dobu.mndobu

Вьетнамд муур хулгайлдаг бүлэглэлийг илрүүлж, 400 гаруй муурыг аварчээ

Вьетнамд муур хулгайлдаг бүлэглэлийг илрүүлж, 400 гаруй муурыг аварчээ

Вьетнамын эрх баригчид муур хулгайлж, махны зориулалтаар худалдаалдаг байсан гэмт бүлэглэлийг илрүүлж, 400 гаруй муурыг аварсан талаар амьтны эрх хамгаалах байгууллагууд мэдээллээ.

Хо Ши Мин хотын цагдаагийн байгууллагын мэдээлснээр, “муур хулгайлах, цуглуулах чиглэлээр мэргэшсэн” гэх есөн хүнийг баривчилсан байна. Цагдаа нар өнгөрсөн долоо хоногт Тай Нинь муж болон Хо Ши Мин хотод нэгжлэг хийх үеэр мөсөн дээр хадгалсан 400 гаруй амьд муур, 80 орчим үхсэн амьтан илрүүлжээ. Мөн өөр нэг байгууламжаас 21 муурыг хураан авсан байна.

Мөрдөн шалгах ажиллагаагаар уг бүлэглэл сүүлийн гурван жилийн хугацаанд Вьетнамын өмнөд бүс нутгаар муур барьж, хулгайлан цуглуулдаг байсан нь тогтоогджээ. Сэжигтнүүд хулгайлсан муурнуудаа түр байрлуулдаг газарт аваачиж, улмаар худалдаачдад тогтмол зардаг байснаа хүлээн зөвшөөрсөн байна.

Амьтны эрх хамгаалах Humane World for Animals байгууллагын мэдээлснээр аварсан муурнуудын 40 орчим нь эзэдтэйгээ эргэн уулзжээ. Тус байгууллага орон нутгийн эрх баригчдын шуурхай ажиллагааг сайшаасан ч зарим амьтан хүнд нөхцөл байдлын улмаас амь үрэгдсэн болохыг онцолсон байна.

Одоогоор хураан авсан амьтдыг мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд нотлох баримт болгон хадгалж байгаа бөгөөд тэдэнд шаардлагатай хоол хүнс, асаргаа сувилгааг үзүүлж байгаа аж.

Вьетнамд нохой, муурны мах хэрэглэх нь хууль ёсны хэвээр байдаг ч худалдаалах тохиолдолд амьтны гарал үүслийг баталгаажуулсан зөвшөөрөл шаарддаг байна.

Humane World for Animals байгууллагын мэдээлснээр Вьетнамд жил бүр ойролцоогоор таван сая нохой, нэг сая муур махны зориулалтаар баригдаж, худалдаалагддаг аж. Гэсэн хэдий ч сүүлийн жилүүдэд, ялангуяа залуу үе болон гэрийн тэжээвэр амьтан өсгөдөг иргэдийн дунд нохой, муурны махны хэрэглээг эсэргүүцэх хандлага нэмэгдэж байгаа талаар судалгаанууд харуулж байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.