0

Бага сургуулийн сурагч байхдаа хорт хавдартай өвчтөнүүдэд туслахын тулд урт үсээ олон удаа тайрж хандивлаж байсан Chloe Surette хэмээх бүсгүй олон жилийн дараа өөрөө хорт хавдартай болж, эмчилгээний улмаас үсээ алдах хувь тавилантай нүүр тулжээ.
Тэрбээр багадаа ташаагаа хүрсэн урт үстэй байсан бөгөөд хорт хавдрын эмчилгээ хийлгэж буй хүмүүс үс\ нь унадаг талаар мэдсэнийхээ дараа үсээ ургуулж, хандивлахаар шийдсэн байна. Энэхүү шийдвэрт нь хорт хавдартай тэмцэж байсан нагац эгч нь хамгийн их нөлөөлжээ.
“Бага сургуульд байхдаа нагац эгч маань хорт хавдартай тэмцэж байхад би анх удаа үсээ ургуулж, хүүхэд болон насанд хүрсэн өвчтөнүүдэд хандивлахаар шийдсэн” хэмээн тэр дурссан байна.
Тухайн үед хорт хавдар гэж яг юу болохыг бүрэн ойлгодоггүй байсан ч энэ өвчин хүмүүсээс хамгийн эрхэм зүйлсийнх нь нэг болох үсийг нь авч оддог гэдгийг мэддэг байжээ. Тиймээс багадаа хэд хэдэн удаа үсээ тайруулан хандивласан байна.
Гэвч олон жилийн дараа түүний амьдрал төсөөлшгүй эргэлт хийжээ. Хлойд 2-р шатны Hodgkin's Lymphoma буюу Ходжкины лимфома оношлогдож, эмчилгээний явцад өөрийн үсээ бүрэн алджээ.
Саяхан тэрээр багадаа үсээ хандивлаж байсан үеийнхээ зургуудыг хараад сэтгэл нь хөдөлж, энэ тухайгаа TikTok-д хуваалцсан байна. Түүний бичлэг олон хүний сэтгэлийг хөдөлгөж, хэдэн зуун хүн дэмжлэгийн зурвас илгээжээ.
“Инээмсэглэсэн тэр бяцхан охин нэг өдөр өөрөө үс хүсэж сууна гэж огт төсөөлөөгүй байсан” хэмээн Хлое хэлсэн байна.
Түүний түүх цахим орчинд түгсний дараа хүмүүс зөвхөн сэтгэлийн дэм өгөөд зогсохгүй, үсээ хандивлах санал тавьж, зарим байгууллага түүнд зориулан тусгай хиймэл үс урлаж өгөхөө хүртэл санал болгожээ.
Одоо хорь гаруй настай болсон Хлое энэ бүхнийг хүний сайхан сэтгэл эргээд эзэндээ ирдэг гэдгийн тод жишээ хэмээн үздэг байна.
“Би багадаа хорт хавдартай хүмүүст бууж өгөхгүй байхыг уриалдаг байсан. Харин дараа нь өөрөө тэр нөхцөл байдалд орсон. Тиймээс би бага насныхаа өөрөөрөө бахархуулахын тулд өвчнөө ялахыг улам их хүссэн” гэж тэр ярьжээ.
Өнөөдөр Хлое өөрийн түүхээр дамжуулан хүмүүсийг бусдад туслахыг уриалж байна. Үс хандивлах, хорт хавдрын судалгааг дэмжих эсвэл хүнд өвчинтэй тэмцэж буй нэгэндээ сэтгэлийн дэм өгөх нь асар их үнэ цэнтэй гэдгийг онцолжээ.
“Хорт хавдар хэнийг ч өвчлүүлж болно. Гэхдээ хамгийн чухал нь хорт хавдрын онош авна гэдэг үхлийн ял гэсэн үг биш гэдгийг хүмүүс ойлгоосой гэж хүсдэг” хэмээн тэр хэлсэн байна.
Мөн залууст хандан “Өөрийн хийсэн жижигхэн сайхан үйл хэн нэгний амьдралд ямар их утга учир авчирдгийг хэзээ ч бүү дутуу үнэлээрэй. Таны тусламжийг хүртэж буй хүмүүс таны төсөөлснөөс ч илүү ихээр талархдаг” гэж зөвлөжээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.