0

Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрт уурхайн өрөмдлөгийн цооногт унасан гурван настай хүүхдийг аврах ажиллагаа 43 цаг орчим үргэлжилж байна. Тухайн цооногийн нүхний өргөн 35 метр, урт 70 метр бөгөөд гурван дамжлагатай шаталсан байдлаар нийт 32 метр орчим ухаж, гараар хөндлөн 9 метр орчим ухаж байгаа юм.
Ослын голомтод Төв аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Эрдэнэбатаар ахлуулсан 48 хүн, 28 автомашин, 20 тусгай зориулалтын техник, хэрэгсэлтэйгээр ажиллаж байгаа юм. Мөн ОБЕГ-ын Шуурхай штабаас удирдлага, зохион байгуулалтаар тогтмол хангаж байна.
Ослын газарт ажиллаж буй хэвлэлүүдэд гурван настай охины ар гэрийнхэн мэдээлэл өгчээ. Охины авга эгч "Сошиалаар бичиж байгаа хүмүүст хандаж хэлэхэд, эцэг эх нь хангалттай өөрсдийгөө буруутгаж байгаа. Нэмж битгий буруутгаач. Аав, ээжийнх нь сэтгэл зүйн байдал маш хүнд байна. Өөрсдийгөө маш их буруутгаж байна. Угаасаа ч бидний буруу. Гэхдээ өнөөдөр Монголын нийгэм, нөхцөл байдал ямар байгаа билээ. Хүүхдээ чирээд ажлаа хийж байгаа зөндөө хүн бий. Ард иргэдээ ингэтэл нь туйлдуулж байна.
Бид итгэл найдвар тавьж хүлээж байсан ч Онцгой байдлынхантай дагалдаж ирсэн эмч өчигдөр өглөө зүрхний цохилт нь байхгүй болсон гэж албан ёсоор хэлсэн. Гэхдээ яаж ч байсан гаргаж авна гээд ажиллаж байгаа юм байна. Энд ажиллаж байгаа 30 гаруй техник хэрэгслүүд бүгд тухайн компаниас гарч байгаа. Онцгой байдлын алба хаагчид гар нүцгэн үзэж байна. Тэдний буруу биш л дээ. Гол нь төр засгаас алба хаагчдаа ямар ч багаж зэвсгээр хангаагүй байна. Могой камер гээд байгаа нь байхгүй юм байна. Уурхайн хяналтын камерыг утсаар доош нь буулгаж харсан. Охин доошоо харчихсан, нуруу нь хумигдаад орчихсон байна.
Төр засагт гэж хэлэхэд, онцгой байдлын алба хаагчдаа техник хэрэгслээр хангаач. Бараг метр ч байхгүй гар нүцгэн ирээд чадлаараа ажиллаж байна. Орон сууцны 25 давхарт гал гарахад унтраах техник алга, газрын гүнд хүн унахад аврах төхөөрөмж алга. Үнэхээр хэцүү байгаа юм байна" хэмээн хэллээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.