0

Монгол Улсад эрчүүдийн боловсрол, хөдөлмөр эрхлэлт, хүн ам зүйн үзүүлэлтүүдэд анхаарал татахуйц хандлагууд ажиглагдаж байна гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.
Тус байгууллагын гаргасан судалгаагаар Монгол эрчүүдийн дундаж наслалт 67.9 жил байгаа нь эмэгтэйчүүдээс харьцангуй доогуур үзүүлэлт хэвээр байна. Харин 2025 онд төрсөн нийт хүүхдийн 51.7 хувь нь эрэгтэй байсан нь хүн амын хүйсийн харьцаа тогтвортой байгааг илтгэжээ. Мөн улсын хэмжээнд хамгийн өндөр настай эрэгтэй 106 настай ахмад бүртгэгдсэн байна.
Боловсролын салбарт эрэгтэйчүүдийн оролцоо харьцангуй бага хэвээр байгаа нь анхаарал татаж байна. Их, дээд сургуульд суралцаж буй нийт оюутнуудын ердөө 38 хувь нь эрэгтэй байгаа бол ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын 50 хувь нь эрэгтэй байна.
Хөдөлмөр эрхлэлтийн хувьд нийт эрчүүдийн 58.2 хувь нь хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа бөгөөд тэдгээрийн дийлэнх нь барилга, уул уурхай, олборлолтын салбарт ажиллаж байна. Эдгээр салбар нь өндөр эрсдэлтэйд тооцогддог бөгөөд энэ нь эрчүүдийн дундаж наслалтад нөлөөлөх хүчин зүйлсийн нэг байж болзошгүйг судлаачид онцолжээ.
Түүнчлэн эрчүүдийн дундаж цалин 3 сая төгрөг орчим байгаа нь эдийн засгийн идэвхтэй оролцоог илтгэж байгаа ч боловсролын түвшинтэй харьцуулахад ялгаа байгааг харуулж байна.
Ийнхүү Монгол Улсад эрчүүдийн боловсрол, хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэндийн үзүүлэлтүүд харилцан уялдаатайгаар анхаарал татсан асуудал хэвээр байгааг статистик мэдээлэл харуулж байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.