хүртэл урт удаан үргэлжилнэ, түүнээс ард түмэн, улс орон хожиж үлдэх ёстой. Ийм эгзэгтэй, бүх зүйл хараанд байгаа цаг үед хулгай хийх боломжгүй байна, худлаа ярих ч боломжгүй байна. Авлига авахад ч саад болж байна гээд олон давуу талыг бидэнд олгож байгаа юм.  


С.Данзан


 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.