0

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг ашиглан хуурамч бичиг баримт үйлдэж, залилан хийхийг завдсан хэрэгт холбогдсон иргэнд шүүхээс торгох ял оногдууллаа.
Тодруулбал, иргэн О нь бусадтай бүлэглэн 2024 оны нэгдүгээр сарын 30-наас тавдугаар сарын 8-ны өдрийг хүртэлх хугацаанд компанийн албан маягт, тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж, компанийн цахим шуудантай ижил төстэй хаяг ашиглан БНХАУ-ын худалдан авагчдад нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулж өгнө хэмээн амлаж, 300,000–500,000 ам.долларын төлбөр авахаар тохиролцсон байна.
Уг үйлдлийг хууль, хяналтын байгууллага шалган таслан зогсоож, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж бусдыг залилах гэмт хэрэг үйлдэхийг завдсан этгээдэд шүүхээс торгох ял оногдуулжээ.
“Эрдэнэс Тавантолгой” ХК нь Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль-ийн дагуу олборлосон нүүрсээ зөвхөн Монголын Хөрөнгийн Биржээр ил тод, нээлттэй арилжаалдаг бөгөөд биржээс гадуур, ам нөхцөлтэй худалдах, худалдан авах гэрээ байгуулдаггүй болохыг дахин мэдэгдэж байна.
Иймд харилцагч, худалдан авагчид компанийн нэрийг ашиглан нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулж өгнө гэсэн санал, хуурамч цахим шуудан, албан бичиг хүлээн авсан тохиолдолд “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас албан ёсоор нягтлан тодруулж, шаардлагатай бол цагдаагийн байгууллагад хандан шалгуулахыг зөвлөж байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.