0

2026 оны зургаадугаар сарын 22-ны өдөр Хөвсгөл нуурын их цэвэрлэгээ аяны нэгдүгээр шатны үйл ажиллагаа албан ёсоор эхэллээ.
Нээлтийн арга хэмжээнд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Э.Золбоо, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга Ц.Уранчимэг, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газрын дарга Б.Оюунсанаа, Усны газрын дарга З.Батбаяр, Хөвсгөл аймгийн Засаг даргын орлогч Ц.Гансүх болон холбогдох байгууллагын төлөөлөл оролцов.
Арга хэмжээний үеэр оролцогчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй нуур, гол мөрнийг хамгаалах, нөхөн сэргээх бодлого, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн зэрэг байгаль орчны чиглэлийн ажлууд нь экологийн тэнцвэрийг хадгалах, байгалийн нөөц баялгийг хойч үедээ өвлүүлэн үлдээхэд чухал ач холбогдолтойг онцолж байв.
Түүнчлэн 2022 оноос хойш Хөвсгөл нуур, Эгийн голын бохирдлын асуудалд анхаарал хандуулан идэвх санаачилга гарган ажиллаж ирсэн нутгийн иргэн Ч.Алтанзаяа, Хөвсгөлийн байгалийн цогцолборт газрын орчны бохирдлыг бууруулах чиглэлээр олон жилийн турш бодит хувь нэмэр оруулсан “Экодэвшилт” төрийн бус байгууллагын хамт олон, мөн Хөвсгөлийн аялал жуулчлал эрхлэгчдийн холбооны гишүүдийн үйл ажиллагааг өндрөөр үнэлж, талархал илэрхийллээ.
Хөвсгөл нуурын их цэвэрлэгээ аян нь байгаль орчны бохирдлыг бууруулах, тусгай хамгаалалттай газар нутгийн экосистемийг хамгаалах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой бөгөөд аяны хүрээнд шат дараатай арга хэмжээнүүд үргэлжлэн хэрэгжих юм.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.