0

Зүрхний цохилт бага байх нь зүрх судасны эрүүл мэндэд тустай гэсэн нийтлэг ойлголт байдаг. Гэсэн хэдий ч зүрхний цохилт хэт бага эсвэл өндөр байх нь цус харвалтын эрсдлийг нэмэгдүүлдэг болохыг судалгаа харуулж байна.
Лондонгийн Империал Коллежийн (ICL) доктор Декстер Пеннээр ахлуулсан судалгааны баг Их Британийн Биобанкны өгөгдлийг ашиглан 14 жилийн турш 460,000 орчим хүнийг ажиглаж, зүрхний цохилт болон цус харвалтын эрсдэлийн хоорондын хамаарлыг шинжилжээ. Хяналтын хугацаанд гарсан 12,290 харвалтын тохиолдлыг шинжилж, баг нас, хүйс, цусны даралт ихсэх, чихрийн шижин зэрэг зүрх судасны эрсдэлт хүчин зүйлсийн хамт фибрилляцийн (fibrillation гэдэг нь зүрхний булчингийн эсийн хэвийн бус, маш хурдан, эмх замбараагүй чичиргээг хэлдэг эмнэлгийн нэр томьёо юм) нөлөөллийг тохируулсан байна.
Үүний үр дүнд "U хэлбэрийн" хэв маягийг тодорхойлсон бөгөөд тайван үеийн зүрхний цохилт минутанд 60-69 цохилт (bpm) байх үед цус харвалтын эрсдэл хамгийн бага байгааг, 50 bpm-ээс доош эсвэл 90 bpm-ээс дээш байх үед эрсдэл нэмэгддэг болохыг харуулжээ. Ялангуяа зүрхний цохилт маш бага үед цус харвах эрсдэл ойролцоогоор 25%, зүрхний цохилт маш өндөр үед 45% орчим өндөр байгааг тогтоожээ.
Энэ хамаарал одоо байгаа бүх эрсдэлт хүчин зүйлсийг тохируулсны дараа ч үргэлжилсээр байгаа аж. Үүн дээр үндэслэн судалгааны баг зүрхний цохилт нь зүгээр л төөрөгдүүлэгч хувьсагч биш, харин цус харвалттай холбоотой биологийн дохио байж болохыг тайлбарлав.
Гэсэн хэдий ч нарийвчилсан шинжилгээгээр энэхүү U хэлбэрийн хамаарал нь зөвхөн фибрилляцигүй хүмүүст ялгаатай байсан бол энэ өвчтэй хүмүүст тодорхойгүй байгааг тогтоожээ. Баг нь зүрхний цохилтын нөлөө харьцангуй далдлагдсан байж магадгүй гэж үзэж байна, учир нь тосгуурын фибрилляци нь өөрөө цус харвалтын эрсдлийг таван дахин нэмэгдүүлдэг хүчтэй хүчин зүйл юм.
Судалгааг удирдсан доктор Пенн "Ялангуяа фибрилляцигүй хүмүүст тайван үеийн зүрхний цохилт нь цус харвалтын эрсдлийг үнэлэх үзүүлэлт болж чадна" гэж мэдэгджээ.
Хэрэв зүрхний цохилт хэт бага байвал зүрхний цохилтын хоорондох диастолын үе шат уртасч, тархинд цусны урсгалыг бууруулж болзошгүй гэж баг таамаглаж байна. Эсрэгээрээ, хэрэв энэ нь хэт өндөр байвал цусны судасны хананд ачааллыг нэмэгдүүлж, судасны гэмтэл, цус алдалтын эрсдлийг нэмэгдүүлдэг.
Гэсэн хэдий ч тайван байх үеийн зүрхний цохилт нь цус харвалтын эрсдэл нэмэгдэхийн шууд шалтгаан уу эсвэл зүгээр л эрүүл мэндийн байдлыг тусгасан үзүүлэлт үү гэдэг нь одоогоор тодорхойгүй байна. Судалгааны баг генетикийн хүчин зүйлийн шинжилгээ, урт хугацааны хяналтын судалгаа зэрэг цаашдын судалгаа шаардлагатай гэж мэдэгдэв.
"Хэт бага эсвэл өндөр зүрхний цохилт нь зүрх судасны нийт эрсдэлийг илүү нарийвчлан үнэлэх, амьдралын хэв маягийг сайжруулах, урьдчилан сэргийлэх стандарт стратегиудыг бэхжүүлэх шаардлагатай байгаагийн дохио гэж үзэж болно" гэж судалгааны хамтрагч профессор Аластер Уэбб хэлэв.
Энэхүү судалгааны үр дүнг саяхан Нидерландын Маастрихт хотод болсон Европын Харвалтын Нийгэмлэгийн Конгресс (ESOC 2026) дээр танилцуулсан байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.