0

Туулын хурдны зам хэмээх нэгэн аварга хэрүүлийн алим байна. Үйл явц бараг төгсөх тийшээ хандаж байж магадгүй. Учир нь иргэдийн эсэргүүцэл маш хүчтэй, тогтвортой байгаа. Social licence буюу нийгмийн хүлээн зөвшөөрөгдөл байхгүй ийм төслийг хүчээр зүтгүүлсээр байгаад явуулах нь өөрөө улс төрийн нэн эрсдэлтэй алхам. Гурав шахам их наядын гүүрэн зам байтугай гуравхан тэрбум төгрөгийн усан оргилуурыг зүтгэж барьсан С.Амарсайханыг л хар. Улс төрчид дундаа нэр хүндээрэээ хамгийн сүүлийн байрыг эзэлдэг.
Нямбаатар л “зориуд явуулгатай эсэргүүцээд байна” гээд байгаагаас биш эсэргүүцэж буй хүмүүс нь бол яг л бор зүрхээрээ үзэж тараад байна. Хэрэв ямар нэг хөдөлгөөн зохион байгуулалт, ивээн тэтгэлэгтэй бол илт харагддаг. Харин энд тийм зүйл алга тийм ч болохоор Нямбаатарт Social licence алга гэж хэлээд байгаа юм.
За энэ төслийг зогсоолоо гэхэд аль хэдийнэ авчихаад байгаа 500 тэрбум (зарим эх сурвалж 621 тэрбум ч гэж байна) төгрөгийг яах вэ? Өгсөн эзэнд нь буцаах уу? Өөр зүйлд зарцуулах уу? Нэгэнт шийдэгдчихсэн энэ их мөнгийг түгжрэлд нь зарцуулна гэвэл танд ямар санаа байна вэ? Бид энэ удаад түгжрэлийн эсрэг санаануудыг түүж цуглуулж байгаад хэдэн арга зам жагсаахыг оролдлоо. Улаанбаатарын хүн бүхэн түгжрэлийн тухай мэдлэгтэй бөгөөд түгжрэлийн эсрэг ямар нэг санаа тээж явдаг билээ.
Нэг. Олон хүн хөлхдөг обьектуудыг хотоос гаргах.
Энэ хувилбар хамгийн их хүнд таалагддаг тул жагсаалтын эхэнд орлоо. Нүүлгэх обьектуудын тоонд их сургуулиуд, Нарантуул зах болон тэр орчмын бусад том худалдааны төвүүд, Зуун айлын барилгын нэгдсэн зах, Баянзүрхийн гэх мэт хүнсний томоохон захууд орж байна. Нээрэн ч хүнс бараагаар нь солонгоруулж байгаад хотынхоо 4 талд гаргаад, 6 эгнээ замаар орц гарцыг нь шийдээд, хот руу цухуйнгуутаа таван тийшээ тарж салаалаад явчихдаг бол түгжрэл гэгч эрс буурна даа. Тэгэхгүй бол багадаа л 300 метр газар тойрог түгжрэл үүсгэн, тэр хавийнхаа уулзвар бүхнийг таг бөглөдөг.
Хоёр. Сургуулиуд нэмж барих
Сургууль амарсан мэдээг сонсоод бид “даанч тийм байхаа түгжрэлгүй болчихсон байсан юм” гэж дуу алддаг. Тэгвэл сургуульд хүүхдээ зөөх гэж түгжрэлд дор хаяж 30-40 хувь, ид хүүхэд зөөдөг цагаар бол бараг 60-70 хувийн нэмэр оруулдаг бүдүүн тойм мэдрэмж төрж байна. Сургууль болон түгжрлийн уялдааны судалгаа байдаг байж таарна. Тэндээс харж байгаад сургуулиудыг зохих газар нь бариад явчихвал түгжрэлийнхээ талыг дараад авчих бишүү. 500 тэрбум гэдэг чинь 960 хүүхэд сурах 20 сургууль. Их нэмэр болно шүү. 2,8 их наядаар нь бодвол бараг 120 ширхэг сургууль!
Гурав. Төмөр замыг хотоос гаргах
Манай хот дундуураа нэг тууш төмөр замтай. Тэрнийхээ хоёр талаар явж явж байгаад нэг хөндлөн гарц юмуу, нүхэн гарц тааралдангуут давж явдаг. Энэ төмөр замыг хуулж аваад Богд уулын урдуур тавьчихвал түгжрэлийг эрс бууруулна гэх хүн багагүй бий.
Дөрөв. Хэрсэн замууд
Дээрх санааны ижил хувилбар. Арван зэрэгцээ замаар түгжрэхгүй тууж байсан ч тэдгээр нь ганц л газраар гардаг бол тэндээ таг бөглөрөөд ямар хэрэг байх билээ? Манай хотын авто замын сүлжээний зарчим яг л ийм шүү дээ. Тиймээс том замуудтай холбогдсон олон жижиг нарийн замууд асар олныг нэмж байж түгжрэл буурна гэх хүмүүс их байдаг. Дэлхийн хотуудын авто замын зарчим л даа. Манайх шиг талбайтай ч манайхаас даруй 10 дахин их автомашинтай түгжрэхгүй болоод байдгийн нууц нь чухам энэ аж.
Тав. Олон түвшний зам.
Уулзварууд болон зарим буцаж эргэлтийг газар доогуур, эсвэл гүүр болгож дээш өргөх замаар машинууд нэгэндээ садаа болохгүй нэвтрэлтүүдийг хийх нь түгжрэлээс аврах нэгэн гарц гарцаагүй мөн. Нэгэнт гартаа оруулаад 500 тэрбум төгрөгийг үүнд зарцуулбал тун ч сайн сан.
Зургаа. Гүүр нэмэх
Туул, Дунд, Сэлб гол дээгүүр гүүр нэмэх нь нэмэлт жижиг замууд нэмэх санааны л нэг хэсэг. Ерөнхийдөө том замуудыг холбосон нэвтрэлтүүдийг л сайжруулж байгаа юм. Санадаг л санаа.
Долоо. Туулын хурдын зам барих
Яармагт амьдардаг хүмүүсийн зарим нь олзуурхаж байх шиг. Гэхдээ Яармагаас наашлаад Зайсангаар хотын төв рүү орох юмуу даа. Тэгвэл одоо байгаа замыг нэг эгнээгээр өргөжүүлчихэд болчих ажил харагдана. Эл төслийг санаачлагчид “УБ хотоор зүгээр дайран өнгөрөх гэж байгаа хүмүүс түгжрэл нэмдэг юм аа, тэд нар үүгээр зорчоод амар болно” гэцгээсэн. Гэтэл тийм хүмүүс хаашдаа л Богд уулынхаа урдуур яваад сурчихсан байдаг. Даялалтын илүү нь 10 км хүрэхгүй. Яс юман дээр одоогийн Дүнжингаравын замын ачаалал ёстой л Дүнжингарав зах дээр бөөгнөрдөг болохоос уртынхаа хэрээр ашиглалт маш багатай. Туулын хурдын зам тэрний л араас орох болов уу даа. Түгжрэхгүй юм чинь Туулын хурдны замаар явья гэх хэн байх вэ? Гээд бодохоор түгжрэлийг 13%-аар бууруулна гэсэн тооцоо ч хуудуутай санагдана.
Дээрх арга замуудыг ороод ирчихсэн 500 тэрбумаар санхүүжүүлбэл түгжрэлийг нэлээд буулгахаар, төслийн бүтэн мөнгө 2,8 их наядыг зарцуулбал түгжрэлийг нам ялахаар л харагдаж байна. Гэтэл заавал тийм муйхар төсөл сэдчихээд иргэдтэйгээ дайн зарлах нь холгүй алалдах ямар хэрэг байна Х.Нямбаатар аа?!
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.