0

Венесуэл улсад өнгөрсөн лхагва гарагт болсон хоёр удаагийн хүчтэй газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 1700-д хүрээд байна. Эргийн бүсийн Ла-Гуайра хот хамгийн их хохирол амссан бүсүүдийн нэг бөгөөд аврагчид нурсан барилгуудын нурангин дор амьд үлдсэн хүмүүсийг эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байна.
Аврах багийнхан бетон хавтанг өрөмдөн гаргасан жижиг нүхээр дуу чимээ сонсохын тулд "Silencio" буюу "Чимээгүй" хэмээн хашхирч, оршин суугчид болон автомашинуудыг хүртэл хэсэг хугацаанд бүрэн нам гүм байхыг шаарддаг. Гэвч олон удаагийн оролдлогын дараа ч амьд үлдсэн хүмүүсийн дохио сонсогдохгүй байгаа аж.
Венесуэлийн түр Ерөнхийлөгч Делси Родригес энэхүү гамшгийг "улсын түүхэн дэх хамгийн аймшигт байгалийн гамшиг" хэмээн тодорхойлсон байна.
Нурсан 12 давхар орон сууцанд амьдарч байсан 34 настай хүү Анхелээ хайж буй Мигель Оскар Нуньес эрх баригчдын аврах ажиллагаа хэт удааширсан гэж үзэж буйгаа илэрхийлжээ. Тэрбээр "Газар хөдлөлт миний хүүгийн амийг аваагүй байж болох ч төрийн байгууллагын хариуцлагагүй байдлаас болж амиа алдах вий гэж айж байна" хэмээн ярьсан байна.
Мөн уг барилгад амьдардаг байсан Кевин Монтийя газар хөдлөлтийн үеэр ажил дээрээ байсан бол түүний эхнэр Лузмари болон 16 настай охин Жоэрлийзмар нар гэртээ байжээ. Тэрбээр аврах ажиллагаа эхний өдрүүдэд бараг иргэдийн хүчээр өрнөсөн бөгөөд төрийн байгууллагын хариу арга хэмжээ хангалтгүй байсан гэж шүүмжилсэн байна.
Одоогоор Венесуэл болон Колумбын хамтарсан аврах багууд хүнд даацын техник ашиглан эрэн хайх ажиллагаа явуулж байгаа ч оршин суугчид хамгийн үнэ цэнтэй эхний өдрүүдийг алдсан гэж үзэж байна.
Ла-Гуайра мужийн зарим хэсэгт аврах баг одоог хүртэл очоогүй байгаа талаар иргэд мэдээлжээ. Орон нутгийн оршин суугч Дейлисбет Эррейра хоёр охин болох 12 настай Грейделис, 13 настай Грайбелис нарыг эмнэлэг, хоргодох байр, нурангийн орчимд хайсаар байгаа аж. Тэрээр "Хэн ч туслаагүй. Аврах техник ч ирээгүй. Бид хайртай хүмүүсээ өөрсдөө хайхаас өөр аргагүй болсон" хэмээн нулимс дуслуулан ярьжээ.
Мөн Белло Оризонте орон сууцны цогцолборт хоёр өндөр барилга бүхэлдээ нурж, сайн дурынхан хүрз, лом зэрэг энгийн багаж ашиглан нурангийг ухаж байгаа аж. Иргэдийн хэлснээр цагдаа нар ослын газарт байсан ч аврах ажиллагаанд идэвхтэй оролцоогүй байна.
Орон нутгийн иргэн Хуан Авендо болон түүний төрөл садныхан нурангийн доороос орилох дуу сонсож, нүцгэн гараараа шороог ухаж нэг эмэгтэйг эсэн мэнд аварч чаджээ. Тэд эхлээд түүнд ус хүргэж өгсний дараа олон цагийн турш ажиллан гаргаж авсан байна.
Албан ёсны анхны аврах баг газар хөдлөлтөөс хойш бараг хоёр хоногийн дараа хүрэлцэн ирсэн бөгөөд дараа нь АНУ, Эль Сальвадорын аврагчид нэгдэн ажиллажээ. Хэд хэдэн хүнийг эсэн мэнд олсны дараа өнгөрсөн ням гарагт эрэн хайх ажиллагааг зогсоосон байна.
Орон нутгийн иргэдийн үзэж буйгаар нурангийн дор олон зуун хүний цогцос байж болзошгүй бөгөөд тэдгээрийг бүрэн олж чадах эсэх нь тодорхойгүй хэвээр байгаа юм.
Хуваалцах:
Майкл Жексоны намтарчилсан кино бүх цаг үеийн хамгийн өндөр орлоготой намтар кино боллоо
8 цагийн өмнө

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.