0

Зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд хоолны дэглэм барих нь зайлшгүй шаардлагатай. Бага насандаа тогтсон хоолны зуршил нь насанд хүрсэн хойноо ч эрүүл мэндэд нөлөөлдөг тул эцэг эхчүүд хүүхдүүддээ зөв хооллолтын зуршлыг хэвшүүлэхэд нь тогтмол чиглүүлэх ёстой.
ХЭТ БОЛОВСРУУЛСАН ХООЛ ХҮНС ЭСВЭЛ
ХИЙЖҮҮЛСЭН УНДАА ӨГЧ БОЛОХГҮЙ
АНУ-ын хүүхдийн зүрх судасны эмч доктор Роберт Вандекапелл Жуниор “Артерийн судасны товруу хуримтлагдах нь бага наснаас эхэлж, амьдралын туршид үргэлжилдэг удаан үйл явц” гэж мэдэгдээд “хүүхдүүдэд хот-дог, шарсан төмс, зайрмаг зэрэг хэт боловсруулсан хоол хүнс өгч болохгүй” гэжээ. Ихэнх хэт боловсруулсан хоол хүнс нь ханасан өөх тос, натри, элсэн чихэрээр баялаг байдаг.
“JAMA Network Open”-ийн мэдээлснээр , 1426 хүүхдийг хамруулсан судалгаагаар хэт боловсруулсан хоол хүнс их хэмжээгээр хэрэглэх нь биеийн жингийн индекс, бүсэлхийн тойрог, биеийн өөхний индекс, мацаг барих плазмын глюкозын түвшин өндөр байхтай холбоотой бол HDL холестерины түвшин бага байгааг тогтоожээ.
Судлаачид хэт боловсруулсан хоол хүнс хэрэглэх нь цусан дахь сахарын огцом хэлбэлзлийг үүсгэж, цатгалан мэдрэмжийг удаашруулж, улмаар илчлэгийн хэрэглээг хэт ихэсгэж, гликемийн ачааллыг нэмэгдүүлдэг болохыг онцолсон байна. Энэ нь холестерины түвшин нэмэгдэх, цусны даралт ихсэх, инсулины эсэргүүцэл, үрэвсэл, жин нэмэгдэх зэргээр зүрх судасны өвчний эрсдэлийг нэмэгдүүлдэг.
Сульфит, моносодиум глутамат, эмульгатор зэрэг хүнсний нэмэлтүүд, мөн хүнсний боловсруулалтын явцад үүсдэг акриламид зэрэг бодисууд нь зүрх судасны болон бодисын солилцооны өвчний эрсдлийг нэмэгдүүлдэг. Хийжүүлсэн ундаа, жүүс хэрэглэхийг мөн багасгах хэрэгтэй.
АНУ-ын хүүхдийн зүрх судасны эмч доктор Кристофер Нолл "Чихэртэй ундаа нь биднийг хэвийн цатгалан мэдрэмжийг үл тоомсорлож, бидний мэдэлгүйгээр их хэмжээний илчлэг хэрэглэхэд хүргэдэг" гэж анхааруулж, "зөвхөн нэг лааз хийжүүлсэн ундаа уух нь хүүхдийн өдөр тутмын чихрийн хэрэглээнээс хэтэрч болзошгүй" гэв. Ундаанд агуулагдах фруктоз нь элгэнд бодисын солилцоонд ордог. Элсэн чихэр биед хурдан ороход элэг илүүдэл сахарыг өөх тос болгон хувиргаж, хадгалдаг. Триглицеридийн өндөр түвшин нь инсулины эсэргүүцэл болон зүрхний эрт үеийн өвчний эрсдлийг нэмэгдүүлдэг.
“Cureus” анагаах ухааны сэтгүүлд нийтлэгдсэн судалгаагаар өдөрт нэгээс олон чихэрлэг ундаа хэрэглэдэг хүмүүс цочмог миокардийн шигдээсээр өвчлөх эрсдэл 1.93 дахин их байдаг бөгөөд зүрх судасны өвчний эрсдэл өдөр бүр уух нэмэлт ундаа тутамд 9% хүртэл нэмэгддэг болохыг тогтоожээ. Зүрхний титэм судасны өвчний эрсдэл 19%-иас 25% болж өсдөг байна.
БИД ТЭДНИЙГ БАЙГАЛИЙН ГАРАЛТАЙ ХҮНСНИЙ ХЭРЭГЛЭЭГЭЭ НЭМЭГДҮҮЛЭХЭД ЧИГЛҮҮЛЭХ ЁСТОЙ
Хүүхдүүд хэт боловсруулсан хүнсний оронд жимс, навчит ногоон ногоо, буурцагт ургамал, бүхэл үр тариа, өөх тос багатай мах, далайн хоол хүнс хэрэглэх хэрэгтэй. Тэд эрдэнэ шиш, төмс зэрэг цардуул ихтэй хоол хүнсийг дунд зэрэг хэрэглэж, хийжүүлсэн ундаа, жүүсний оронд ус уух хэрэгтэй. Америкийн Зүрхний Холбоо эцэг эхчүүд үлгэр дууриал үзүүлэх ёстой гэж онцолж байна. Эцэг эхчүүд хүүхдүүддээ амьдралын хэв маягаа засахад хялбар болгохын тулд эхлээд эрүүл хоол хүнс иддэгээ харуулах ёстой.
Биеийн тамирын дасгал хөдөлгөөнийг нэмэгдүүлэх нь бас чухал юм. АНУ-ын хүүхдийн эмч доктор Мона Шарифи "Бид хүүхдүүдэд өдөр бүр дор хаяж нэг цагийн турш зүрхээ хурдан цохилох боломжийг олгох ёстой" гэжээ. 6-17 насны хүүхдүүд өдөрт нэг цаг орчим дунд болон өндөр эрчимтэй биеийн тамирын дасгал хийх хэрэгтэй. Аэробикийн дасгал нь гол анхаарал хандуулах ёстой ч яс, булчинг бэхжүүлдэг дасгалуудыг оруулах нь бүр ч дээр, тухайлбал сунадаг тууз ашиглах, гүйх, үсрэх олс ашиглах нь дээр. Ийм байдлаар хөдлөх нь эрүүл жинг хадгалахад тусалдаг, зүрх судасны үйл ажиллагааг сайжруулж, зүрх судасны өвчний эрсдлийг бууруулдаг байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.