0

Японы агаарын тээврийн салбарт ажлын байрны тав тух, уян хатан байдлыг нэмэгдүүлэх чиглэлд томоохон өөрчлөлт гарч, Japan Airlines (JAL) компани ажилтнууддаа уламжлал болсон өндөр өсгийтэй гутлын оронд пүүз өмсөхийг зөвшөөрчээ.
Энэхүү шийдвэрийн талаар агаарын тээврийн компани ажилчид өөрийн байр сууриа илэрхийлсэн.
Тодруулбал, Осака дахь Osaka Itami Airport нисэх буудалд ажилладаг 31 настай ажилтан Аой Тадасу “Өдөрт бараг 12 мянга алхалт хийдэг. Өсгийтэй гутал өдөр болгон өмссөнөөр хөл, нуруу өвддөг байсан. Харин пүүз өмсөх боломж бүрдсэнээр хөл, нурууны өвдөлт эрс багассан” гэж онцолсон.
Мөн JAL-ийн охин компани J-Air-ийн нислэгийн үйлчлэгч Нами Ватари “14 жилийн турш өндөр өсгийтэй гутал өмсөж ажилласан хөл маш их өвддөг. Заримдаа маргааш нь хүртэл өвдөлт үргэлжилдэг. Энэхүү өөрчлөлтийг ажилд орохдоо төсөөлж ч байгаагүй том дэвшил” хэмээжээ.
JAL компанид 1953 оноос хойш эмэгтэй ажилтнууд тодорхой өндөртэй өсгийтэй гутал өмсөхийг шаарддаг журам үйлчилж ирсэн. Харин 2020 онд уг шаардлагыг сулруулж, өсгийн доод хэмжээг тэг болгосон нь өөрчлөлтийн эхлэл болсон юм.
Үүнээс гадна Японд өрнөсөн KuToo movement хөдөлгөөн ажлын байранд заавал өсгийтэй гутал өмсөхийг эсэргүүцэж, олон компанид бодлогын өөрчлөлт хийхэд нөлөөлсөн бол өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас эхлэн JAL групп 14 мянга орчим ажилтандаа пүүз өмсөх сонголт олгож, зөвхөн дүрэмт хувцастай зохицсон энгийн хар пүүзийг зөвшөөрчээ.
Тус компани “Ажилтнуудын биеийн онцлог, хэрэгцээнд нийцсэн орчин бүрдүүлэх нь тэдний ажлын бүтээмжийг нэмэгдүүлж, улмаар зорчигчдод үзүүлэх үйлчилгээний чанарт эергээр нөлөөлнө” гэж мэдэгдсэн байна.
.png)
Эх сурвалж: Japan's National Daily
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.