0

Нийгмийн нэг хэсгээ тэр чигт нь буудан хороодог хэлмэгдүүлэлтийн хар толбо ардчилсан нийгэмд үгүй болсон гэвэл том эндүүрэл. Хуульчдийн өөрсдийнх нь томъёоллоор хэлмэгдүүлэлт хамгийн "янаг" үе дээрээ яваа гэх. Лхүмбэ нар шиг шууд буудан хороохгүй, Лоохууз нар шиг нутаг заан цөлөхгүй ч хэн нэгнийг хэллмэгдүүлэхдээ алдар хүндийг нь гутааж, аминаас нь бусад бүхнийг булааж "янаглан хорлоно" гэдгийг утгаар нь мэдрүүлдэг болсон учраас "янаг" гэцгээх болсон нь энэ.
Өмгөөлөгч Б.Мэргэн 2025 оны аравдугаар сарын 02-ны өдөр Төрийн ордонд хэлмэгдүүлэлт технологитой болсон гэж мэдэгдсэн. Технологио хэн нэгэн дээр хэрэгжүүлэхдээ эхлээд хэвлэл болон олон нийтийн сувгийг ашиглан гүтгэдэг. Үүний дараа таван сая төгрөгийн авлига авсан гэдэг зохиомол хэрэг үүсгэнэ. Дараа нь гэр орон, харилцаа холбоо бүх зүйлийг нь нэгжиж шалгах эрхтэй болж жинхэнэ хууль зөрчсөн баримтаа олж авахаар ажиллаж эхэлдэг. Юм олдвол эхэлж нээсэн 5 саяын авлигын хэргээ бүр мартаж орхино. Ингээд хэзээ ч дуусахгүй тав, арван жилийн хуулийн маргаан эхлүүлж, хорьж цагдан хэлмэгдүүлдэг. Хэлмэгдэгсэд энэ бүхнийг даван туулж чадахгүй бууж өгдөг, бууж өгөх хүртэл нь хэлмэгдүүлэлтээ үргэлжлүүлдэг гэж хэлсэн.
Яг ийм кэйс Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд үргэлжилж байна.
Яг Б.Мэргэн өмгөөлөгчийн хэлсэн шиг УИХ-ын дарга асан З.Энхболдыг 2022 оны 12 сарын 13-ны өдөр нүүрсний хулгайд холбогдсон 17 хүний нэгээр зарласан. Үүнээс хойш тав дахь жилтэйгээ нүүр тулж буй уг асуудал шүүхэд хэлэлцэгдэж буй нь энэ. Ингэхдээ нүүрсний хулгайн гэх асуудал сураггүй болж З.Энхболд хамжигч, хатгагч, Зам тээврийн сайд асан Б.Энх-Амгалан албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх хэрэг болж хувирсан. Хэрэг гэхээсээ илүүтэй асуулт олонтой, нотлох баримтгүй, хохирсон хохирогчгүй зөвхөн орон нутгийн замын ангиллыг өөрчилж улсын чанартай авто зам болгосон тогтоолтой холбогдож байгаа нь анхаарал татна.
Прокурорын байгууллага Зам тээврийн сайдын уг тогтоолыг яагаад гэмт хэрэг гэж үзсэн бэ гэвэл энэ замаар нүүрс тээвэрлэж буй Страто компани УИХ-ын дарга асан З.Энхболдынх гэж үзсэн учраас. Гэхдээ Страто компани түүнийх битгий хэл хамааралтай гэдгийг нь ч прокурорууд нотолж чаддаггүй гэнэ. Сошиалаар З.Энхболдынх гэж ярьж, бичээд байсан болохоор тэгж бодсон гэж шүүх танхимд яриад зогсож байх жишээтэй. Мөн энэ хоёр эрхэм уг асуудал үүссэнээс хойш шүүхийн танхимд анх удаа уулзсан учраас түүнээс өмнөх бүх үйлдлээ шалгуулж уулзсан уулзалтаа тогтоолгоё гэсэн хүсэлт гаргасан байдаг. Үүнийг нь прокурорууд мөн л тогтоож чадаагүй. Зам, тээврийн яам руу З.Энхболд орж байгаа нь бичлэгээр тогтоогдоогүй нь энэ хүмүүс Зам, тээврийн яаманд уулзаагүй гэсэн үг биш гэсэн тайлбарыг прокуророос өгөхөд хүргэжээ. Уг нь бол уулзаагүй бол уулзаагүй, бичлэг байхгүй бол байхгүй гэсэн үг гэдгийг шүүгдэгчид хэлээд ядаж хамгийн тод мөртэй харилцаа холбоог минь шалгаад утсаар ярьсан эсэхийг тогтоогоод өгөөч гэсэн хүсэлтийг шүүгдэгчид мөн гаргасан байна. Үүнийг мөн л прокуророос тогтоож чадаагүй. Прокурорууд нотолж чадаагүй учраас З.Энхболд, Б.Энх-Амгалан хоёр уулзах нь бүү хэл утсаар ч ярьж байгаагүй гэдэг нь нотлогдсон болж байна.
Өөрийгөө болон УИХ-ын дарга асаныг шүүх танхимд ирэх хүртэл томорсон тогтоолынхоо талаар сайд асан Б.Энх-Амгаланд хэлэх тайлбар маш олон байсан. Тэрээр энэ маршрутыг сэргээх асуудал надаас өмнөх гурван сайдын үед яригдаад миний үед албажсан нь энэ. Улаанбаатар Таван толгой түлш компанийн түүхий эд медлингийг Өмнөговь-Дундговь-Улаанбаатар чиглэлийн хатуу хучилттай жин, тонн хэтрүүлэн зөөвөрлөснөөс болж эвдрэл, гэмтэл ихээр гарч замын аюулгүй байдал, иргэд, зорчигчдийн ч амь нас, эд хөрөнгөнд бодит аюул нүүрлэж байсан учраас Цогтцэций-Говьсүмбэр чиглэлийн маршрутыг сэргээх нэгдүгээр шаардлага байсан. Хоёрдугаарт энэ замаар зөвхөн "Страто" компани нүүрс зөөвөрлөөд "Их дэлгэмэл ингүүн" компани арчилалт хийж ашиг олоод байсан юм биш. Ковидын үед 35 сая тонн нүүрсийг маш олон компани уг маршрутаар урд хөршид нийлүүлж эдийн засагт асар их тустай шийдвэр байсан нь нотлогдсон. "Их дэлгэмэл ингүүн" компани уг замын арчлалтыг авснаараа ашиг олсон гэхээсээ илүүтэй хохирол амсчихаад байгаа. Өөрсдийн хөрөнгөөр арчилалт хамгаалалтын техник авахаас эхлээд засвар арчлалтын багагүй ажил хийсэн ч удахгүй уг тогтоол хүчингүй болж эдийн засгийн хохирол амссан гэж мэдэгдээд байгаа юм.
Тэгвэл УИХ-ын дарга асан З.Энхболд Страто болон Их дэлгэмэл ингүүн компанитай ямар ч хамааралгүй гэдэг нотлох баримтаа дэлгэж эхнэрийнх нь дүү аль нэг компанид ажиллах нь тухайн компанитай нэгдмэл ашиг сонирхолтой гэсэн үг биш гэсэн тайлбарыг хэлж, хууль ярьж байна.
Энэ өдрүүдийн шүүх хуралдааны үеэр хэлэгдэж, яригдсан зүйлийн агуулга ийм. Асуулт маш ихийг дагуулсан, асуулт бүр нь хариултгүй бас нотлох баримтгүйгээр төрд зүтгэж асан хоёр эрхмийг яллахаар дүгнэлт үйлдчихсэн хэлэлцэж байна. Яг Б.Мэргэн өмгөөлөгчийн хэлсэн шиг технологи энэ асуудалд үйлчилж байгаа юм биш биз. Хэргийг баячуудын хүүхдүүдийн зодооныг шүүсэн шүүгч Д.Сувд-Эрдэнэ шүүж буй. Мөн шүүгч Э.Чанцалням, Г. Ууганбаатар нар шүүж буй нь анхаарал татаж байна. Ямар ч баримтгүйгээр яллахаар зүтгэж буй энэ үйлдлийг УИХ-ын дарга асан З.Энхболдын хийсэн улс төрийн мэдэгдлүүд нь түүнийг хэлмэгдүүлэлтийн хонгилоор оруулах шалтгаан боллоо гэж үзэх ч хүмүүс байна. Дээхнэ үеийн хэллэг хонгил нь одоо технологижиж түүгээрээ З.Энхболдыг чирч байна уу гэсэн асуултад шүүх шийдвэрээрээ өнөөдөр хариулах бололтой.
Төр өмчөө мэднэ, Таван толгойг танд үлдээлээ гэсэн алдарт үгийг хэлж улс төрийн гэмт бүлэглэлүүдтэй тэмцэж явсан учраас түүнд итгэж байгаа юм. Тэгээд ч 2013 онд тэрээр Өдрийн сонинд өгсөн нэгэн ярилцлагадаа манай ах дүүсээс зөвхөн би л улс төрд байхад болно. Нэг нь нэмэгдээд ороод ирвэл энэ ашиг сонирхлын зөрчил болно гэж өгүүлж байсан удаатай.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.