0

АНУ-ын залуу загвар зохион бүтээгч Макс Александр дөнгөж 4 настайгаасаа хувцас урлаж эхэлсэн бөгөөд өнөөдөр Гиннесийн амжилтын эзэн, дэлхийн хамгийн залуу тайзны (runway) загвар зохион бүтээгч хэмээн танигдаад байна.
Автизм болон ADHD оноштой тэрбээр Ковид-19 цар тахлын үеэр анх ээждээ “би даашинз урладаг хүн” болно гэж хэлж, манекен авч өгүүлэхийг хүссэнээр загварын ертөнцөд хөл тавьжээ. Үүнээс хойш тэр уламжлалт ноорог зурах аргаас илүү даавууг шууд манекен дээр урлах “draping” техникийг сонгон, өөрийн өвөрмөц арга барилаа бүрдүүлсэн байна.
Калифорнид төрсөн Макс эхэндээ бичиж сураагүй байх үедээ хүртэл даавууг эвхэж, хэлбэр оруулан хувцас урлаж чаддаг байсан бөгөөд “Би загвар зохион бүтээгч, би чамд үзүүлнэ” гэж хэлдэг байжээ.
Түүний “Couture to the Max” брэнд богино хугацаанд олон улсын анхаарлыг татаж, цахим орчинд тэрбум гаруй хандалт авч, Instagram хуудсаараа 3 сая гаруй дагагчтай болсон байна. Одоогоор тэр 150 гаруй загвар бүтээж, даашинз, хүрэм, кимонo, цүнх, костюм төдийгүй уран хийцтэй тоглоомон бүтээлүүд хүртэл урлажээ.
Макс Нью-Йорк болон Парисын загварын долоо хоног зэрэг дэлхийн томоохон тайзнуудад өөрийн коллекцоо танилцуулж, хамгийн залуу дизайнерын хувиар Гиннесийн дээд амжилтад бүртгэгдсэн юм. Түүний бүтээлүүдийг Шэрон Стоун зэрэг Холливудын алдартнууд өмсөж байжээ.
Тэрбээр мөн 8 настайдаа НҮБ-д үг хэлж, загварын салбарын тогтвортой байдал, хаягдлыг бууруулах, дахин ашиглалтын тухай санаачилга дэвшүүлж байв. Aspen Fashion Week-д хүртэл кофены уут, байгалийн будгаар будагдсан дахин боловсруулсан материал ашиглан коллекц танилцуулсан нь олны анхаарлыг татсан байна.
Максын дизайны гол чиглэл нь байгальд ээлтэй, дахин ашигласан материал дээр суурилдаг бөгөөд хаягдал кофены уут, ашиглагдсан парашют зэрэг материалыг бүтээлдээ ашигладаг ажээ.
Түүний Парисын загварын долоо хоногийн дебют нь хамгийн онцлох мөчүүдийн нэг болсон бөгөөд Францын алдарт дуурийн театрт өөрийн коллекцоо танилцуулж, дэлхийн кутюр тайзанд хөл тавьсан хамгийн залуу дизайнеруудын нэг болсон юм.
Мөн тэрбээр загварын домог Боб Макитай уулзаж, rhinestone чимэглэлтэй гар хийцийн зангиа бэлэглэн, өөрийн шүтээнтэйгээ уулзсан сэтгэл хөдөлгөм мөчөө хуваалцсан байна. Боб Макки түүний авьяасыг өндрөөр үнэлж, “Чиний ирээдүй маш гэрэлтэй” хэмээн онцолжээ.
Гэсэн хэдий ч түүний хурдан өсөн нэмэгдэж буй алдар нэр нь олон нийтийн дунд маргаан дагуулдаг. Зарим нь ийм бага насанд дэлхийн тайзанд гарч ирэх нь зохистой эсэхийг хэлэлцдэг бол зарим нь түүний ашиглаж буй материалын байгаль орчны нөлөөг шүүмжилдэг байна.
Ээжийнх нь хэлснээр Максыг хэт олон нийтийн анхааралд автуулахгүй, сургалт, спорт, өдөр тутмын амьдралтай нь тэнцвэртэй байлгахыг чухалчилдаг бөгөөд түүнийг “загварын спортод хичээллэж буй тамирчин” шиг хүлээн авч байна.
Ийнхүү Макс Александр дөнгөж 10 настай ч дэлхийн загварын салбарт өөрийн мөрөөдлөө бодит болгож, зүгээр нэг “уншигдаагүй суут” бус, жинхэнэ дизайнер гэдгээ олон улсын тавцанд харуулсаар байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.