0

2026 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний “J” хэсгийн эхний тоглолтод Аргентины шигшээ баг Алжирыг 3:0-ээр буулган авч, аваргаа хамгаалах замналаа амжилттай эхлүүллээ.
АНУ-ын Миссури мужийн Канзас Сити цэнгэлдэх хүрээлэнд зургаадугаар сарын 16-ны орой болсон тоглолтын гол баатар нь Аргентины ахлагч Лионель Месси байв. Тэрбээр бүх гурван гоолыг оруулж, ДАШТ дэх анхны хет-трикээ бүртгүүлсэн юм.
Месси эхний гоолоо тоглолтын 17 дахь минутад оруулсан бол 60, 76 дахь минутуудад дахин хаалганы торыг хөдөлгөж, багтаа итгэл төгс ялалт авчирлаа.
Энэхүү тоглолт 38 настай Мессигийн Аргентины шигшээ багийн төлөө хийсэн 200 дахь тоглолт болсон төдийгүй түүнийг ДАШТ-д зургаан удаа оролцсон түүхэн дэх анхны хөлбөмбөгчин болгосон байна. Мөн тэрбээр ДАШТ-ий түүхэн дэх нийт гоолын тоогоор Германы домогт довтлогч Мирослав Клозетой эн зэрэгцэж, 16 гоолтой болсон юм.
Тоглолтын дараа Месси “Гэр бүл, багийнхан болон үргэлж дэргэд байдаг хүмүүстэйгээ энэ мөчийг хуваалцах үнэхээр гайхалтай байна. Би спортын замналдаа мөрөөдөж байснаасаа ч илүү ихийг бүтээсэн азтай хүн” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.
Аргентины шигшээ багийн дасгалжуулагч Лионель Скалони “Мессиг тодорхойлох үг надад алга. Тэр 20 жилийн турш биднийг гайхшруулж, хөлбөмбөг сонирхогч бүхэнд урам зориг өгсөөр ирлээ” гэж онцолсон байна.
Ийнхүү дэлхийн хөлбөмбөгийн хамгийн тод оддын нэг Лионель Месси дахин түүх бүтээж, Аргентины шигшээ багийг ялалтад хөтөлснөөр ДАШТ-ий эхний тоглолтын гол дүр болов.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.