0

Jennie АНУ-ын Нью-Йорк хотод болсон Governors Ball хөгжмийн наадамд оролцох үеэрээ өвөрмөц шүдний гоёл буюу “гриллз” зүүсэн нь цахим орчинд халуун сэдэв болж байна.
Женни наадмын үеэр 60 орчим минутын тоглолт хийж, шинээр гаргасан уран бүтээлүүдээ багтаасан 17 дуунаас бүрдэх хөтөлбөрөө толилуулжээ. Түүний тайзны үзүүлбэрээс гадна цэнхэр сарнайн хээтэй гриллз нь үзэгчдийн анхаарлыг ихээр татсан байна.
Уг бүтээлийг Лос Анжелест ажилладаг үнэт эдлэлийн дизайнер Mark Cruz урласан бөгөөд 14 каратын цагаан алт, VVS1 зэрэглэлийн очир алмааз, цэнхэр паалантай сарнайн чимэглэлээр хийжээ.
Женнигийн шинэ төрхийг фэнүүд нь “загварлаг”, “өвөрмөц” хэмээн магтсан бол зарим хэрэглэгчид хошигнон янз бүрийн сэтгэгдэл үлдээсэн байна.
Шүдний гоёл болох гриллз нь алт, үнэт металл болон эрдэнийн чулуугаар чимэглэсэн зүүдэг хэрэгсэл юм. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар богино хугацаанд хэрэглэх нь харьцангуй аюул багатай ч удаан хугацаагаар зүүх нь шүд цоорох, буйлны өвчин үүсгэх эрсдэлтэй аж. Мөн шүдэнд тааруулж захиалгаар хийгээгүй гриллз нь шүдний пааланг гэмтээж болзошгүйг анхааруулжээ.
Ийм төрлийн гоёл хэрэглэх хүмүүс амны хөндийн эрүүл ахуйгаа сайтар сахиж, хооллох болон унтахын өмнө гриллзээ заавал авахыг шүдний эмч нар зөвлөж байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.