dobu.mndobu

Төсөв салаагаар нэг урсаж байхад А.Баяр дарга чимээгүй суугаагийн цаана юу байна

0

НийтлэлчAdmin

Огноо2026-04-14

Төсөв салаагаар нэг урсаж байхад А.Баяр дарга чимээгүй суугаагийн цаана юу байна

Нийслэл хэмээх их айлд Монгол Улсын хүн амын тал хувь нь амьдардаг, тэр хэрээр төсөв ч арвин. Гагцхүү нийслэлчүүдийн төлж байгаа татварыг гамгүй зарж байгааг хаа хаанаа шүүмжлэх болов. Засаг дарга Х.Нямбаатарын хувьд баян айлын мангар хүүхэд шиг л аашилж байна. Үүний цаана чинь хуруу хумсаа хуйхлан байж олдог татвар төлөгчдийн мөнгө байгаа гэдгийг анхаарах хэрэгтэй. 

Саяхан, өнгөрөгч хоёрдугаар сард нийслэлийн Засаг даргын тамгын газраас нийслэлийн Аялал жуулчлалын газрын данс руу 200 сая төгрөг шилжүүлсэн нь "Улаанбаатар хотыг сурталчлах, мэдээллээр хангах арга хэмжээний санхүүжилт" хэмээжээ. Үүнийг хэн авч байна вэ гэхээр өнөөх л халаасны ТББ-ууд авч байгаа. Улаанбаатарыг сурталчлахад 200 сая төгрөгийн хэрэг юун. 

Тэгвэл ирэх сард нийслэлд 11 дэх удаагаа зохион байгуулагдах “Улаанбаатар марафон” болно. Үүнд нийслэлээс 900 сая төгрөг төсөвлөсөн гэдгийг НИТХ-ын төлөөлөгч З.Төмөртөмөө цахим хуудаснаа сануулжээ. 

Тэрбээр хэлэхдээ “Би Хотын орлогчоор ажиллаж байх үедээ Нийслэлийн төсвөөс мөнгө гаргахгүй хэмээн “Улаанбаатар марафон”-ыг хувийн хэвшлийн залуусыг дэмжин өгч байв. Энэ жил Улаанбаатар хотын марафонд зориулж, 900 сая төгрөг төсөвлөжээ. Төр мөнгийг нь гаргаад, тэд харин ашиг шимийг нь авах уу. Энэ бол шударга бус. Үүнийг төр хувийн түншлэл гэхгүй” хэмээн жиргэж байгаагийн төсвийн мөнгийг хайр гамгүй зарцуулж байгаагийн нэгээхэн жишээ. 

Үүнд уг нь НИТХ-ын дарга А.Баяр хяналт тавьж ажиллаж байх ёстой ч чихэн дүлий, нүдэн балай суух юм. НИТХ-ын төлөөлөгчид яахав ээ, бүгд л нэг албан тушаал авчихсан, Засаг даргадаа хяналт тавих манатай, амиа хоохойлж суугаа. Харин нийслэлийн төсөв энэ мэтчилэн салаагаар нэг урсаж байхад А.Баяр дарга үүргээ умартан чимээгүй сууж байгааг юу гэж ойлгох вэ. Эсвэл өөрийнх нь хамаарал бүхий аж ахуйн нэгж, компани ард нь байдаг хэрэг үү. Түүнээс нийслэлийн Засаг даргын бүхий л ажилд хяналт тавьж ажиллаж байх ёстой НИТХ-ын дарга үүнийг хянаж буруу яваа зүйлийг зөв замд оруулах үүрэгтэй. 

Эргэн сануулахад Х.Нямбаатар нийслэлийн Засаг дарга болсноос хойш төсвийг гамгүй зарж байгааг хаа хаанаа шүүмжилж байгаа. Тухайлбал, 2023-2025 оны хугацаанд нийслэлийн төсвийн нийт зарлага нэг их наяд 277.9 тэрбум төгрөгөөс таван их наяд 86 тэрбум төгрөг болсныг ч дэлгэж байсан. 

Мөн өнгөрөгч жил “Хас”-ын хэмээх Ч.Ганхуяг нар хамтарч "Монголын шинэ эдийн засгийн форум" хэмээх ТББ байгуулж, хурал, форум зохион байгуулах нэрээр Х.Нямбаатараас нэг тэрбум төгрөг шилжүүлсэн нь ч баримтаар дэлгэгдэж байв. Мөнхүү УДЭТ-ын жүжигчин Г.Алтангэрэл, Г.Номуун нар 2023 оны зургаадугаар сард Баянхонгор аймгийн Галуут суманд амьдрахаар шийдэж, нүүж буй тухайгаа цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэж, тэд орон нутагт амьдрах хугацаандаа нүүдэлчин ахуйг харуулсан "Хөх дөл" хэмээх 20 ангит цуврал контент хийхэд зориулж, нийслэлээс 211 сая 200 мянган төгрөг өгсөн. Хувь уран бүтээлчид бүтээл хийхэд нийслэлээс мөнгө өгөх хэрэг юун. Энэ мэтээр нийслэлчүүдийн төсөв үрэн таран болж байхад хяналт тавьж ажиллах ёстой НИТХ-ын дарга А.Баяр чимээгүй суугаагийн цаана ямар эрх ашиг байна. 

С.Данзан

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.