0

Эгч маань өнчирч үлдсэн дөрвөн хүүхэдтэй, өрх толгойлсон эмэгтэй. Нас 40 гарчихсан учраас банкны тавьж буй шалгуурт нийцэж өөрийн гэсэн орон сууцыг 8 хувийн зээлээр авах боломжгүй. Хамгийн багадаа 25 жил ипотек төлөхийн тулд 67 хүртлээ ажиллах боломжгүй, нэмээд батлан даагч байхгүй учраас дөрвөн хүүхдээ тохилог дулаан байранд амьдруулахын тулд 100 хувь төлөлт хийх, компанитай нь тохирч өндөр хүүтэй хувь лизинг авах, эсвэл түрээсийн байр дамжих гэсэн 3 сонголт л бий. Харин дүү маань ганц бие, хүнтэй сууж амжаагүй яваа залуухан багш. Цэцэрлэгийн багшийн цалингаар байр авах байтугай хэрэглээ, хоол хүнсээ зохицуулахад ч хүндрэлтэй байгаа нь худлаа биш. Тэгэхээр манай гэр бүлд байгаа ийм асуудалтай мянга, мянган өрх айл түрээсийн байр дамжиж, гэр хороололд яндан нэмж, утаа, агаарын бохирдол “үйлдвэрлэж” буй нь өнөөдрийн Монгол Улсын нэн тулгамдсан асуудлуудын нэг юм.
47 МЯНГАН АЙЛ БАНКНЫ ҮҮД САХИЖ БАЙНА
Манай гэр бүлд тулгарч буй энэхүү бэрхшээлтэй ижил төстэй, нөгөөтээгүүр бэрхшээлээ шийдэх гэж банкинд 8 хувийн хүүтэй зээл гаргуулах хүсэлт өгсөн ч хамгийн багадаа 1, уртдаа 4-5 жил хүлээж буй 47 мянган айл байгааг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан саяхны нэгэн ярилцлагадаа дурджээ.
Өөрөөр хэлбэл, Монгол Улс 2013 оноос хойш ипотекийн зээл олгож эхэлснээс хойш 13 жилийн хугацаанд 11 их наяд төгрөгийн зээлийг 140 мянган өрхөд гаргасан ч гэр хорооллын яндангийн тоо буурсангүй. Эсрэгээрээ тухайн онд 208 мянган айл гэр хороололд амьдарч байсан бол энэ тоо 2026 онд 230 мянга болтлоо өсчээ. Үүний цаад шалтгаан нь жилдээ 15-18 мянган шинээр гэрлэсэн хосууд улсдаа бүл нэмж буйтай холбоотой. Гэтэл орон сууцны статистикийн судалгаагаар эдгээр залуу өрхүүд ипотекийн зээлд хамрагдах боломжгүй, урьдчилгаа төлбөргүй, банкны өндөр шалгуур хангаж чадахгүй зэргээс шалтгаалан яндан “үйлдвэрлэгч” болдог гэсэн дүн мэдээ гарсан байгаа юм.
Нэг үгээр хэлбэл, тогтсон ажилтай, тогтмол өндөр орлоготой буюу дээрх зээлд хамрагдсан 140 мянган өрхийн олонх нь эхнэр, нөхөр хоёулаа 3-аас дээш сая төгрөгийн орлоготой байжээ. Гэтэл Монгол Улсын дундаж цалин 2.9 саяас бага байгаа нь ипотекийн зээл гэгч нь бага, дунд орлоготой иргэдээ дэмжих гэсэн үндсэн санаа, үзэл баримтлалдаа хүрч чадаагүйг илтгэж байгаа юм. Тиймээс Н.Учралын Засгийн газар Орон сууцжуулалтын тухай болон Орон сууцны санхүүжилтийн төрөлжсөн банкны тухай хуулийг УИХ-ын хаврын чуулганы үеэр өргөн барьж, намрын чуулганы эхээр батлуулахаар хүлээж байна. Түүнчлэн, 2027 оны төсвийн төслийг Ерөнхий сайд Н.Учрал УИХ-д өнгөрөгч даваа гарагт өргөн барихдаа 16 мянган өрх айлыг орон сууцанд хамруулахдаа 14 мянгыг нь 6 хувийн зээлээр, 2 мянгыг нь түрээслээд өмчлөх нөхцлөөр оруулах бодлогоо танилцуулав. Урьдчилгаа төлбөр 30 хувь байгааг 15 болгож бууруулна хэмээжээ.
УРЬДЧИЛГАА БУУЛГАХ ХЭРЭГЦЭЭ БУЮУ ТӨРД МӨНГӨ БАЙНА УУ
Зорилтод бүлэг буюу ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, залуу гэр бүлүүд банкны өндөр шалгуураас гадна урьдчилгаа төлбөрийг бүрдүүлж чадахгүйгээс зээлд хамрагдах боломж хараахан бүрдээгүй. Өнгөрсөн хугацаанд төрийн хэрэгжүүлсэн төсөл буюу “Буянт-Ухаа-1,2”, “Хангай хотхон” зэрэг том төслүүдээр түрээслээд өмчлөх, түрээслээд амьдрах хувилбаруудыг туршиж үзсэн. Энэхүү шийдвэр нь тунчиг нүдээ олсон бөгөөд олон зуун өрх түрээс төлөхийн сацуу урьдчилгаагаа бүрдүүлж, зарим нь төлөлтөө 100 хувь бэлнээр төлөх мөнгөө хуримтлуулж чаджээ. Тэгвэл энэхүү хувилбарыг 2027 оноос үргэлжлүүлэн хэрэгжүүлэхийн сацуу “олон төрөлт ипотек”-ийг хэрэгжүүлэхээр бодлогоо зарлалаа.
Урьдчилгаа төлбөрийг 15 хувь болгож бууруулна гэхээр төр иргэний өмнөөс мөнгө төлөөд, бэлэн мөнгө үйлдвэрлээд байна гэж ойлгох нь өрөөсгөл юм. Төрөлжсөн банк байгуулж, хувийн банкуудтай орон зай булаалдах асуудал ч байхгүй. Тухайлбал, манай эгч 80 метр.кв байр авлаа гэхэд тал нь 6 хувийн зээлд, тал нь түрээслээд өмчлөхөөр тооцогдоно. Тал нь зээл учраас эгч банкнаас авч буй тал зээлдээ л урьдчилгаа бүрдүүлнэ. Иргэн, Үндэсний орон сууцны корпорац, банк 3 хамтдаа гурвалсан гэрээ байгуулаад л 30 биш 15 хувийн урьдчилгаа банкинд төлөөд 6 хувиа гаргуулах нь ээ. Зээлийн босгыг бууруулах шийдэл нь ердөө энэ юм.
Төрийн хэрэгжүүлж буй “Солонго-1,2”, “Ногоон нуур” зэрэг 4000 айлын орон сууц ашиглалтад орж, эзнээ хүлээн авахад бэлэн болчхоод байгаа аж. 2027 ондоо багтаан “Сэлбэ” дэд төв зэрэг 9 төслийг ашиглалтад оруулснаар 13,390 айл Ерөнхий сайд Н.Учралын танилцуулсан хувилбараар тохилог дулаахан байранд нэн хөнгөлөлттэй нөхцлөөр амьдрах боломж бүрдэх юм. Манай эгч, дүү хоёр шиг банкны өндөр шалгуурт бүдэрч буй олон мянган залуусын хувьд энэ бол хоног тоолон хүлээж буй, хэрэгжихийг нь чих тавин анхаарч буй сэдэв мөнөөсөө мөн.
ОРОН СУУЦ ЗӨВХӨН ХЭРЭГЛЭЭ БИШ
“Дөрвөлжин ханан дунд дураар амьдарч болохгүй хашигдаж байснаас өөрийн эзэмшлийн газарт байранд амьдарч байгаа юм шиг амьдрах боломж бүрдүүлж өгөөч” гэж үе, үеийн Засгийн газарт иргэд үг дайдаг. Үүнийг ч гэсэн Н.Учралын Засгийн газар орхигдуулаагүй. Гэр хорооллыг дэд бүтцэд холбох, нарны панелаар дулаан, халаалтаа шийдэж, банкны ногоон зээлд бага хүүтэй хамрагдаж хаустай болох бодлого ч явж байгаа. Энэ бол дараагийн том сэдэв учраас энэ удаад орхиё.
Өөрийн гэсэн орох оронтой байна гэдэг нь хэрэглээнээс гадна нийгмийн тулгамдсан асуудал болох гэр бүл салалт, араар тавилт, гэмт хэргийн нэмэгдэлт зэрэг олон хүчин зүйлстэй холбоотой. Аз жаргалтай амьдарна гэж итгэсэн олон мянган залуус зөвхөн байрны урьдчилгаа бүрдүүлэхийн тулд гадагшаа явж хараар ажиллаж байна. Ард нь эр нөхөр, эхнэрээ хүлээсэн хань, өнчин мэт өсөж буй олон хүүхдийн хувь заяа үүнтэй холбогдож яригддаг. Хадмын гэрт амьдардаг, хажуу өрөө түрээсэлсэн залуус өөрийн дураар ч инээж, ханиаж, гомдож туниж болохгүй, айдастай эс бөгөөс дарамттай амьдраад ирэхээр салалт тэр хэрээр нэмэгдэж байна. Гэр хорооллын харанхуй, хүйтэн гудамжинд нялх үрс үргэлж айдастай амьдарч байгаа нь нөгөөх л орон сууцны хэрэгцээтэй холбогдож яригдах сэдэв. Тиймээс орон сууц гэдэг дөрвөлжин хана төдий биш айл өрхийн аз жаргалын түлхүүр учраас иргэдээ сайн сайхан амьдруулна гэж амлалт өгсөн ямар ч төр энэ бодлогыг хамгийн боломжтой хувилбараар үргэлж дэмжиж, амилуулж, ашигтай хувилбарыг санал болгож байх үүрэгтэй юм.
Бидний аав, ээжийн үед л байсан хажуу өрөөнд хоёр чемодантай нийлдэг байсан түүх өнөө цагт ч үргэлжилж, хоёр чемодантай нийлсэн ч нэг чемоданы эзэн нь байртай болохын тулд хүний нутагт тоосго зөөж, шал угааж, нөгөөх нь хэзээ ирэх бол гэж хүлээсээр гэрт орж эм, гадаа гарч эр болдог амьдрал олон жил үргэлжлэх ёсгүй юм.
Үүнийг шийдэх бодлогоо нэн таатай хувилбараар санал болгосон Ерөнхий сайд Н.Учрал тэр хэрээрээ олон хүнд хүлээлт үүсгэлээ. Гагцхүү баталж, хэрэгжүүлэх нь дан ганц Засгийн газрын бус УИХ-ын 126 кнопны шийдэх асуудал болов. Ард түмнээ сайн, сайхан амьдруулна хэмээн амлалт өгсөн түшээд маань энэхүү бодлогыг дэмжих үү, эс дэмжих үү гэдгийг хүлээх л үлдэв.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.