0

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар хүүхэд багачуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, бие бялдрын хөгжил, эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэх, спортоор хичээллэх таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилго бүхий “Хүүхдийн спорт цогцолбор”-ын барилгын төслийн нээлтийн ёслол өнөөдөр Монголын Хүүхдийн ордонд боллоо.
Нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Ихбаяр, Монголын Хүүхдийн ордны захирал Б.Цэнгэлмаа болон төр, хувийн хэвшлийн байгууллагын төлөөлөл, хүндэт зочид, хүүхэд багачууд оролцов.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжиж буй “Хүүхдийн спорт цогцолбор” нь эх орныхоо түүхэнд сүүлийн нэгэн зууны хугацаанд анх удаа хүүхэд багачуудын эрүүл чийрэг, мэдлэг боловсролтой, эх оронч иргэн болон төлөвших ирээдүйн суурийг бэхжүүлж буй үндэсний хэмжээний хөрөнгө оруулалт юм.
Монголын Хүүхдийн ордон нь 1958 онд үүсгэн байгуулагдаж, хүүхэд бүрийн авьяас чадварыг хөгжүүлж үндэсний урлаг соёлын өвийг өвлөн тээгч иргэдийг бэлтгэх, урлаг, спортын сургалтаар дамжуулан гоо зүйн боловсрол, мэргэжлийн чиг баримжаа олгон, жил бүр 24 төрлийн дугуйланд 4,000 гаруй хүүхдийг хамруулж, 60,000 гаруй хүүхэд багачуудад соёл, урлагийн үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна.
Спорт цогцолборын барилга ашиглалтад орсноор спортын 13 төрлийн дугуйлан тогтмол хичээллэж, жил бүр 7,000 гаруй хүүхдийг сургалт, дасгалжуулалтад хамруулахын зэрэгцээ 40,000 гаруй хүүхэд, өсвөр үеийнхэнд спорт, чөлөөт цагийн олон талт үйлчилгээг хүргэх боломж бүрдэх юм.
Цаашид мөн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал спорт цогцолборын барилгын ажлыг 2027 оны 09 дүгээр сард бүрэн ашиглалтад оруулахад онцгой анхаарч, шаардлагатай хөрөнгө оруулалт, санхүүжилтийн асуудлыг үе шаттайгаар бүрэн шийдвэрлэн, төслийн хэрэгжилтийг тасралтгүй дэмжин ажиллахаа илэрхийллээ.
Ёслолын үеэр Монголын Хүүхдийн ордны авьяаслаг сурагчид мэндчилгээ дэвшүүлж хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчдөд хүндэтгэл үзүүллээ. Мөн төслийн бэлгэдэл болгон Монгол орны нэн ховор, дэлхийд зөвхөн манай улсад үлдэн амьдарч буй “Мазаалай” баавгайн дүрст дурсгалын бэлгийг гардуулсан нь хүүхэд багачуудын дунд эх орныхоо байгаль, ан амьтдыг хайрлан хамгаалах үзэл, байгаль орчны боловсролыг түгээн дэлгэрүүлэх ач холбогдолтой үйл ажиллагаа боллоо.















Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.