dobu.mndobu

ТБХ: Онцгой албан татварын тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийв

0

НийтлэлчAdmin

Огноо2026-06-29

ТБХ: Онцгой албан татварын тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийв

Төсвийн байнгын хорооны өнөөдөр /2026.06.29/-ийн хуралдаанаар Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Тамхи, тамхин бүтээгдэхүүнд онцгой албан татвар ногдуулахдаа биет нэгжид болон үнээс хувиар тооцож хосолсон хэлбэрээр тогтоох зохицуулалт, хамрын тамхины биет хэмжээнд ногдуулах онцгой албан татварыг чөлөөлөх зэрэг заалтуудыг тусгасан гэж хууль санаачлагчид тайлбарлав. Хуулийн төслийг батласнаар тамхины импортын гаалийн тарифын бууралтаас үүдэн улсын төсөвт учирч болох орлогын бууралтыг тодорхой хэмжээгээр нөхөх боломж бүрдэх бөгөөд төсвийн орлогын тогтвортой байдал хангагдана гэв. 

Хэлэлцэх асуудлын дарааллын дагуу Төрийн аудитын байгууллагын 2027 онд гүйцэтгэх аудитын сэдэв батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв. Төрийн аудитын байгууллага хууль тогтоомжоор хүлээсэн чиг үүргийнхээ дагуу болон бодлогоор гүйцэтгэх 35 аудитын сэдвийг бэлтгэжээ. 

Монгол Улсаас 2023-2025 онд олборлож худалдсан, худалдахаар ачуулсан алт, зэс, жонш, төмрийн хүдэр, нүүрсний экспортолж байгаа үйл явцын үр дүн болон Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт үр нөлөө зэрэг сэдэвт аудитыг сонгон тусгасан нь засаглалын үр нөлөөг сайжруулах, иргэд олон нийтийн хүсэлт, нийгмийн хүлээлтэд нийцүүлсэн гэдгийг тодотгов.

Үргэлжлүүлэн Төрийн аудитын байгууллагын 2027 оны төсвийн төслийг хэлэлцэв. Тус байгууллагын 2027 оны төсвийн төслийг цалин хөлс, НДШ, тогтмол зардал, аудитын үйл ажиллагааны зардал, мэдээллийн технологийн шинэчлэл, ахмадын сан болон хөрөнгө оруулалтын зардлыг тооцон 111 тэрбум төгрөгөөр төлөвлөснөөс 73.7 тэрбум нь урсгал зардал, 37.3 тэрбум төгрөг нь хөрөнгийн зардал гэв. 
Төгсгөлд нь Монгол Улсын Засгийн газрын өрийн удирдлагын 2023-2025 оны стратегийн баримт бичгийн хэрэгжилтийн талаарх Сангийн сайдын мэдээллийг сонслоо.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.