dobu.mndobu

Дэлхий дахинд нүүрлээд буй түлшний хомсдол ба МОНГОЛ

0

НийтлэлчAdmin

Огноо2026-11-03

Дэлхий дахинд нүүрлээд буй түлшний хомсдол ба МОНГОЛ

Ойрхи Дорнодод дэгдсэн мөргөлдөөн болон Oрмузын хоолойн тээврийн гацаанаас үүдэж, дэлхийн хэмжээнд шатахууны ноцтой хомсдол үүсээд байна. Олон улсын эрчим хүчний агентлаг буюу IEA-иас мэдээлснээр энэхүү хямрал нь дэлхийн түүхэн дэх хамгийн том нийлүүлэлтийн тасалдал болоод байгаа юм. Арабын Нэгдсэн Эмират Улсын газрын тосны үндэсний компани болох ADNOC-ийн гүйцэтгэх захирал Султан Аль Жабер дэлхийн стратегийн нөөцөөс 1 тэрбум гаруй баррель түүхий тос шавхагдаж, дизель түлшний нөөц сүүлийн 35 жилийн хамгийн доод түвшинд хүрснийг зарлалаа.

Дэлхий дахинд нүүрлээд буй түлшний хомсдол нь хэд хэдэн геополитикийн болон бүтцийн хүчин зүйлээс шалтгаалж байна:

  • Ормузын хоолойн тээврийн саатал: Дэлхийн далайгаар тээвэрлэгддэг нийт тосны 20 гаруй хувь дамждаг тус бүс нутаг дахь дайны нөхцөл байдал нийлүүлэлтийг боомилов.
  • Боловсруулах үйлдвэрүүдийн хохирол: Орос-Украины дайны хүрээнд хийгдсэн дрон цохилтууд Оросын тос боловсруулах гол үйлдвэрүүдийг жагсаалаас гаргаж, Ойрхи Дорнодын эрчим хүчний дэд бүтцүүд ч пуужингийн халдлагад өртсөн.
  • Refining буюу боловсруулах чадамжийн дутагдал: Түүхий тос байсан ч түүнийг бензин, дизель, онгоцны түлш болгон боловсруулах дэлхийн систем бэлэн хүчин чадлын нөөцгүй байна.

 

ОЛОН УЛСАД БОИЛОН МОНГОЛ УЛСАД ҮЗҮҮЛЖ БУЙ НӨЛӨӨ

Түлшний хомсдол нь дэлхийн логистик, аж үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарт гүнзгий нөлөө үзүүлж эхэллээ. Дэлхийн Банк-ны тайлангаар эрчим хүчний түүхий эдийн хомсдол бордооны үнийг хөөрөгдөж, дэлхий даяар хүнсний инфляц нэмэгдэх эрсдэлийг бий болгосон. Куба, Хятад, Боливи, АНУ болон Төв Азийн орнуудад дизель түлшний үнэ түүхэн дээд хэмжээндээ хүрч, зарим улс орнууд дотоодын хэрэглээгээ хамгаалахын тулд экспортоо хязгаарлаж байна.

Энэхүү дэлхий нийтийн хямралын шуурга Монгол Улсыг ч тойрсонгүй. Импортын ганц сувгаас хамааралтай манай улсын хувьд ОХУ-ын боловсруулах үйлдвэрүүдийн доголдол, төмөр замын тээврийн ачаалал зэргээс шалтгаалан АИ-92 бензин болон дизель түлш үе үе тасалдаж, ШТС-уудад урт дараалал үүсэж, үнэ нэмэгдэх зэргээр иргэд, аж ахуйн нэгжүүдийн өдөр тутмын амьдралд хүндрэл учруулсаар байна.

ШРИ ЛАНКАД ШАТАХУУНЫ НИЙЛҮҮЛЭЛТ ТАСАЛДАЖ, ХУВИЙН КОМПАНИУД ҮНЭЭ НЭМЭВ

Шри Ланкад шатахуун авах гэсэн жолооч нар түгээх станцуудын гадна урт дараалал үүсгэж, зарим станцад бензин, дизель түлш тасалдах болжээ. Үүний зэрэгцээ хувийн компаниуд бензиний үнийг нэмэгдүүлсэн нь иргэдэд хүндээр тусаж байна.

Тус улсын хувийн шатахуун нийлүүлэгч компаниуд үнийн өсөлтөөс шалтгаалан нийлүүлэлтээ танажээ. Тухайлбал, Lanka IOC компани автомашины дизель түлшний нийлүүлэлтээ хоёрдугаар сарын түвшинтэй харьцуулахад 45 хувиар, Sinopec компани 66 хувиар бууруулсан байна.

Мөн аравдугаар сарын 26-нд Lanka IOC болон Sinopec компаниуд 95 октантай бензиний литр тутмын үнийг 475 рупиэс 495 рупи болгон нэмэгдүүлсэн байна. Харин төрийн өмчит корпорацийн ижил төрлийн бензиний үнэ 475 рупи хэвээр байна.

ФИЛИППИНД ШАТАХУУНЫ ҮНИЙН ӨСӨЛТ ИРГЭДИЙН АМЬЖИРГААНД ДАРАМТ УЧРУУЛЖ БАЙНА

Филиппин Улсад энэ оны хоёрдугаар сараас хойш бензиний үнэ 68.3 хувиар өсөж, нийтийн тээврийн жолооч нар болон зорчигчдын хувьд санхүүгийн дарамт нэмэгдэж байна.

 Аль-Жазира агентлагийн мэдээлснээр, Манила хотын зарим нийтийн тээврийн жолоочийн өдрийн орлого оны эхэнд 10 орчим ам.доллар байсан бол есдүгээр сарын сүүл гэхэд таван ам.доллароос бага болж буурсан байна. Шатахууны үнийг бууруулах, тээврийн салбарт үзүүлэх дэмжлэгийг нэмэгдүүлэхийг шаардсан жолооч нар ажил хаялт хүртэл зохион байгуулжээ.

Шатахууны зардал нэмэгдсэнтэй холбоотойгоор есдүгээр сарын 28-наас нийтийн тээврийн хэд хэдэн төрлийн үйлчилгээний тарифыг нэмэгдүүлсэн байна. 

Үнийн өсөлт хэрэглэгчдийн сонголтод ч нөлөөлж эхэлжээ. 2026 оны эхний найман сард Филиппинд цахилгаан болон хосолмол хөдөлгүүртэй автомашины бүртгэл өмнөх оны мөн үеэс 130 хувиар өсөж, 67 мянга давсан байна. Гэхдээ автомашинаа солих боломжгүй, нийтийн тээврээс хамааралтай иргэд болон шатахуунаар ажилладаг жолооч нарт үнийн өсөлтөөс үүдсэн дарамт хэвээр байна.

ОРОСЫН ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ 28 ҮЙЛДВЭР УКРАИНЫ ХАЛДЛАГАД ӨРТЖЭЭ

Оросын газрын тос боловсруулах 30 гаруй томоохон үйлдвэрийн 28 нь Украины дроны халдлагад өртсөн гэж Олон улсын эрчим хүчний агентлаг (IEA) мэдээлжээ. Зарим үйлдвэрт давтан цохилт өгсөн бөгөөд халдлагууд шатахууны үйлдвэрлэл, дотоодын нийлүүлэлтийг доголдуулсаар байна.

Олон улсын эрчим хүчний агентлагийн мэдээлснээр, Оросын газрын тос боловсруулах хэмжээ өдөрт 3.8 сая баррель болж, 20 гаруй жилийн доод түвшинд хүрчээ. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад бензиний үйлдвэрлэл 20 орчим хувиар, дизель түлшний үйлдвэрлэл бараг 30 хувиар буурсан байна.

Хамгийн сүүлд аравдугаар сарын 30–31-нд Самара мужийн Новокуйбышевск хот болон Башкортостаны нийслэл Уфа хотын газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд дроны халдлага болж, гал гарсан байна. 

ШАТАХУУНЫ ҮНЭ ӨССӨНӨӨС ПАКИСТАНД ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУД ХЭМНЭЛТИЙН ГОРИМД ШИЛЖИВ

Пакистанд шатахууны үнэ өсөж, иргэдийн амьжиргааны зардал нэмэгдсэнтэй холбоотойгоор Засгийн газар түлшний хэрэглээг хязгаарлах, төрийн зардлыг танах арга хэмжээ авч эхэлжээ. Аравдугаар сарын сүүлчээр бензиний үнэ литр тутамд 379.25 пакистан рупи хүрсэн бол дизель түлшний үнэ 395.82 рупи болсон байна.

Есдүгээр сард Засгийн газар төрийн албан хаагчдын автомашины шатахууны хангамжийг гурван сарын хугацаанд 50 хувиар бууруулж, төрийн шинэ автомашин худалдан авах болон албан томилолтоор гадаад улс руу зорчихыг түр хоригложээ. Мөн зах, худалдааны төвүүдийг оройн 21:00 цагт хаах зохицуулалт хэрэгжүүлж, эрчим хүч, шатахуунаа хэмнэхийг зорьж байна.

Үнийн өсөлтийн дарамтыг бууруулахын тулд мотоцикл, рикша болон хөдөлгүүрийн багтаамж нь 800 см³ хүртэлх автомашин эзэмшигчдэд шатахууны литр тутамд 100 рупийн татаас олгох хөтөлбөр хэрэгжүүлжээ. 

Пакистан импортын эрчим хүчнээс ихээхэн хамааралтай тул олон улсын зах зээлийн үнийн хэлбэлзэлд өртөмтгий хэвээр байна.

КУБАД ШАТАХУУНЫ ХОМСДЛООС БОЛЖ ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ТЭЭВЭР ҮНДСЭНДЭЭ ЗОГСООД БАЙНА

Кубад шатахууны хомсдол гүнзгийрснээр нийтийн тээврийн үйлчилгээ огцом хумигдаж, нийслэл Хавана хотоос орон нутаг руу өдөрт явдаг автобусны үйлчилгээ 419-өөс ердөө 11 болж буурчээ.

Reuters агентлагийн аравдугаар сарын сүүлээр мэдээлснээр, шатахууны нийлүүлэлтийн хямралаас үүдэж улс даяарх автобусны чиглэл 100 гаруй байснаас 21 болж цөөрсөн байна. Энэ онд нийтийн тээврийн үйлчилгээ өмнөх оныхоос 75 хувиар буурч иргэд үндсэндээ хөл мухарджээ. 

Шатахууны хомсдол цахилгааны хомсдолтой хавсран иргэдийн өдөр тутмын амьдралд том саад болж байна. Улс даяар цахилгаан тасрах тохиолдол давтагдаж, зарим бүс нутагт тасалдал бүтэн хоногоор үргэлжилж байна.

МАЛАВИД ШАТАХУУНЫ ХОМСДОЛ НҮҮРЛЭЖ, ЖОЛООЧ НАР ШТС-ЫН ГАДАА ХОНОЖ БАЙНА

Африкийн Малави улсад шатахууны хомсдол даамжирч, жолооч нар шатахуун түгээх станцын гадна хэдэн өдөр, шөнөөр дараалалд хүлээхэд хүрч байна.

The Guardian сонины аравдугаар сарын 21-ний сурвалжилгад Зомба хотын нэгэн микроавтобусны жолооч шатахуун авахын тулд найман өдөр, шөнө автомашиндаа хонож буй талаар мэдээлжээ. Шатахуун олдохгүйгээс такси, мотоциклын жолооч нар ажиллаж чадахгүй, орлогогүй болж, зарим нь өр зээл тавихад хүрсэн байна.

Шатахууны хомсдол нийтийн тээврийн үнийг ч өсгөжээ. Reuters агентлагийн мэдээлснээр, Блантайр хотод микроавтобусны үнэ өмнө нь 1,500 квача байсан бол 4,000 квача болж нэмэгдсэн байна. Мөн шатахуун хар зах дээр литр нь 20,000 квач хүрч, албан ёсны үнээс хэд дахин өсжээ.

Засгийн газар нийлүүлэлтийг нэмэгдүүлэх арга хэмжээ авч байгаа ч аравдугаар сарын 30-ны байдлаар тус улсын олон бүс нутагт бензин, дизель түлшний хомсдол үргэлжилж байна. 

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.