dobu.mndobu

Б.Энхтүвшин: Шатахууны үнийг 300-350 төгрөгөөр нэмэхээс өөр аргагүй байдалд хүрлээ

Б.Энхтүвшин: Шатахууны үнийг 300-350 төгрөгөөр нэмэхээс өөр аргагүй байдалд хүрлээ

Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Б.Энхтүвшин цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна. 

Тэрбээр "Гуравдугаар сараас эхэлсэн Ойрхи Дорнодын нөхцөл байдлаас шалтгаалж дэлхий нийтэд нефть бүтээгдэхүүний нэлээд хомсдолд орж, дэлхийн 100 гаруй улсад онцгой нөхцөл байдал үүссэний улмаас сөрөн тэсвэрлэх үйл ажиллагааг явуулж байна. Тухайлбал, 90 гаруй улс нефтьгүй болж, хязгаарлалт хийх байдлаар олон арга хэмжээг авч хэрэгжүүлж эхэллээ. Энэ хүрээнд манай улсын нефть бүтээгдэхүүний үнэд өөрчлөлт орох зайлшгүй шаардлага үүссэн. 

2026 оны эхний хоёр сард 518 мянган тонн, гуравдугаар сард 181 мянган тонн түлш захиалж авсан. Гуравдугаар сарын 26-ны байдлаар,

-АИ-92 автобензин 90.1 мянган тонн буюу 42 хоногийн нөөцтэй,

-АИ-95 автобензин 6.4 мянган тонн буюу 72 хоногийн нөөцтэй,

-Дизель түлш 116 мянган тонн буюу 29 хоногийн нөөцтэй

-Онгоцны түлш 3.9 мянган тонн буюу 19 хоногийн нөөцтэй байна. 

Өчигдөр бид үнийн зөвлөлөө хуралдуулж, тодорхой зөвлөмжүүдийг хүргэсэн. ОХУ-аас дөрөвдүгээр сард нийлүүлэх нефть бүтээгдэхүүний хил үнийг авлаа. Бидний ярьж байснаас энгийн АИ-92 тогтворжуулсан үнээрээ буюу 705 ам.доллар, Евро 5 1206 ам.доллар, АИ-95 1,76 ам.доллар, АИ-98 1,226 ам.доллар, дизель түлш энгийн нь 1,385, евро нь 1410 ам.долларын хил үнийг ирүүлээд байна. Үүнтэй холбогдуулан Үнийн зөвлөл хуралдаж тодорхой зөвлөмжүүдийг өглөө. АИ-92-оос бусад төрлийн бүтээгдэхүүнүүдийн үнийг 300-350 төгрөгөөр нэмэгдүүлэх зөвлөмжийг хүргэлээ. Хил үнийг тооцоод үзэхэд 900-2000 төгрөгөөр нэмэгдэхээр байна. Гуравдугаар сард дизель түлшинд 54 ам.доллар, автобензинд  30 ам.доллар нэмэгдэж ирсэн. Гэхдээ бид өмнө нь нөөц бүрдүүлчихсэн байсан учраас үнэ нэмэхгүйгээр шийдсэн. Одоо яалтчгүй үнийг үе шаттайгаар нэмэхээс өөр аргагүй байдалд хүрлээ. 

Бид ОХУ-тай байнгын холбоотой байгаа. Тус улсад давагдашгүй хүчин зүйл үүсчихгүй л бол нийлүүлэлт тасалдахгүй. Ямар нэгэн хомсдол үүсэхгүй. 

Дэлхийн улс орнууд төрийн байгууллагынхаа цахилгаан, дулааныг хэмнэж байна. Албан томилолтуудаа хязгаарлаж байна. Манай улсын Засгийн газар ч мөн удахгүй тодорхой шийдвэрүүдийг гаргах байх. Бид саналаа боловсруулж хүргүүлнэ. 

Эхний ээлжид, онцгой байдал, эмнэлэг, хүнсний хангамж тээврийн компаниудаас бусад тээврийн хэрэгслүүдэд тодорхой хэмжээний хязгаарлалт тогтоох хэрэгтэй. Бид эрэлтээ л багасгах нь зөв. Ингэснээр нөөц хангалттай байх боломжтой. 

Тодруулбал, дугаарын хязгаарлалт хийх, нийтийн тээврийг нэмэгдүүлэх, ААН, байгууллагууд цахимаар ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, ажилдаа ирж, очихдоо нэгнийхээ унаанд дайгдах байдлаар арга хэмжээ авах талаар судалж, Засгийн газрын хуралдаанд танилцуулна" хэмээн хэллээ. 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.