dobu.mndobu

Эрчим хүчний салбарын зохицуулалтын орчинг сайжруулж, зах зээлийн бүтцийг өөрчилнө

0

НийтлэлчAdmin

Огноо2026-04-14

Эрчим хүчний салбарын зохицуулалтын орчинг сайжруулж, зах зээлийн бүтцийг өөрчилнө

Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэдэх Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төвөөс зохион байгуулж буй “Эрчим хүчний салбарын долоо хоног” арга хэмжээний хүрээнд өнөөдөр (2026.04.14) “Эрчим хүчний салбарын зохицуулалтын орчин, зах зээлийн бүтцийн өөрчлөлт, шаардлага” сэдэвт хэлэлцүүлэг амжилттай зохион байгуулагдлаа.

Тус арга хэмжээ нь “Эрчим хүчний салбарын бодлогын хэрэгжилт ба тулгамдаж буй асуудлууд” сэдэвт нээлтийн хэлэлцүүлгийн үргэлжлэл бөгөөд салбарын бодлого, зохицуулалт, зах зээлийн шинэчлэлийн асуудлыг гүнзгийрүүлэн авч хэлэлцэж буйгаараа онцлог байв.

Өнөөдрийн хэлэлцүүлгээр эрчим хүчний үнэ тарифын зохицуулалт, зах зээлийн загварын шинэчлэл, дулаан хангамжийн системийн тулгамдсан асуудлууд, эрэлтийн удирдлага болон сэргээгдэх эрчим хүчний хэрэглэгчийн ангиллын хэрэгцээ зэрэг асуудлуудыг олон талын оролцоотойгоор хэлэлцэв.

Илтгэлүүдэд дурдсанаар эрчим хүчний салбарт дараах хүндрэлүүд тулгамдаж байна. Үүнд:

Цахилгааны тариф үйлдвэрлэлийн өртгөөс доогуур тогтож байгаа,
Зах зээлийн бодит үнэ бүрэлдэх орчин хангалтгүй,
Үр ашигтай ажиллах эдийн засгийн хөшүүрэг сул,
Хөрөнгө оруулалтын шийдвэрүүд оновчгүй байдалд хүрч байгаа,
Өрсөлдөөнт зах зээлийн орчин хязгаарлагдмал байгаа зэрэг асуудлууд багтаж байна.

Эдгээр асуудлыг шийдвэрлэх хүрээнд цахилгааны зах зээлийг үе шаттайгаар өрсөлдөөнт хэлбэрт шилжүүлэх шаардлагатайг онцоллоо. Богино хугацаанд өдрийн өмнөх болон туслах үйлчилгээний зах зээлийг нэвтрүүлэх, байршлаас хамаарсан үнэ тогтоох (LMP), хараат бус системийн оператор (ISO)-ын тогтолцоог бүрдүүлэх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэх боломжтой гэж үзэж байна.

Дунд хугацаанд хэрэглэгч талыг хамарсан бодит цагийн зах зээлийг хөгжүүлэх, автоматжуулсан диспетчерийн зохицуулалт нэвтрүүлэх, сэргээгдэх эрчим хүчний таамаглалыг сайжруулах, хурдан тооцооны системийг нэвтрүүлэх шаардлагатай байна гэсэн юм.

Урт хугацаанд чадлын зах зээл болон нүүрстөрөгчийн зах зээлийг бодлогоор дэмжин хөгжүүлэх нь эрчим хүчний салбарын тогтвортой байдлыг хангах стратегийн чухал алхам болохыг онцоллоо.

Дулаан хангамжийн салбарт тарифын түвшин хангалтгүй байгаагаас дулааны цахилгаан станцууд цахилгаан үйлдвэрлэлийг илүүд үзэх хандлага нэмэгдэж, улмаар дулааны системийн горим алдагдах эрсдэл үүсэж буйг мэргэжилтнүүд анхааруулсан.

Хэлэлцүүлгийн төгсгөлд оролцогчид эрчим хүчний салбарын зохицуулалтын орчныг боловсронгуй болгох, зах зээлийн ил тод, өрсөлдөөнт бүтцийг бүрдүүлэх, тарифын бодлогыг эдийн засгийн үндэслэлтэй болгох, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх нь салбарын тогтвортой хөгжилд шийдвэрлэх ач холбогдолтой гэдэгт санал нэгдэв.

“Эрчим хүчний салбарын долоо хоног” арга хэмжээний хүрээнд цаашид салбарын хөрөнгө оруулалт, хүний нөөц, технологийн шинэчлэл, эрх зүйн орчны асуудлуудыг цогцоор нь хэлэлцэх юм.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.