dobu.mndobu

Фельетон хөрөг: ЗАЛИНЫ ХҮҮДИЙ

0

НийтлэлчAdmin

Огноо2026-03-23

Фельетон хөрөг: ЗАЛИНЫ ХҮҮДИЙ

www.dobu.mn сайт уншигч та бүхэндээ УИХ-ын 126 гишүүдийг А-Я хүртэл нэрсийн дарааллаар сонгогч олонд Фельетон хөрөг хэлбэрээр хүргэж эхлээд байгаа билээ. 

Фельетон хөрөг нийтлэл нь нийгмийн гаж үзэгдэл, албан тушаалтнуудын ёс зүйгүй байдал, эсвэл хүмүүсийн хэвшмэл буруу ойлголтыг егөөдөл, хошигнон шоглосон, ёгт хэлбэрийн шүүмжлэлээр илэрхийлсэн сэтгүүл зүйн төрөл юм. Энд хүн гүтгэхгүй, харлуулахгүй бодит нөхцөл байдлыг хүргэнэ.

Энэ удаад та бүхэндээ 2024 оны УИХ-ын сонгуулийн 11-р тойрог буюу Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт АН-аас нэр дэвшиж, таван мандаттай тойрогт 53,659 хүний санал авч, тухайн тойрогтоо хоёрдугаарт эрэмбэлэгдэж сонгогдсон УИХ-ын гишүүн Норовын Алтанхуягийг онцолж байна.

Зүүний сүвэгчээр ч шургаж мэдэхээр зальтай эр. Заль гэдэг ухааны хэлтэрхий хойно улстөрчид заль, мэхгүй бол хаа хүрэх билээ. Одоо ч бүр худал хулгайгүй бол хаа хүрхэв болчхоод байна. Мань эр 2014 онд тэргүүлж байсан Засгийн газрыг нь огцруулснаас хойш 10 гаруй жил ганцаардаж явна. Тухайн цагт парламентын танхимд ганцаардлаа нууж, зангараг харуулахыг хичээн ихэд хэцүү л байсан санагддаг. Энэ үеэр Норовын Алтанхуягийг харахаар л

“Тэргэл сарны гэрэлд сүүдэртэйгээ цуг би шогшино
Тэнхэл минь барагдаж, сульдсан хөл минь гуйвна.
Тэнүүн тал зах хязгааргүй цэлийнэ
Тэнгэрийн доор би гав ганцаар шогшино
Тэмцэл гэдгийн жинхэнэ утга, ялахын жаргал, ялагдахын зовлонг
Тэнэмэл чоно би ясандаа тултал мэдэрнэ” хэмээх нэрт найрагч О.Дашбалбарын шүлгийн мөртүүд өөрийн эрхгүй санаанд ордог байв. Арга ч үгүй, тэр шархдаж ганцаардсан ч зангаа хэзээ ч тавихгүй өвгөн чоно байсан. Байсаар ч байна. Бадар барьсан энэ улс төрийн талбарт хэнтэй ч нөхөрлөж чадах, хэнээс ч салж чадах ийм л нэгэн зальжин бодьгал. Өдгөө тэрбээр “Чоно өтлөвч хургандаа, цорж өтлөвч балиндаа” гэдэг шиг шинэ залуу гишүүдээс эхлээд шийдсэн өвгөдийг хүртэл хэмлэж суугаа нь харагддаг. Түүнд энэ зэргийн эрх, зангараг үлдсэн гэхэд хэцүү ч нэгэнт өөрөө бүтээсэн орон зайг үгүйсгэх аргагүй. Харин шүд бол үлдээгүй. Зарим тал дээр хэтэрхий өөрийгөө дөвийлгөх, цойлох гэсэн насан зүгийн хийрхэл нь түүнийг гутаах нь бий. Гагцхүү өөрийгөө гутааж байгаа эсэхээ өөрөө ч мэдэхгүй сууж байгаа нь гайхамшигтай. Тэр ганцаардлаа өөрөө бий болгосон.

Уг нь тэр Ерөнхий сайдаар ажиллахдаа эзэн хааны нэрээр бонд босгочихсон, улс төрийн ууган хүчнийг Засгийн газрын “хашаа”-наас хөөгөөд гаргачихсан, Монгол Улсын нэр зүстэй аавын хүүхдүүдийг үүдэндээ дугаарлуулж явсан эр хүн. Гэтэл 2016 оны сонгуульд ялагдаж, бие даан нэр дэвших хүртэл чамгүй сэтгэлийн тэнхээ шаардсан биз ээ. Ийм байдалд хүрсэн нь хөндлөнгийн оролцоо бий ч өөрөөс нь бас шалтгаална. Нэг талаар АН-ын нэрээр насаараа өндөрт заларсан байж хэцүү цагт сүүлээ хавчин зугтаасан нөхөр гэвэл яах аргагүй Н.Алтанхуяг. 

Тэр Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа яах аргагүй бүлэглэлийн эсрэг боссон, тэмцсэн. Дубайн гэрээ, “Эрдэнэт” үйлдвэрийн ОХУ-ын эзэмшил 49 хувь гэх мэт бүлэглэлийн ашиг сонирхлын эсрэг зогсож байсан учраас түүнийг зохион байгуулалттай огцруулсан нь үнэн. Уг нь цагтаа Ерөнхийлөгч асан Х.Баттулгаас эхлээд нэр зүстэй олон аавын хүү “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-т хамрагдахаар түүний үүдэнд дугаарлан зогсож байсан. Сүүлд нь “Чингис” бондоос хүртэх гэж өнгөтэй өөдтэй бүхэн л дугаарлаж зогссон нь бас л үнэн. Ийн мандаж явсан нөхрийг Ерөнхий сайдаас нь унагааж, ижил олон нөхөд, амраг саданг нь цагдан шалгаж гээд түүнийг өөд нь өндийлгөөгүй. Одоо л нэг нар харах болов уу гэтэл Хөгжлийн банкны хэргээр буруутгагдан үйлээ үзэж байгаа бололтой. 

Түүнийг Хөгжлийн банкны хэрэгт холбогдуулан гурван удаа цагаатгасан ч прокуроруудын саналаар ахин анхан шатнаас шүүгдэж эхэлсэн. МАН-ын нэг том өрсөлдөгчийг 2027 он хүртэл шүүх бололтой. Өөрөөр хэлбэл ах намынхан айдгаа авдартаа хийж авсан бололтой.

Тэр цагаан морин жил, 1989 онд их сургуулийн багшийн ширээнээс улс төрийн замналаа эхлүүлж, УИХ-ын гишүүн, УИХ дахь Байнгын хороон дарга, Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд, Сангийн сайд, Тэргүүн шадар сайд, Ерөнхий сайд, Намын дарга гээд дамжиж өссөн зангараг нь түүнийг улс төрийн талбарт баганаас дор борви нугалуулах учиргүй ч тэр ганцаардсан. Н.Алтанхуяг нэгэн далны босго алхах гэж яваа ч ахиад нэгэн далан жил амьдрах мэт аашилж яваа зоргоороо улстөрч. Яахав, түүнээс хүн чанарын хэлтэрхий цухалздаг. Н.Алтанхуягийг ид хэмлэж байхад тэр юунаас ч айгаагүй ил гарч байгаад зодолдсон, даанч дийлдсэн. Өөрийнх нь Ахлах зөвлөхөөр ажиллаж асан Л.Гансүхийг шүүх хуралд өөрийн биеэр очиж, түүнийг цээжээр хамгаалах гэж үзсэн. Тухайн үед Ц.Элбэгдоржийг муучлах бүү хэл өөдөөс нь эгцэлж хардаггүй байлаа. Харин тэр шүүх хуралдааны үүдэнд “Энэ бүгдийн захиалагч нь Элбэгдорж” хэмээн шуудхан хариулж байв. Тэр ч бүү хэл “Яллах гээд байвал намайг ялла” гэж байсан.

“Шинэчлэлийн” хэмээх Засгийг тэргүүлж байсан Н.Алтанхуяг ямархан Ерөнхий сайд байв гэхээр тэнгэр тултал магтах аргагүй ч бас газар дор ортол муучлахаар ажиллаагүй. Тэр тусмаа улс төрийн талаасаа яс үзсэн. Одоо ч тэрбээр өөрийн тэргүүлсэн Засгийн газрыг унагаасан явдлыг шүдгүй шахам амандаа зууж яваа эр хүн. Тухайн үед МАН-аас АН-ыг холдуулж, “Алтангадас” фракцыг хүчирхэг байлгаж, өөрөө өндөрт байхыг зорьсон л эр хүн. Алдсан ч байх, оносон ч байх. Гудамжинд явсан Н.Энхбаярыг Солонгосоос дуудаж авчраад Засгийн газарт хамтрав. Өөрийг нь сөрөг хүчний дарга байхад МАН Засгийн газартаа багтааж байсныг ч ор тас мартав. Яах аргагүй зальтай хүн л ингэж чадна. 

МАН-ыг засгаас хол байлгахын зэрэгцээ нам доторхи фракцуудыг номхон байлгахын төлөө үзэж тарав. “Женко” Х.Баттулга, З.Энхболд, Ц.Элбэгдорж нараас ирэх галыг цээжээрээ хааж, “Алтангадас”-ыг ч тэр, “Шонхор”-ыг ч, МоАХ-г ч тэр адилхан дэвжээнд хамт зогсоож чадсан. Олон фракц бүлэглэлээс бүрдэх олон ургальч үзэл бүхий АН хэмээх их айлыг авч явна гэдэг амаргүй асуудал.

Олон бүлэглэлийг хооронд нь нүдэлдүүлэхгүйгээр, мөн хажуу хавирганаас нударчих гэсэн МАН-аас зайгаа барьж явна гэдэг үнэндээ л хүнд байгаа биз. Бас болоогүй, МАН-ын угшил нэгт МАХН-тай хэл амаа ололцох, АН-ын угшил нэгт МҮАН-ын жорыг нь тааруулах энэ бүгд бол эцэс төгсгөлгүй их ажлыг тэр угийн зальжин зан, улс төрд “нүдэлдсэн” зангаргаар авч гарсан гэдгийг бол ам дүүрэн хэлэх ёстой. Ийм л нэгэн бодгаль улс төрийн намтраа хаагаад тэтгэвэртээ гарч болох ч ахиад нэгэн далныг үзэх гэж байгаа мэт аашилж сууна.

Н.Алтанхуяг 2016 оны сонгуульд бүдэрч, 2020 онд Орхон аймагт бие даан нэр дэвшээд парламентад ороод ирсэн бол 2024 онд Сонгинохайрхан дүүргээс АН-ын нэр дээр дэвшээд ороод ирсэн хүн. Тэр бол яах аргагүй том улстөрч. Ганцаардаж явахдаа Увс нутагтаа очоод нэр дэвшиж болох ч тэгээгүй гэхээр түүний халаасанд Увсын сонгогчдын санал хадгалаастай байсан гэсэн үг. Энэ утгаараа тэр Монгол Улсын хаанаас ч нэр дэвшсэн ялалт байгуулчих хэмжээнд өөрийг бэлдсэн улстөрч гэдэгтэй маргахгүй. Тийм ч учраас өдгөө Хөгжлийн банкны асуудлаар шүүгдэж байна. Чухам гэм буруутай эсэхийг шүүх эцэслэн тогтоох учраас одоогоор хэлж мэдэх юм алга. Харин тэр Ерөнхий сайд байхдаа Хөгжлийн банкны менежментийг атгаж байсан солонгосчуудыг хугацаанаас нь өмнө “хөөж” явуулсан нь үнэн. Үүний дараа “Чингис” бондыг Хөгжлийн банкаар дамжуулан түгээсэн нь бас үнэн. “Чингис” бондын буянд хэтэвч зузаан Ерөнхий сайд байсан нь бас үнэн. Харин Хөгжлийн банкны менежментийг хийж, удирдлагыг атгаж байсан солонгосчуудыг “хөөж” гаргаагүй бол нөхцөл байдал арай өөрөөр эргэх байсан гэж бодвол Н.Алтанхуягт буруу бий. 

Өдгөөгөөс 10 гаруй жилийн өмнө ганцаардсан түүнийг харахаар л О.Дашбалбар найрагчийн “Талын хөх чоно” шүлэг санаанд ордог байсан бол өнөөдөр ч тэр шүлгийн мөртүүдээс л санаанд орж байна. Яг энэ мөчид түүнийг харахаар 

“Намайг хэн ч үл өрөвдөнө
Нартаас үтэр тонилгохыг завдана
Бурхнаас оноосон хоног хугацаагаа эдлэх
Буруугүй хэр нь буруутан чоно би
Хээр талдаа салхи үхэл хоёртой тэрсэлдэж
Хэрчлээт уулсыг дагжтал ульж явна” гэх мөртүүд өөрийн эрхгүй санаанд бууна. 


С.Ууганбаяр 


 

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.