0

Эрх баригчдад итгэл алдарсан ард түмний эцсийн найдвар нь АН болчихоод байгаа. Саяхан тус нам ҮБХ-гоо хуралдуулж, генсекээрээ туршлагатай улс төрч С.Баярцогтыг томилсон шийдвэрт олон нийт алга ташсан.
Одоо харин тус намын УИХ дахь бүлгийн дарга хэн болох вэ гэдэг ирэх 7 хоногт шийдэгдэнэ. Сөрөг хүчний хувьд улс төрд оноо авах уу, алдах уу гэдэг нам гэхээс илүү УИХ дахь бүлгээс нь шууд хамаатай.
Бүлгийн даргын марафонд Д.Ганбат, Б.Түвшин, Х.Тэмүүжин нарын нэрс хүчтэй яригдаж буй. Эхний хоёр кандидатын хувьд элдэв асуудалд орооцолдоогүй харьцангуй нэр цэвэр улс төрчид. Олны хэлдэгээр тэдэнд эрх баригчдад “төмсөгдүүлэх” асуудал огт байхгүй.
Харин улс төрд анх шударга үнэний дүрээр заларсан ч төд удалгүй зэс нь цухуйсан Х.Тэмүүжингийн хувьд экс Ерөнхийлөгч Женкод ч, эдүгээгийн төрийн тэргүүнд ч атгаг шуналаасаа болж төмсөгдүүлсэн азгүй нэгэн.
БАРИМТ №1: Тэрээр 2012 оноос Засгийн газарт Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байхдаа хар тамхины хэрэгт холбогдсон Н.Сарангэрэлтэй холбоотой дуулианд нэр холбогдож “сайн ах” нэртэй болсон. Тухайн үед тэр энэ асуудлыг Х.Баттулга захиалсан мэтээр булзааруулж байсан ч “Нохой зассан эзэндээ янаг” гэгчээр одоо өнөөх Женкогийнхоо өвөрт өөрөө гүйгээд очсон байдаг юм.
БАРИМТ №2: Х.Тэмүүжин Хууль зүйн сайдаар ажиллаж байхдаа 2013 оны тавдугаар сард Дотоод хэргийн их сургуулийн 3000 сонсогчийн хичээлийн байрны барилгын ажлыг “Грийн ресурс констракшн” ХХК-д тендергүй өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл бүхэл бүтэн 50 тэрбумын ажлыг шууд гэрээгээр өгчихсөн нь хардлага дагуулж байв. Гэтэл төд удалгүй энэ хардлага батлагдаж “шударга сайд” гуай “Грийн ресурс констракшн” ХХК-ийн захирал Ц.Гантулгын төрсөн ах Ц.Цэцэнзоригийн “Рома инвестмент” ХХК-ийн барьсан Зайсан дахь “Рома таун” хотхоноос нийт 1000 мкв талбай бүхий хоёр ширхэг орон сууцыг үнэгүй авч гэнэт баяжих нь тэр. Түүгээр ч барахгүй тус хоёр орон сууцныхаа нэгэнд нь Х.Тэмүүжин өөрөө, нөгөөд нь түүний хүү Т.Бүгүнүтэй амьдарч байсан баримтыг Эргэлт.мн сайтын эрэн сурвалжлах багийн сэтгүүлчид хөдлөшгүй баримтаар нотлож олон нийтэд дэлгэсэн билээ. Х.Тэмүүжин энэхүү авлигын хэргээсээ болж хууль хүчний байгууллагад шалгагдаж хэрэг нь бараг боогдож дууссан гэдэг нь нэгэнт нууц биш болсон. Их хурлаас эргүүлэн татагдах болзолоо ингэж хангасан тэрээр энэ хэргээрээ эрх баригчдад гарах гарцгүй барьцаалагдаж, АН-ын малгай өмсчихөөд МАН-ын дохиогоор гүйдэг болсонд нам нэгтнүүд нь эгдүүцэж байгаа юм. Тийм ч учраас түүнийг АН-ын бүлгийн дарга болж МАН-ын БЭТ шиг ажилла гэдэг нууц даалгавар авсан байх гэсэн хардлага үнэний ортой болж таарлаа.
Улс төрд мөнчгөрөөрөө тойрогт үзээд гарч ирж чаддаггүй, юм л бол дандаа жагсаалтаар орж ирж бялуу хүртдэг, орж ирсэн хойноо намаа эвлүүлэх биш хагалах, хуваах, бутаргах ажлыг гардан хийдэг Х.Тэмүүжинд бүлгээ даатгавал дараагийн сонгуулиар ялалт байгуулах АН-ын хүсэл “утаа” болох нь гарцаагүй.
“Төмсөгдүүлсэн” Х.Тэмүүжин бүлгийн дарга болвол арайхийж нягтарч ядаж буй АН-ын зовлон дахин сэдэрнэ гэдгийг УИХ дахь АН-ын бүлгийнхэн мэдэхийн дээдээр мэдэж буй нь ч лавтай.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.