0

Meta компани хиймэл оюун ухаанд (AI) чиглэсэн хөрөнгө оруулалтаа эрс нэмэгдүүлж буйтай холбоотойгоор ирэх сард мянга мянган ажлын байрыг цомхотгохоор төлөвлөжээ.
Тус компани ажилчдадаа хүргүүлсэн дотоод санамж бичигтээ нийт ажиллах хүчнийхээ 10 хувь буюу ойролцоогоор 8,000 ажилтныг цомхотгохоо мэдэгдэж, мөн шинээр ажилтан авахгүй байхаар болжээ.
Цомхотголын гол шалтгаан нь хиймэл оюун ухааны чиглэлд хийх зардал огцом нэмэгдсэнтэй холбоотой гэж үзэж байна. Meta энэ жил ойролцоогоор 135 тэрбум ам.долларыг AI болон холбогдох технологид зарцуулахаар төлөвлөсөн нь өмнөх жилүүдтэй харьцуулахад огцом өсөлт юм.
Тус компанийн гүйцэтгэх захирал Марк Зукерберг мэдэгдэлдээ, хиймэл оюун ухаан ажлын бүтээмжийг эрс нэмэгдүүлж, өмнө нь том баг шаарддаг байсан ажлыг цөөн хүн гүйцэтгэх боломж бүрдэж байгааг онцолжээ. Тэрбээр “2026 он бол хиймэл оюун ухаан бидний ажиллах арга барилыг үндсээр нь өөрчилж эхлэх жил болно” хэмээн дурдсан байна.
Мөн Meta сүүлийн үед ажилчдын компьютер ашиглалт, товшилт, үйлдлийг хянах замаар хиймэл оюун ухааны загваруудаа сургах шинэ аргыг хэрэгжүүлж эхэлсэн нь дотооддоо маргаан дагуулж буй аж.
2022 оноос хойш Meta хэд хэдэн удаа томоохон цомхотгол хийж байсан бөгөөд энэ удаагийнх нь 2023 оноос хойших хамгийн томд тооцогдох ажилчдын цомхотгол болж байна.
Түүнчлэн технологийн салбарын бусад томоохон компаниуд болох Amazon, Oracle, Microsoft зэрэг нь мөн адил хиймэл оюун ухаанд чиглэсэн хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, ажлын байрны цомхотгол хийж байгаа нь энэ салбарт өрнөж буй томоохон өөрчлөлтийг илтгэж байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.