0

Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хамгийн том сенсациудын нэгийг Кабо-Верде улсын шигшээ баг бүтээж, дэлхийн аваргын гол фаворитуудын нэг Испанийн шигшээтэй 0:0-ээр тэнцэв.
Атланта хотын цэнгэлдэх хүрээлэнд тоглолт өндөрлөх мөчид бүхний анхаарал Кабо-Вердегийн 40 настай хаалгач Возинья дээр төвлөрсөн байв. Эцсийн шүгэл дуугарсны дараа тэрбээр нулимсаа барьж чадалгүй уйлж, багийнхаа түүхэн амжилтыг тэмдэглэжээ.
Тоглолтын турш Испанийн шигшээ довтолгоогоо тасралтгүй өрнүүлсэн ч Возинья долоон чухал хаалт хийж, хаалгаа хуурай манасан байна. Түүний гайхалтай тоглолт Кабо-Вердед ДАШТ-ий түүхэн анхны оноогоо авах боломжийг олгожээ.
Тоглолтын дараа шилдэг тоглогчоор шалгарсан Возинья “Би эмээ, өвөөгийнхөө төлөө уйлсан. Тэд хэдэн жилийн өмнө өөд болсон. Тэд миний амьдралын хамгийн чухал хүмүүс байсан. Мөн ээжийнхээ төлөө уйлсан. Тэр виз болон санхүүгийн асуудлаас болж энд ирж чадаагүй. Би түүнийг энэ мөчийг надтай хамт үзээсэй гэж маш их хүссэн” хэмээн ярьжээ.
Өдгөө 40 нас Возинья буюу жинхэнэ нэр нь Жозимар Диаш нь ДАШТ-д анх удаа оролцож буй улсын хамгийн ахмад тоглогч гэсэн дээд амжилтыг тогтоосон байна.
Түүний замнал ч онцгой аж. Мэргэжлийн хөлбөмбөгчний карьераа 25 насандаа эхлүүлсэн бөгөөд ДАШТ-д тоглох мөрөөдлөө биелүүлэхийн тулд олон жил хичээжээ. Кабо-Вердед боломж хомс байсан тул Португал руу явж, улмаар Словак, Ангол, Молдав, Кипр зэрэг улсад тоглож байсан бол одоо Португалын хоёрдугаар дивизионы “Чавеш” клубт хүчин зүтгэж байна.
Тоглолтын дараа түүний алдар нэр огцом өссөн бөгөөд Instagram дахь дагагчдын тоо нь 50 мянгаас хэдхэн цагийн дотор таван сая давжээ.
Хагас сая гаруй хүн амтай, Африкийн баруун эргээс 600 орчим километрийн зайд орших арлын жижиг улс Кабо-Верде дэлхийн аваргын тэмцээнд анх удаа оролцож байгаа юм. Испанитай хийсэн энэхүү тэнцээнийг тус улсын спортын түүхэн дэх хамгийн том амжилтуудын нэг гэж үнэлж байна.
Тоглолтын дараа Кабо-Вердегийн хөгжөөн дэмжигчид цэнгэлдэх хүрээлэнд дуулж бүжиглэн баярлаж, харин хөлбөмбөг сонирхогчид энэ өдрийн жинхэнэ ялагч нь Кабо-Верде байлаа хэмээн онцолжээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.