0

11 сая гаруй дагагчтай Вьетнамын гоо сайхны контент бүтээгч цусны хорт хавдартай оношлогдсоноо мэдэгдэж, олон жилийн турш эрүүл бус амьдралын хэв маягтай байснаа хуваалцжээ.
23 настай Ан Тхи өөрийн TikTok хуудсандаа нийтэлсэн сэтгэл хөдөлгөм бичлэгээрээ өвчний оношоо олон нийтэд анх удаа зарласан байна. Тэрбээр хэсэг хугацаанд тогтмол контент нийтэлж чадахгүй байж магадгүйгээ дагагчдадаа дуулгаж, өнөөг хүртэл дэмжиж ирсэн бүх хүнд талархал илэрхийлжээ.
Вьетнамын Хо Ши Мин хотод амьдардаг Ан Тхи сүүлийн гурван жилийн хугацаанд контент бүтээгчээр ажиллахдаа эрүүл мэнддээ анхаарал хандуулаагүйгээ хүлээн зөвшөөрчээ.
Тэрбээр “Би архи уудаггүй, тамхи татдаггүй учраас эрүүл мэнддээ асуудал гарахгүй гэж боддог байсан. Үүр цайтал сэрүүн байж, өдөржин унтдаг байлаа. Мөн бараг ус уудаггүй байсан” хэмээн ярьжээ.
Ан Тхигийн хэлснээр тэр өдөрт тав аяга bubble tea, матча латте болон бусад чихэрлэг ундаа тогтмол хэрэглэдэг байсан аж.
Тэрбээр удаан хугацаанд ядарч сульдах, биеийн байдал нь муудах шинж тэмдэг илэрсний дараа эмнэлэгт хандсан бөгөөд улмаар Цус сэлбэлт, гематологийн эмнэлэгт цусны хавдар буюу лейкеми өвчтэй гэж оношлогджээ.
Одоогоор түүний өвчний төрөл болон үе шатны талаар дэлгэрэнгүй мэдээлэл нийтэд зарлагдаагүй байна.
Ан Тхи өөрийн туршлагаа хуваалцсан нь залууст эрүүл мэнддээ илүү анхаарал хандуулахад нөлөөлөөсэй гэж хүсэж байгаагаа онцолжээ.
Мөн өмнө нь хацрын ясны хэлбэр өөрчлөх, хамрын мэс засал зэрэг нийт 15 удаагийн гоо сайхны мэс ажилбар хийлгэж байсан бөгөөд залуу дагагчдадаа эрүүл мэндээ хэзээ ч үл тоомсорлож болохгүйг сануулсан байна.
Түүний өвчнөө зарласан бичлэг TikTok платформд 30 сая гаруй хандалт авч, олон мянган хүн дэмжиж, хурдан эдгэрэхийг хүссэн сэтгэгдэл үлдээжээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.