0

50 настай доктор Шонна Бёрк хөхний хорт хавдрын IV оноштой байхдаа дэлхийн хамгийн өндөр уул болох Эверестийн оргилд гарч чаджээ.
Тэрбээр 2005 онд анх удаа Эверестэд гарч байсан бөгөөд 2024 онд өвчний оношоо мэдсэний дараа, хөхний хорт хавдрын IV үедээ дахин авиралт хийхээр шийдсэн байна. Энэ хугацаанд давхар хөх авах мэс засал, элэгний мэс засал болон туяа эмчилгээ хийлгэжээ.
Бёрк 5-р сарын 23-нд далайн түвшнээс 8,848.86 метр өндөр Эверестийн оргилд хүрч, дараа нь амжилтаа 5-р сарын 26-нд олон нийтэд хуваалцсан байна.
Тэрбээр “Бид өнөөдөр Эверестийн оргилд хүрлээ. 21 жилийн дараа хоёр дахь удаагаа оргил дээр зогсож байна, энэ удаа IV үеийн хорт хавдартайгаа хамт” хэмээн бичлэгтээ хэлжээ. Мөн тэрбээр хорт хавдартай тэмцэж буй хүмүүст “үргэлжлүүл, урагш алх” хэмээн уриалсан байна.
Бёрк 12 сарын турш энэхүү авиралтад бэлдсэн бөгөөд хамгийн хүнд хэсэг нь шөнийн хэт хүйтэн нөхцөл байсан гэж BBC-д ярьжээ.
Энэхүү авиралтаараа 97,000 ам.доллараас дээш хандив цуглуулж, Macmillan Cancer Support буяны байгууллагад хандивласан байна.
Доктор Бёрк “Би Эверестийн оргилд хоёр удаа гарсан анхны эмэгтэй" хэмээн өөрийн сошиал хуудсандаа бичжээ.
Эверестийн аяллаа зөвхөн авиралт биш, харин шинжлэх ухаан болон хувийн зорилгын хослол гэж тодорхойлсон бөгөөд “чи бодсоноосоо илүү хүчтэй” гэсэн мессежийг хүмүүст хүргэхийг хүсчээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.