dobu.mndobu

Дорнодод хээрийн түймэр гаргасан иргэнд 1 жилийн тэнсэн харгалзах ял оногдуулж, ₮7.6 саяын хохирлыг төлүүлэхээр шийдвэрлэжээ

Дорнодод хээрийн түймэр гаргасан иргэнд 1 жилийн тэнсэн харгалзах ял оногдуулж, ₮7.6 саяын хохирлыг төлүүлэхээр шийдвэрлэжээ

Дорнод аймгийн прокурорын газраас иргэн З.М-д холбогдох хэргийг шалгаж, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

Тодруулбал, З.М нь 2025 оны есдүгээр сард Халхгол сумын нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа автомашины яндан хэсэгт хуримтлагдсан өвс, ургамлыг цэвэрлээгүйн улмаас гал алдаж, улмаар хээрийн түймэр гаргасан байна.

Уг түймрийн улмаас нийт 23,093 га бэлчээр шатаж, байгаль экологид 76.1 сая төгрөг, бусдын эд хөрөнгөд 57.8 сая төгрөгийн хохирол учирч, нэг хүний биед хүнд гэмтэл учруулсан байна.

Прокуророос уг үйлдлийг Эрүүгийн хуулийн 24.7 дугаар зүйл-д зааснаар зүйлчилж, шүүхэд шилжүүлсэн байна.

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хэлэлцээд З.М-г “ой, хээрийн түймэр тавих” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон ч хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хугацаанд үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авчээ.

Түүнчлэн шүүхээс түүний гэм буруу, эд хөрөнгийн байдлыг харгалзан байгаль орчинд учруулсан хохиролд 7.6 сая төгрөгийг гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын санд төвлөрүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Хавар, намрын хуурайшилтын үед ой, хээрийн бүсэд тээврийн хэрэгсэлтэй зорчихдоо иргэд автомашиныхаа аюулгүй байдлыг сайтар шалгах шаардлагатайг мэргэжлийн байгууллагууд анхааруулж байна.

Ялангуяа яндан орчимд өвс, ургамал хуримтлагдсанаас үүдэн гал алдах эрсдэл өндөр байдаг тул жолооч нар болгоомжтой байж, байгаль орчноо хамгаалахыг уриаллаа.

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.