dobu.mndobu

СОНИРХОЛТОЙ ТҮҮХҮҮД: Агуу Мухаммед Алиг эргэн дурсах нь

0

НийтлэлчAdmin

Огноо2026-06-26

СОНИРХОЛТОЙ ТҮҮХҮҮД: Агуу Мухаммед Алиг эргэн дурсах нь

1979 оны 6-р сарын 26-ны энэ өдөр бүх цаг үеийн хамгийн агуу боксчин, "The Greatest" хочит Muhammad Ali хүнд жингийн дэлхийн аваргын титмээ суллаж, боксын спортоос зодог тайлж буйгаа албан ёсоор зарлаж байв.Тэрбээр үүнээс 9 сарын өмнө буюу 1978 оны 9-р сард Леон Спинксийг ялж, дэлхийн хүнд жингийн аваргын титмийг 3 дахь удаагаа авсан түүхэн дэх анхны боксчин болоод байсан юм.

Тэрбээр өөрийн карьертаа хийх ёстой зүйлсээ бүрэн гүйцээсэн гэж үзсэн төдийгүй гэр бүлдээ цаг зав гаргах, өөр салбарт хүч үзэх зорилгоор зодог тайлсан.

Түүний энэхүү шийдвэр удаан үргэлжлээгүй бөгөөд санхүүгийн асуудал болон 4 дэх удаагаа аварга болох амжилтын төлөө 1980 онд рингэндээ эргэн ирж, Ларри Холмс, Тревор Бербик нартай тулалдсан боловч харамсалтай нь ялагдал хүлээсэн юм. 

Мохаммед Али 1981 онд 39 настайдаа мэргэжлийн боксыг бүрмөсөн орхисон бөгөөд түүний карьер 56 ялалт (37 нокаут), 5 ялагдалтайгаар өндөрлөсөн түүхтэй. 

Мохаммед Али 1942 оны 1-р сарын 17-нд АНУ-ын Кентукки мужийн Луисвилл хотод Кассиус Марселлус Клэй (Cassius Marcellus Clay Jr.) гэх нэртэйгээр төрсөн юм. Түүний хүүхэд нас ирээдүйн агуу аваргыг хэрхэн бэлтгэсэн тухай сонирхолтой баримтуудыг хүргэе.

Түүний аав том Кассиус Клэй театрын самбар, хаяг зурдаг зураач байсан бол ээж Одесса Клэй нь айлын гэр цэвэрлэгч, тогооч хийдэг байв. Тэд ядуу биш ч дундаж давхаргын, маш шашинлаг гэр бүл байжээ.

Тэрбээр АНУ-ын өмнөд хэсэгт, өнгөт арьстнуудыг тусгаарлах "Жим Кроу"-гийн хууль үйлчилж байх үед өссөн. Хүүхэд байхдаа арьс өнгөөр ялгаварлан гадуурхалтаас болж дэлгүүрээс ундаа авч ууж чадахгүй байх зэрэг нь түүний зүрх сэтгэлд нийгмийн шударга ёсны төлөө тэмцэх оч болж ассан юм.

Мохаммед Алийг боксын спорт руу хөтөлсөн түүх нь түүний 12 настайд тохиолдсон нэгэн явдал юм.1954 онд тэрбээр 60 долларын үнэтэй шинэ улаан унадаг дугуйгаа хулгайд алджээ. Ууртай хүү хулгайчийг олж байгаад "зодно" гэж хашхирсаар Луисвиллийн цагдаагийн офицер Жо Мартин дээр очив. Цагдаагийн офицер Мартин чөлөөт цагаараа хүүхдүүдэд бокс заадаг байсан бөгөөд хүүд хандан "Чи хэн нэгнийг зодохоосоо өмнө эхлээд яаж зодолдохыг сурах хэрэгтэй" гэж хэлснээр Алийг боксын зааланд анх оруулжээ.

Боксын зааланд орсон цагаасаа эхлэн Али бусад хүүхдүүдээс илүү хашхирч, өөрийгөө хамгийн агуу гэж хэлдгээрээ ялгардаг байв. Тэрбээр нэг ч өдөр бэлтгэл тасалдаггүй, маш шаргуу байжээ. Али сургууль руугаа автобусаар явдаггүй, автобусны хажуугаар гүйж очдог байв. Мөн дүү Руди Клэй рүүгээ чулуу шидүүлж, түүнийг нь оногдолгүй бултах бэлтгэл хийдэг байсан нь түүний рингэн дээрх алдартай хурдан, уян хатан хөдөлгөөний суурь болсон юм.

Тэрбээр ердөө 6 долоо хоног бэлтгэл хийгээд анхны сонирхогчдын тулаандаа ялалт байгуулав. Сургуулиа төгсөх үедээ тэрбээр сонирхогчдын боксын хамгийн нэр хүндтэй тэмцээн болох "Алтан бээлий" (Golden Gloves) тэмцээнд 6 удаа, АНУ-ын сонирхогчдын аварга шалгаруулах тэмцээнд 2 удаа түрүүлээд байв. Энэхүү амжилт нь түүнийг 1960 оны Ромын Олимпын наадамд хөтөлж, 18 настай Али олимпын алтан медаль хүртэж, дэлхийн тавцанд нэрээ цуурайтуулах эхлэл болсон билээ.

Мохаммед Али 1960 оны Ромын Олимпоос авсан алтан медалиа Охайо гол руу шидсэн гэх түүх бол түүний амьдралын хамгийн алдартай домог, бас хамгийн их маргаантай сэдвүүдийн нэг юм.

Түүний 1975 онд гаргасан "The Greatest: My Own Story" намтар номд бичсэнээр 18 настай залуу аварга Олимпын алтан медалиа зүүгээд төрсөн хот Луисвиллийнхээ нэгэн зөвхөн "цагаан арьстнуудад үйлчилдэг" ресторанд орж, хоол захиалжээ. Гэвч зөөгч түүнийг өнгөт арьстай тул үйлчлэхээс татгалзсан байна. Али түүнд Олимпын аварга болсноо хэлж, медалиа үзүүлсэн ч ресторан дахь цагаан арьстнууд түүнийг доромжилж, хөөж гаргажээ. Үүнд туйлын их гомдож, урам нь хугарсан Али рестораны гадна цагаан арьст залуусын бүлэгтэй зодолдсоныхоо дараа шууд Охайо голын гүүр рүү очиж, алтан медалиа ус руу шидсэн гэдэг.

Бодит байдал дээр юу болсон бэ? 

Алигийн ойр дотныхон болон түүнийг судалсан түүхчид энэ түүхийг "бэлгэдлийн шинжтэй зохиомол түүх" буюу нийгмийн анхаарлыг арьс өнгөөр ялгаварлах үзэл рүү хандуулахын тулд менежерүүдтэйгээ хамтран зохиосон домог гэж үздэг. Медалиа зүгээр л гээсэн. Түүний багын найзууд болон дасгалжуулагчийнх нь хэлснээр, Али медалиа гол руу шидээгүй, зүгээр л хаа нэгтээ гээчихсэн байдаг. Тэрбээр медалиа хаа ч явсан зүүж, маш их хайрладаг байсан тул нэг мэдэхэд л алга болчихсон байжээ. Хожуу үеийн ярилцлагууддаа Али энэ түүхийг үнэн эсэхийг асуухад шууд хариулалгүй инээмсэглэж, заримдаа "Би медалиа хаана хийснээ санахгүй байна" гэж хэлж байв. Түүний намтарч Томас Хаузер "Али медалиа гол руу шидээгүй, зүгээр л гээсэн. Гэхдээ гол руу шидсэн гэх түүх нь түүний туулсан арьс өнгөний гадуурхалтын гашуун үнэнийг маш тод илэрхийлж чаддаг" гэж бичжээ.

Энэхүү түүх үнэн эсэхээс үл хамааран, Олон улсын Олимпын хороо (IOC) Мохаммед Алигийн спортод болон нийгэмд байгуулсан гавьяаг үнэлж, 1996 оны Атлантагийн Олимпын наадмын үеэр (түүнийг Олимпын бамбар асаасны дараа) 1960 оны Ромын Олимпын алтан медалийг нь албан ёсоор нөхөн олгож, дахин гардуулж өгсөн юм.

Кассиус Клэй гэдэг нэрээ Мохаммед Али болгон өөрчилсөн нь түүний амьдралын хамгийн зоримог, дуулиантай шийдвэрүүдийн нэг байв. Энэ нь зүгээр нэг нэр солих хэрэг биш, арьс өнгөөр ялгаварлах үзлийн эсрэг хийсэн улс төр, шашин ба соёлын маш том тэмцэл байсан юм.

1960-аад оны эхээр тэрбээр АНУ-ын өнгөт арьстнуудын эрхийн төлөө тэмцэгч, радикал үзэлтэй Малкольм Икс (Malcolm X)-тэй дотно найзлан, улмаар "Исламын үндэстэн" хэмээх шашны болон улс төрийн байгууллагад нууцаар элсжээ. Тэрбээр уламжлалт Христийн шашнаас татгалзаж, Исламын шашинтай болсон байна. Али өөрийн хуучин нэрийг Америк дахь цагаан арьст боолын эздээс дамжиж ирсэн "боолын нэр" гэж үзсэн. Тэрbээр "Кассиус Клэй бол миний сонгосон нэр биш. Би үүнийг хүсээгүй. Энэ бол миний өвөг дээдсийг боолчилж байсан цагаан арьст эздийн надад өгсөн нэр. Одоо би чөлөөтэй хүн болсон тул надад боолын нэр хэрэггүй" гэж мэдэгдэж байв.

1964 оны 2-р сарын 25-нд тэрbээр Сонни Листоныг ялж, анх удаа дэлхийн аварга болсныхоо маргааш нь "Исламын үндэстэн" бүлгэмд элссэнээ зарлаж, нэрээ түр хугацаанд Кассиус Х (Cassius X) болгов. (Энэхүү "Х" үсэг нь боолчлолын үед алдагдсан түүний жинхэнэ Африк овгийг бэлгэдэж байв). Үүнээс ердөө хэдхэн хоногийн дараа буюу 1964 оны 3-р сарын 6-нд тус бүлгэмийн удирдагч Элайжа Мөнхүү түүнд Мохаммед Али (Мохаммед - "магтууштай хүн", Али - "эрхэм дээд, өндөр") гэдэг ариун нэрийг хайрлажээ.

Америкийн цагаан арьст нийгэм болон хэвлэл мэдээллийнхэн түүний шинэ нэрийг хүлээн зөвшөөрөхөөс эрс татгалзаж байв. Спортын сэтгүүлчид, телевизийн хөтлөгчид, тэр байтугай рингэн дэх өрсөлдөгчид нь ч түүнийг "Кассиус Клэй" гэж дуудсаар байв. Али үүнд маш их дургүйцдэг байсан бөгөөд 1967 онд түүнийг хуучин нэрээр нь дуудаж өдсөн боксчин Эрни Терреллтэй тулалдахдаа үе болгонд нь хүчтэй цохиж, "Миний нэр хэн бэ? Намайг хэн гэдэг юм бэ?!" гэж рингэн дээр хашхиран, бут ниргэж байсан түүхтэй. Яваандаа түүний тууштай тэмцлийн үр дүнд дэлхий нийтээрээ түүнийг "Мохаммед Али" гэж хүндэтгэн дууддаг болсон юм.

Мохаммед Алигийн хувийн амьдрал, гэр бүл нь түүний карьер шиг маш баялаг, дуулиантай байсан бөгөөд тэрээр амьдралынхаа туршид 4 удаа гэрлэж, нийт 9 хүүхдийн (7 охин, 2 хүү) эцэг болсон юм.

Алигийн 9 хүүхдээс аавынхаа шинжийг хамгийн их өвлөсөн, олны танил хоёр охин байдаг. Лайла Али (Laila Ali) Мохаммед Алигийн 8 дахь хүүхэд. Тэрбээр аавынхаа шийрийг хатааж, мэргэжлийн боксчин болсон. Карьерынхаа туршид 24 тулалдаж, 24 ялсан (огт ялагдаагүй) бөгөөд Дэлхийн аварга болж, эмэгтэйчүүдийн боксын түүхэн дэх хамгийн шилдэг тамирчдын нэг болсон. Аав нь анх түүнийг боксчин болоход охин хүүхэд бэртэнэ гэж дургүйцэж байсан ч сүүлд нь түүгээр маш их бахархдаг болсон юм. Хана Али (Hana Ali) Зохиолч, аавынхаа тухай дурсамж ном, баримтат кинонуудыг хамтран бүтээсэн. Аавынхаа амьдралын сүүлийн өдрүүдийн тэмдэглэлийг дэлхий нийтэд хүргэсэн хүн юм.

2016 онд Мохаммед Алийг таалал төгссөний дараа түүний үлдээсэн 80 орчим сая долларын хөрөнгийг хуваарилах асуудал үүссэн. Сүүлчийн эхнэр Лонни болон 9 хүүхдийн хооронд бага зэрэг үл ойлголцол гарсан ч хөрөнгийг бүх хүүхдүүдэд нь тэгш хуваарилснаар асуудлыг шийдэж чадсан юм. Өдгөө Алигийн хүүхдүүд болон ач, зээ нар нь аавынхаа нэрэмжит сайн үйлсийн сангуудыг ажиллуулж, түүний өвийг үргэлжлүүлж байна.

Мохаммед Али 2016 оны 6-р сарын 3-ны өдөр 74 насандаа АНУ-ын Аризона муж улсын Скоттсдейл хотын эмнэлэгт амьсгалын замын хүндрэлийн улмаас үүссэн септик шок (цусны үжил халдвар)-оор насан эцэслэсэн юм.

ПАРКИНСОНЫ ӨВЧИНТЭЙ ХИЙСЭН 32 ЖИЛИЙН ТЭМЦЭЛ

Түүнийг бүрмөсөн зодог тайлснаас хойш 3 жилийн дараа буюу 1984 онд (42 настайд нь) Паркинсоны өвчин туссан гэж албан ёсоор оношилсон. Эмч нарын үзэж буйгаар түүний өвчин нь боксын карьерынх нь явцад толгойдоо авсан тоо томшгүй олон хүчтэй цохилтууд болон тархины гэмтэлтэй шууд холбоотой байв. Али энэ өвчний улмаас хөдөлгөөн нь удааширч, ярихад маш хүндрэлтэй болсон ч хэзээ ч олны өмнө гарахаас зугтаагүй юм. Тэрбээр 1996 оны Атлантагийн Олимпын бамбарыг гар нь чичирч байсан ч бахархалтайгаар асааж, дэлхий нийтийг уйлуулж байв.

2016 оны 6-р сарын 2-ны өдөр түүний амьсгалын замд хүндрэл үүсэж, эмнэлэгт яаралтай хүргэгдсэн. Хэдийгээр эхэндээ биеийн байдал нь тогтвортой гэж мэдээлэгдсэн ч өвчин нь эрчимтэй хүндэрч, эрхтнүүд нь ажиллахаа больж эхэлжээ. Түүнийг амьсгал хураах үед 4 эхнэрээс нь төрсөн 9 хүүхэд болон сүүлчийн эхнэр Лонни нар нь бүгд орных нь хажууд байж, Исламын шашны залбирал уншин, гараас нь атган үдэж өгсөн байдаг. 

Түүний охин Хана Алигийн дурсамжинд, Алигийн бусад бүх эрхтнүүд ажиллахаа больсны дараа ч түүний хүчирхэг зүрх нь дахин 30 минутын турш цохилсоор байсан бөгөөд эмч нар үүнийг "ер бусын хүчтэй зүрх" хэмээн гайхаж байжээ.

Түүнийг өөрийнх нь гэрээсэлсэн ёсоор төрсөн хот болох Кентукки мужийн Луисвилл хотын Кэйв Хилл (Cave Hill) оршуулгын газарт нутаглуулжээ. Түүний оршуулгын ёслолд АНУ-ын ерөнхийлөгч асан Билл Клинтон, Холливудын од Уилл Смит (Алигийн дүрийг бүтээсэн жүжигчин), боксчин Майк Тайсон, Леннокс Льюис нарын зэрэг дэлхийн олон алдартан ирж, хайрцгийг нь түшилцэж, хүндэтгэл үзүүлсэн юм. Луисвилл хотын гудамжинд 100,000 гаруй хүн цугларч, "Али! Али!" хэмээн хашхирч, түүнийг сүүлчийн замд нь үдсэн түүхтэй.

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.