dobu.mndobu

Норвегийн угсаа залгамжлах гүнжийн хүү хүчингийн хэрэгт буруутгагдан дөрвөн жилийн хорих ял сонслоо

Норвегийн угсаа залгамжлах гүнжийн хүү хүчингийн хэрэгт буруутгагдан дөрвөн жилийн хорих ял сонслоо

Норвегийн угсаа залгамжлах гүнж Метте-Маритын ууган хүү Мариус Борг Хёйби хүчингийн хэрэгт буруутгагдан дөрвөн жилийн хорих ял сонсжээ.

Осло хотын шүүхээс даваа гарагт гаргасан шийдвэрээр 29 настай Хёйбид холбогдуулан шалгасан дөрвөн хүчингийн хэргийн хоёрыг нь гэм буруутайд тооцож, үлдсэн хоёр хэрэгт нь цагаатгасан байна.

Прокурорын мэдээлснээр, тэрбээр 2018-2024 оны хооронд унтаж байсан эсвэл эсэргүүцэл үзүүлэх боломжгүй дөрвөн эмэгтэйд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгт холбогдон шалгагджээ. Мөн биед халдсан, мансууруулах бодистой холбоотой хэрэг болон хамгаалах захирамж зөрчсөн зэрэг бусад хэд хэдэн хэрэгт буруутгагдсан байна.

Хёйби хүчингийн хэрэгт холбогдсон бүх буруутгалыг үгүйсгэж байсан ч бусад хөнгөн төрлийн зарим зөрчлөө хүлээн зөвшөөрчээ.

Түүнд нийт 40 эрүүгийн хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн бөгөөд прокурорууд долоон жил долоон сарын хорих ял оноохыг хүссэн байна. Харин өмгөөлөгчид нь хүчингийн хэргийн зүйл ангиудаас цагаатгаж, хүлээн зөвшөөрсөн хэрэгт нь 18 сараас илүүгүй ял оноохыг хүсч байжээ.

Зургаан долоо хоног үргэлжилсэн шүүх хурлын үеэр хэд хэдэн хохирогч мэдүүлэг өгч, Хёйбигийн гар утаснаас олдсон зурвас, зураг, дүрс бичлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцсэн байна.

Энэхүү хэрэг нь Хёйбиг Норвегийн хааны гэр бүлийн гишүүнтэй холбоотой учраас олон улсын анхаарлыг ихээхэн татжээ. Тэрбээр албан ёсны хааны цолгүй, төрийн үүрэг хүлээдэггүй боловч угсаа залгамжлах гүнж Метте-Маритын өмнөх харилцаанаас төрсөн хүү бөгөөд ирээдүйн хаан болох ханхүү Хааконы гэр бүлд өссөн юм.

Сүүлийн үед гүнж Метте-Маритын эрүүл мэнд муудаж, уушгины фиброз өвчний улмаас уушги шилжүүлэн суулгах хагалгааг хүлээж байгаа нь энэ хэргийн эргэн тойрон дахь анхаарлыг улам нэмэгдүүлжээ.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.