dobu.mndobu

Хорио цээр, хариу арга хэмжээнд нийт 522 төрийн албан хаагч ажиллаж байна

0

НийтлэлчAdmin

Огноо2026-06-13

Хорио цээр, хариу арга хэмжээнд нийт 522 төрийн албан хаагч ажиллаж байна

Баян-Өлгий аймагт бүртгэгдсэн SAT-1 хэвшлийн шүлхийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, аймгийн Онцгой комиссын хуралдаанд оролцон шаардлагатай шийдвэрүүдийг гаргалаа.

Өнөөдрийн байдлаар Алтай суманд 3, Дэлүүн суманд 2 голомтод хорио цээрийн дэглэм тогтоон ажиллаж байна. Хоёр голомтод 761 мал өвчилж, нийт 1245 малыг устгалд оруулсан. Харин Өлгий, Бугат сумдад хэрэгжүүлсэн хариу арга хэмжээ үр дүнгээ өгч, хорио цээрийн дэглэмийг бууруулан хязгаарлалтын дэглэмд шилжүүлээд байна. Шүлхийн тархалтыг зогсоох зорилгоор Алтай, Булган, Буянт, Дэлүүн, Толбо сумдын малын шилжилт хөдөлгөөнийг бүрэн хориглосон.
Хорио цээр, хариу арга хэмжээнд нийт 522 төрийн албан хаагч, үүнээс 49 хяналтын постод 139 албан хаагч үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.

Онцгой коммссын хурлаар ХХААХҮ-ийн сайдын багцаас нэн яаралтай арга хэмжээнд зориулж 50 сая төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэж, Улсын онцгой комисс болон Мал эмнэлгийн ерөнхий газраас шаардлагатай тусгай хувцас, хэрэглэл, ариутгалын бодисыг шуурхай нийлүүлэхээр боллоо.

Хорио цээрийн дэглэмд ажиллаж буй төрийн албан хаагчдын томилолтын зардал, устгалд орсон малын нөхөн төлбөрийг яаралтай шийдвэрлэх асуудлыг Засгийн газар, УИХ-ын түвшинд тавьж ажиллана.

Одоо хамгийн чухал нь хорио цээрийн дэглэмийг чанд мөрдөх. Сүүлийн өдрүүдэд САТ1 хэвшлийн шүлхийг ахуйн нөхцөлд энгийн аргаар эмчилнэ гэх мэт худал, ташаа мэдээлэл цахим орчинд түгээж байгаа нь хариу арга хэмжээнд саад учруулж, иргэдийг төөрөгдүүлэх эрсдэл дагуулж байна. Өвчний тархалт удаашрах тусам малчдын орлого, улс орны эдийн засагт учрах хохирол нэмэгдэнэ.

Баруун бүсээс Улаанбаатар хот руу мах нийлүүлэлтийн сүлжээ зогссон. Цаашид зах зээл дэх махны нийлүүлэлтэд хүндрэл үүсч, улмаар экспортын асуудал ч яригдахыг үгүйсгэхгүй.

Иймээс иргэд мэргэжлийн байгууллагын мэдээлэлд тулгуурлаж, хорио цээрийн дэглэмийг чанд мөрдөн хамтран ажиллахыг уриалж байна.
 

 

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.