0

АНУ-ын кино театруудад нээлтээ хийсэн Toy Story 5 хүүхэлдэйн кино эхний амралтын өдрүүдэд асар өндөр орлого олж, франчайзынхаа түүхэн дэх хамгийн амжилттай нээлт болжээ.
Кино зөвхөн АНУ, Канадын зах зээлээс 160 сая ам.долларын тасалбарын орлого олсон бол олон улсын зах зээлээс 152 сая ам.доллар төвлөрүүлж, дэлхий даяарх нийт орлого нь 312 сая ам.долларт хүрсэн байна.
Анхны “Toy Story” кино дэлгэцнээ гарснаас хойш 31 жилийн дараа бүтсэн энэхүү тав дахь анги нь 2019 онд нээлтээ хийж 120 сая ам.долларын орлогоор эхэлж байсан Toy Story 4-ийн амжилтыг давжээ.
The Walt Disney Company-ийн хамгийн ашигтай франчайзуудын нэг болох “Toy Story” цуврал өмнө нь киноны орлогоосоо л гэхэд гурван тэрбум гаруй ам.доллар олсон бөгөөд тоглоом, бараа бүтээгдэхүүний борлуулалтаас хэдэн тэрбум ам.долларын нэмэлт ашиг олжээ.
Шинэ ангийг бүтээхэд 250 сая ам.доллар зарцуулсан бөгөөд маркетингийн зардал үүнд багтаагүй байна. Кинонд ковбой Вүүдигийн дүрд Tom Hanks, Базз Лайтйерийн дүрд Tim Allen, Жессигийн дүрд Joan Cusack нар дахин дуу оруулжээ.
Киноны үйл явдалд Бонни шинэ таблеттай болсноор тоглоомуудын амьдрал хэрхэн өөрчлөгдөж буйг өгүүлдэг байна. Найруулагчаар Andrew Stanton ажилласан бөгөөд тэрээр Finding Nemo болон WALL-E зэрэг алдарт бүтээлүүдийг найруулж байсан юм.
Мөн уг кинонд Taylor Swift-ийн шинээр бүтээсэн “I Knew It, I Knew You” дуу багтжээ.
Шүүмжлэгчид болон үзэгчдээс өндөр үнэлгээ авсан “Toy Story 5” ойрын хэдэн долоо хоногт ч кино театруудын орлогыг тэргүүлэх төлөвтэй байна.
Харин өнгөрсөн долоо хоногт нээлтээрээ тэргүүлж байсан Disclosure Day хоёр дахь долоо хоногтоо 17 сая ам.долларын орлогоор хоёрдугаарт бичигджээ. Steven Spielberg-ийн бүтээл болох тус кино одоогоор дэлхий даяар нийт 160.4 сая ам.долларын орлого олоод байна.
Мөн аймшгийн төрлийн бие даасан бүтээл болох Obsession зургаа дахь долоо хоногтоо 14.2 сая ам.долларын орлого нэмж, нийт орлогоо 333.3 сая ам.долларт хүргэжээ.
Кино зах зээлийн шинжээчдийн үзэж буйгаар “Toy Story 5”, “Obsession” зэрэг бүтээлүүдийн амжилтын ачаар энэ зуны кино театруудын орлого өнгөрсөн оны мөн үеэс 15 хувиар өссөн бөгөөд цар тахлын өмнөх үеийн үзүүлэлттэй бараг ижил түвшинд хүрээд байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.