dobu.mndobu

Temu-д 232 сая ам.долларын торгууль ногдуулжээ

Temu-д 232 сая ам.долларын торгууль ногдуулжээ

Европын Холбоо Хятадын онлайн худалдааны платформ болох Temu-г хэрэглэгчдийг хууль бус, аюултай бүтээгдэхүүнээс хангалттай хамгаалж чадаагүй гэж үзэн 200 сая евро (232 сая ам.долларын) торгууль ногдуулжээ.

Европын Комиссын мэдээлснээр Temu платформ дээр худалдаалагдаж буй зарим хүүхдийн тоглоом, цахилгаан хэрэгсэл зэрэг бүтээгдэхүүнүүд аюулгүй байдлын шаардлагыг хангаагүй бөгөөд хэрэглэгчдэд өндөр эрсдэл учруулж байсныг мөрдөн шалгалтаар тогтоосон байна.

Уг торгуулийг онлайн платформуудыг хууль бус контент, аюултай бараанаас хэрэглэгчдийг хамгаалах үүрэг хүлээлгэдэг Европын Холбооны Дижитал үйлчилгээний тухай хууль (DSA)-ийн хүрээнд ногдуулжээ.

Энэ нь DSA хэрэгжиж эхэлснээс хойш Европын Холбооноос оногдуулж буй хоёр дахь томоохон торгууль юм. Өмнө нь Илон Маскийн эзэмшдэг X сошиал сүлжээнд 120 сая ам.долларын торгууль ногдуулж байв.

Temu торгуулийн шийдвэртэй санал нийлэхгүй байгаагаа илэрхийлж, уг арга хэмжээг хэт өндөр, зохисгүй гэж мэдэгдсэн байна. Тус компани энэхүү дүгнэлт нь 2024 онд хийсэн анхны үнэлгээнд үндэслэсэн бөгөөд одоогийн хамгаалалтын системийг бүрэн тусгаагүй гэж тайлбарлажээ.

Европын Комиссын мөрдөн шалгалтын хүрээнд хийсэн нууц худалдан авалтын туршилтаар аюулгүй байдлын шаардлага хангаагүй олон бүтээгдэхүүн илэрсэн байна. Тухайлбал, зарим цахилгаан төхөөрөмжийн цэнэглэгч үндсэн аюулгүй байдлын шалгалтад тэнцээгүй бол хүүхдийн тоглоомуудаас химийн бодисын хэмжээ зөвшөөрөгдөх хэмжээнээс давсан, мөн хүүхэд амьсгал боогдох эрсдэлтэй салдаг эд анги бүхий бүтээгдэхүүнүүд олджээ.

Одоогоор Temu Европын Холбоонд 92 сая гаруй хэрэглэгчтэй бөгөөд хямд үнэтэй хувцас, гэр ахуйн бараа зэрэг бүтээгдэхүүнийг Хятадын худалдагчдаас шууд нийлүүлдгээрээ алдартай. Тус платформ нь мөн Хятадын томоохон цахим худалдааны сайт Pinduoduo-г эзэмшдэг PDD Holdings компанийн мэдэлд байдаг.

Европын Комисс Temu-д асуудлыг засах арга хэмжээний төлөвлөгөөг наймдугаар сарын сүүлч хүртэл танилцуулах үүрэг өгсөн бөгөөд шаардлагыг биелүүлэхгүй бол нэмэлт өдөр тутмын, долоо хоногийн эсвэл сарын торгууль ногдуулах боломжтойг анхааруулжээ.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.