dobu.mndobu

УИХ-д нэр дэвших эрхээ хоёр жилийн өмнө алдсан АН-ын гишүүдтэй танилц

0

НийтлэлчAdmin

Огноо2026-03-25

УИХ-д нэр дэвших эрхээ хоёр жилийн өмнө алдсан АН-ын гишүүдтэй танилц

АН-ын дотоод сонгууль улсын хэмжээнд өрнөж өндөрлөсөн ч хэрүүл тэмцлийн дуу алсраагүй л байна. Нанчилдаангүй найрыг ямар найр гэхэв, энэ бол байдаг л асуудал. Хамгийн харамсалтай нь УИХ-ын нэр бүхий гишүүд Үндэсний бодлогын хорооны гишүүн болох гэж өрсөлдөөд уначихлаа. Харамсаад байгаагийн учир нь АН-ын дүрэмд УИХ-ын гишүүд дотоод сонгуульд ялагдал хүлээвэл УИХ-ын сонгуульд өрсөлдөх мандатаа авч чадахгүй юм байна. Нэг талдаа ардчилсан тогтолцооны зөв хэлбэр, АН зөв зам руугаа явж байна гэсэн үг. Намын дотоод сонгуульд ялалт байгуулж чадахгүй байна гэдэг намын гишүүд дэмжигчдэдээ таалагдахгүй байна гэсэн үг. Тэгэхээр нэг намын гишүүдэд таалагдахгүй байгаа нөхдүүд Монгол Улсын парламентад яаж ард түмнээ төлөөлөх тулаанд орох юм. Зөв дүрэм, зөв жишиг. МАН ч үүнийг жишиг болгон хэрэгжүүлэх хэрэгтэй. Гэхдээ нөгөө талд харамсах зүйл бас байна. Учрыг дороос уншаарай. 

Р.ЭРДЭНЭБҮРЭН НУТГИЙН ЗОН БАЙТУГАЙ НОХОЙГ НЬ ХҮРТЭЛ ЭНХРИЙЛЭХ ЁСТОЙГ УХААРАВ

Дундговь аймгийн АН-ын дотоод сонгуульд УИХ-ын гишүүн Р.Эрдэнэбүрэн өрсөлдөөд өвдөг шорооджээ. Р.Эрдэнэбүрэн 2008 оны сонгуульд унаснаас хойш 16 жил парламентын танхим зүүдэлж явсаар сая нэг орж ирсэн. Зүүдлэхдээ зүгээр ч нэг зүүдлээгүй, Дундговь аймагт жишиг сум байгуулахаас эхлээд олон ажлыг нугалсан. Нөгөө талаар 16 жилийн турш парламентын танхим мөрөөдөж явахдаа хууль хяналтын байгууллагад зөндөө ээрэгдсэн гээд их л зовлон туулж ирсэн. Гэтэл нутгийнхан нь унагаачихаар бас л хэцүү, харамсмаар. Гэхдээ Р.Эрдэнэбүрэн Барилга хот байгуулалтын яам, Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар тус тус, “Хорин минутын хот” үндэсний хорооны дарга, сайдаар нэг удаа ажиллахдаа нутгийнхандаа үүдээ дэлгээгүй гэх шалтгаанаар өвдөг шороодсон гэлээ. Өндөр дээд албанд очихоороо нутгийн зон олон байтугай нохойг нь хүртэл энхрийлэх хэрэгтэй гэдгийг тэр сайтар ойлгосон байх.

Д.ГАНБАТ, Д.ЖАРГАЛСАЙХАН, Д.ЦОГТБААТАР НАРТ СОНГУУЛИЙН МӨНГӨӨ ГҮЙЦЭЭЖ ӨГӨӨГҮЙ ГЭХ “ЯЛ ТУЛГАН” УНАГААЛАА

Баянхонгор аймгийн АН-ын дотоод сонгуульд өрсөлдсөн Д.Ганбат, Д.Жаргалсайхан, Д.Цогтбаатар нарт ч хүнд л байгаа. Тэр тусмаа Д.Цогтбаатарын хувьд шүүхээс ял авсан ч УИХ-ын гишүүний “бүрэн эрх”-ээр халхавчлан ямар нэг шийтгэл эдлэхгүйгээр парламентад сууж байгаа хүн. Гэтэл одоо “Бүрэн эрх” хэмээх халхавчаа авах өрсөлдөөнд ч орох эрхгүй болчихлоо. Ямар сайн байхав. УИХ-ын гишүүн Д.Жаргалсайханы хувьд Баянхонгор аймгийн АН-ын даргаар хүртэл ажиллаж байсан, Хөдөлмөрийн баатар хүн. Уг нь улс төрд Ерөнхийлөгч асан Х.Баттулгын дэмжлэгтэй явдаг баатар. Гэтэл хаа хамаагүй Сүхбаатар аймгийн харъяат сэтгүүлч Ж.Цэсэн Х.Баттулгын дэмжлэгтэй очоод Үндэсний бодлогын хорооны гишүүн болчхож байхад Д.Жаргалсайхан унана гэдэг бол харамсах уурлах хоёр зэрэгцэж байна. За даа, Д.Ганбат гишүүний улс төрийн замнал ерөнхийдөө дуусаж байгаа байх. Ойрд бидон ч тараагаагүй болохоор аргагүй, аргагүй. Гэхдээ эрхэм гурван нөхөрт сонгуулийн мөнгөө дутуу өгсөн гэх “ял тулгаад” унагаачихсан гэдгийг эх сурвалж хэлнэ лээ. 

Ч.ЛОДОЙСАМБУУ ЦАРЦАА НҮҮЛГЭСЭН ХЭРГЭЭР ИРЭЭДҮЙН Ц.ЭЛБЭГДОРЖ БОЛОХ ХӨГ НЬ ӨНГӨРЧЭЭ

Хан-Уул дүүрэгт гэхэд ирээдүйн Ц.Элбэгдорж хэмээн цоллуулж, “Эм Си Эс” бүлэглэлд нэгэнт багтан, тус группийн байранд хүртэл амьдарч байгаа цоо шинэхэн улстөрч Ч.Лодойсамбууг хан-уулчууд “Сэтгүүлчийнхээ ажлыг хий, чи” гээд хөөгөөд явуулав. Төрийн бүхий л өндөрлөгт заларч явсан Ц.Элбэгдоржтой эн жишигдэж, монголын толгой группийн тансаг зэрэглэлийн орон сууцанд амьдарч байгаа залуухан улстөрч ингээд карьерынхаа жолоог эвхэнэ гэхэд харамсалтай. Өөрөө ч цахим хуудсанд “Ёстой үсгүй хусууллаа” гээд халаглаад байсан. Гэхдээ түүнд өдүүлсэн хэрэг бий. Хан-уулчууд түүнийг “Нет капитал”-ын Д.Сүндийтэй нийлэн, тус ББСБ-ын зээлдэгч 2900 хүнийг царцааны нүүдлээр авчирч санал өгүүлсэн хэмээн шийтгээд унагаачихсан юм билээ.  

Ц.МӨНХТУЯА АН-ЫН ГИШҮҮН БИШ, Ж.БАЯСГАЛАН ГАНЦХАН УДАА ДАРХАНД ОЧСОН УЧРААС УНАСАН

Дархан-Уулд өрсөлдөөд унасан багш Ц.Мөнхтуяа ч яахав, түүнийг сонгогчид угаасаа таашаахгүй. Тэгээд ч АН-ынхан “Манай намын гишүүн биш” гээд халгаасангүй. Дотоод сонгуульд унасан нь ч болж. Цахим орчинд хэрүүл хийж, жагсаж тэмцээд явж байх ёстой хүнийг АН-ынхан өөрсдөө л парламентад оруулж ирсэн. Харин Дархан-Уулд өвдөг шороодсон Ж.Баясгалангийн хувьд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ дуу хоолой болох байсан юм. Олон ч ажил төлөвлөн хэрэгжүүлж эхэлж байсан нь харамсалтай. Саяхан гэхэд хөгжлийн бэрхшээлтэй гэлгүй 21 аймгаа тойроод ирсэн гишүүн түүнээс өөр байхгүй. Даанч дарханчууд ганцхан удаа ирээд сонгуульд ялдаг нутаг биш ээ гээд унагаачихсан юм байх. 

С.ОДОНТУЯА БАЯНГОЛД МАНАН ҮҮСГЭСЭН УЧРААС ДҮҮРГЭЭСЭЭ “ХӨӨГДӨВ”

Уг нь Баянгол дүүргийн АН-ын дотоод сонгуульд унасан С.Одонтуяа АН-ын лидер эмэгтэйчүүдийн нэг байсан. Тэр Баянгол дүүргээс 2012 онд УИХ-ын гишүүн, 2016 онд дүүргийн Засаг дарга, 2024 оноос УИХ-ын гишүүнээр ажиллах хэмжээнд нэр хүндтэй байсан хүн. Гэтэл Үндэсний бодлогын хорооны өрсөлдөөнд долоон эмэгтэй өрсөлдөхөд долоод уралдан, ялагдаж байгаад харамсах уу, хох нь гэх үү, мэдэх юм алга. Ямартай ч тэр УИХ-ын гишүүн, сайдын түвшинд, Засаг даргын зиндаанд ажиллахдаа баянголчуудад таалагдаагүй хэрэг. Хамгийн гол нь баянголчууд түүнийг урвагч хэмээн цоллох болсон нь ихэд нөлөөлсөн бололтой. Эртнээсээ Баянгол дүүрэгт МАНАН үүсээд байсан бол МАНАН-гийн гол төлөөлөгч нь С.Одонтуяа байсан гэдэг. Өөрөөр хэлбэл МАН-ын Ж.Ганбаатараас дүүргийн АН-ыг холдуулах зүй ёсны хэрэг байсан. Тэр нь түүний унасан шалтгаан.   

Ш.БЯМБАСҮРЭН ГЭНЭДЭВ ҮҮ, ТЭРГҮҮН СӨХӨВ ҮҮ

Дорнод аймгийн АН-ын дотоод сонгуульд өвдөг шороодсон УИХ-ын гишүүн Ш.Бямбасүрэн богино ч атугай хугацаанд Дорнод аймгийн ИТХ-ын төлөөлөгч, зөвлөлийн гишүүн, Хэрлэн сумын ИТХ-ын төлөөлөгч, АН-ын бүлгийн дарга, Дорнод аймгийн АН-ын дэд даргаар ажиллаж байсан. Ингэхээр эрх биш дотоод сонгуульд санал цуглуулчихаар харагдах юм. Гэтэл өвдөглөчхөж байгааг өөртөө гомд гэж хэлэхээс өөр яахав. Уг нь тэр эцгээсээ өвлөж авсан Адуунчулууны уурхайн эзэн. Нөгөө талаар эцгийн нэр хүнд гээд “юм” “юм” л түших ёстой ч унасан. Залуу хүн гэнэдсэн ч байх. Тэргүүн сөхсөн ч байх. Түүнд энэ дотоод сонгууль маш том сургамж өгсөн болов уу. Тэгээд ч бүрэн эрхийнхээ хугацааг хугасласан УИХ-ын гишүүн гэхэд нутаг орондоо ямар нэг ажил өрнүүлсэнгүй. УИХ-ын гишүүний үндсэн ажил болох ямар нэг хууль санаачилсангүй. 


С.Данзан

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.