0

БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр БНСУ-ын Аялал жуулчлалын төрийн өмчит корпорац /KTO/ БНСУ-ын Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага /KOICA/ хамтран Монголын хэвлэл мэдээллийн байгууллагуудад зориулсан "Korea Tourism Media Briefing & Networking Event"-ийг зохион байгууллаа.
Уг арга хэмжээгээр дамжуулан БНСУ-ын аялал жуулчлалын шинээр хэрэгжүүлж буй өяллын хөнгөлөлттэй хөтөлбөр, хамтын ажиллагааны хөтөлбөрүүдийг танилцууллаа.
Арга хэмжээнд БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чой Жин Вон, KTO Улаанбаатар төлөөлөгчийн газрын дарга Ким Ван Сү, KOICA Монгол дахь Суурин төлөөлөгчийн газрын дарга Жо Хэн Нан, Жэжү эйр компанийн Улаанбаатар дахь салбарын захирал Ким Мин Сог, мөн Бусан хотын Эдийн засгийн хөгжлийн агентлаг, Инчон Аялал Жуулчлалын Байгууллагын төлөөлөгчид, Монголын хэвлэл мэдээлэл, аялал жуулчлал салбарын байгууллагуудын төлөөлөл оролцов.

БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чой Жин Вон арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ, "BTS хамтлагаар төлөөлж болох K-pop, Чежү арлын үзэсгэлэнт байгаль, Улаанбаатар хотын хаанаас ч амталж болох K-food гэх мэт Солонгосын соёлыг Монголын ард түмэнд нэгэнтээ сайн мэдэх болсон. Ялангуяа өнгөрсөн онд дэлхий даяар хит болсон К-pop Demon Hunters бүтээлийн ачаар манай Үндэсний төв музей үзэгчдийн тоогоор дэлхийд 3-т эрэмбэлэгдэж байна.
Сүүлийн үед Инчеон-Улаанбаатар нислэг маш хурдан дүүрч, билет олох нь улам бүр хэцүү болж байна. Одоогоор хоёр талын агаарын хэлэлцээрээр дамжуулж, нислэгийн тоог нэмэгдүүлэх талаар яриа хэлэлцээр хийж байгаа гэдэг мэдээлэл авсан. Ойрын хугацаанд иргэдэд нааштай хариу гараасай гэж хүсэж байна" хэмээн онцоллоо.

Арга хэмжээний үеэр дэлхий дахинд шатахууны үнийн өсөлтөөс шалтгаалан аяллын зардал нэмэгдэж буй өнөөгийн нөхцөлд аялагчдын санхүүгийн ачааллыг бууруулах зорилгоор хэрэгжүүлж буй БНСУ-ын эрүүл мэндийн аялал жуулчлалын бүтээгдэхүүн, бүс нутгийн аялал жуулчлалын шинэ боломжууд, төрөл бүрийн хөнгөлөлт, урамшууллын хөтөлбөрүүдийг танилцуулж, харилцан мэдээлэл, санал солилцсон.
КТО нь Бусан хотын Эдийн засгийн хөгжлийн агентлаг /BEPA/, Инчеон хотын Аялал жуулчлалын байгууллага /ITO/, Жэжү эйр авиа компанитай хамтран "K-Heal·Air" хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлжээ. Тус хөтөлбөр нь Жэжү Эйр авиа компанийн Бусан, Инчеон чиглэлийн нислэгтэй уялдуулан хэрэгжиж буй эрүүл мэндийн аялал жуулчлалыг дэмжих төсөл бөгөөд Жэжү Эйр авиа компанийн тухайн чиглэлийн нислэгээр зорчсон үйлчлүүлэгчдэд Бусан, Инчеон хотуудын эмнэлэг, Эрүүл мэндийн байгууллага болон аялал жуулчлалын газруудад төрөл бүрийн хөнгөлөлт, урамшуулал олгох аж.
Тодруулбал,"K-Heal·Air" хөтөлбөрийн хүрээнд Бусан хотын 7 эмнэлэг, аялал жуулчлалын 4 газар, Инчеон хотын 12 эмнэлэгт үйлчлүүлэхдээ тодорхой хувийн хөнгөлөлт эдлэх юм. Үүнээс гадна шаардлагатай нөхцөлийг хангасан үйлчлүүлэгчдэд Инчеон хотын нэг өдрийн үнэ төлбөргүй аяллын хөтөлбөрийг хамтран олгож байгааг онцлов.



Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.