0

УИХ-ын үйл ажиллагаа зогссонтой холбогдуулан академич С.Нарангэрэлээс тодруулга авлаа.
УИХ-ын үйл ажиллагааг гацаагүй болгох гаргах гарц байна уу? Таны бодол ?
Монгол Улсын Үндсэн хуулийн 22 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан дагуу УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэсэн шалтгаанаар Ерөнхийлөгч УИХ-ын даргатай зөвшилцөж санал болгосон бол УИХ-ын нийт гишүүний гуравны хоёроос доошгүйн саналаар өөрөө тарах шийдвэр гаргаж болно гэсэн заалтыг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай цаг үетэй тулгарчээ.
УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон гэдгийг хэрхэн ойлгох вэ?
УИХ Үндсэн хуульд заасан үндсэн чиг үүргээ хэвийн гүйцэтгэх чадамжаа алдсаныг ойлгоно. УИХ ээлжит чуулганаа нээснээс хойш хоёр долоо хоногийн турш ямар ч хуралдаан хийсэнгүй. Үндсэн шалтгаан нь олонхыг бүрдүүлсэн МАН-ын бүлгийн гишүүдийн хагарал, талцал, бүлэглэл улам бүр угжирав. Эв эеэ ололцох талаар нааштай ямар ч алхам хийгдэж чадсангүй.
Урьд нь намынхаа даргыг УИХ-ын даргаар ажиллуулж байсан АН-ын бүлэг одоо болохоор МАН-ын даргаар УИХ-ыг удирдуулахгүй гэсэн Үндсэн Хуульд заагаагүй туйлын ядмаг шалтгаар УИХ-ыг бойкотлож байна.Үүнээс болж Үндсэн хуулийн хэд хэдэн заалтын үйлчлэлийг зогсоочихлоо.
Үндсэн хуулийн ямар заалтын үйлчлэл зогссон гэж?
УИХ төрийн эрх барих дээд болон хууль тогтоох байгууллага болох тухай (20 дугаар зүйл), УИХ-ын гишүүн нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэх тухай (20 – р зүйлийн 1 дэх хэсэг), УИХ-ын онцгой бүрэн эрхийн тухай (25-р зүйл), УИХ-ын ээлжит чуулган хагас жил тутам нэг удаа 75-аас доошгүй ажлын өдөр чуулах тухай (27-р зүйлийн хоёр дахь хэсэг), УИХ-ын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өргөсөн тангаргаасаа няцаж Үндсэн хууль зөрчсөн бол түүнийг УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах үндэслэл болох тухай (29 – р зүйлийн гурав дахь хэсэг) зэрэг хэд хэдэн заалтыг жишээлж болохоор байна.
Үндсэн хуульд заасан Ерөнхийлөгч УИХ – ын даргатай зөвшилцөж санал болгосон гэдгийг та хэрхэн тайлбарлах вэ?
Монгол Улсын Ерөнхийлөгч юуны өмнө УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон гэсэн дүгнэлтэд хүрсэн байх ёстой. Ингээд УИХ-ын даргатай биечлэн уулзаж санал нэгдсэн байх шаардлагатай. Үүнийг зөвшилцсөн гэж үзнэ. Энэ үндсэн дээр УИХ-ын гишүүд өөрөө тарах тухай санал хураалт заавал явуулна. Хэрэв УИХ-ын нийт гишүүний гуравны хоёроос доошгүйн саналаар УИХ өөрөө тарах тухай шийдвэр гаргана. Энэ тохиолдолд УИХ-ын ээлжит бус сонгууль явагдах ёстой.
Хэрэв УИХ-ын нийт гишүүний гуравны хоёроос дээш санал өгөхгүй бол хууль зүйн ямар үр дагавар үүсэх вэ?
УИХ өөрөө тарахгүй гэсэн шийдэлд хүрсэн гэсэн үг болно. Энэ тохиолдолд ээлжит бус сонгууль болохгүй.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.