dobu.mndobu

Дуусдаггүй яриа дууслаа

0

НийтлэлчAdmin

Огноо2026-07-03

Дуусдаггүй яриа дууслаа

Ахмад настан Цэцгээ улсад 51 жил ажилласан ч ердөө сая гаруй төгрөгийн тэтгэвэр авдаг гэдгээ Ерөнхий сайд Н.Учралыг “Тусгаар тогтнолын ордон”-д ахмадуудтай уулзахад ярьж байлаа. Гэтэл хамар хашааны найз нь 30 жил нийгмийн даатгал төлсөн ч сүүлийн таван жилд нь өндөр төлөлт хийснээр тэтгэврээ өндрөөр тогтоолгож чаджээ. Хамар хашааны найздаа атаархсан, аль эсвэл барьцсан асуудал биш ч гэлээ тэтгэврийн шударга бус тогтолцоо өөр шиг нь олон зуун ахмадуудын тулгамдаж буй асуудал учраас ямар гарц гаргалгаа, шийдэл санал болгож байгааг асуув.

Тэгвэл Засгийн газраас өнгөрөгч зургаадугаар сарын 12-нд өргөн барьж, нэн яаралтай горимоор буюу 20 хоногийн хугацаанд УИХ-аар хэлэлцүүлж, өнөөдөр /2026.07.02/ эцэслэн баталсан шударга тэтгэврийн тогтолцоог бүрдүүлэх Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Цэцгээ эгч шиг 434 мянган ахмадын толгойн өвчин нэг мөр шийдэгдлээ. Тэтгэврийн олон давхаргат шинэчлэлийн нэгдүгээрт эрэмблэгдсэн суурь тэтгэврийн шинэчлэлээр илүү олон жил ажилласан нь өндөр тэтгэвэр авах буюу ажилласан жилээс хамааран тэтгэврийг ирэх оны нэгдүгээр сарын 01-нээс 100.000-300.000 төгрөгөөр нэмэх эрхзүйн орчин бүрдлээ. Улсад 51 жил ажилласан Цэцгээгийн тэтгэвэр 300 мянга, хамар хашааны найзынх нь тэтгэвэр 100 мянгаар нэмэгдсэнээр зөрүү арилах, ойртох боломж бүрдэж буй юм. 2033 оноос эхлэн тэтгэврийн хэмжээг сүүлийн 10 жилийн дундаж цалингаар тооцох бөгөөд нэрийн дансны тогтолцоонд хамрагдсан даатгуулагчдын тэтгэврийн хэмжээ огцом буурахгүй байх зохицуулалтыг хуульчилснаар дараа, дараагийн тэтгэвэрт гарах ахмадуудын дунд “Надаас бага жил ажилласан атлаа өндөр тэтгэвэр авч байхад би ийм олон жил ажиллачихаад яагаад ийм бага байна вэ” гэх гомдол арилах нь ээ.

Засгийн газраас нэн яаралтай горимоор өргөн барьсан хуулийг Б.Түвшин, А.Ариунзаяа нарын бусад 49 гишүүний тус, тусдаа өргөн барьсан тэтгэврийн шинэчлэлийн хуультай хамтатган хэлэлцсэнээр шударга бус тогтолцоог тойрсон олон жилийн дуусдаггүй яриаг ердөө 20 хоногт дуусгаж чадлаа. Н.Учралын Засгийн газрын түүхэнд үлдэх онцлох шийдвэрүүдийн нэг нь энэ байх биз ээ.

Улсад олон жил ажиллаагүй ч насаараа фермид саальчнаар ажиллаж, 14 хүүхэд төрүүлж өсгөсөн хадам ээж маань хамгийн бага буюу 689.000 төгрөгийн тэтгэвэр авдаг. Улс орны хөгжил дэвшилд өөрийн хэмжээнд хувь нэмрээ оруулж, олон хүүхэд төрүүлж өсгөсөн атлаа бүдүүн эр хонь ч авч чадахгүй тэтгэвэртэй мянга, мянган ахмадууд төрдөө, түшээдэд гомдож, Төрийн ордон тойрч гороолсоор насыг элээж байгааг багахан ч атугай өөрчлөх шинэчлэл, өөрчлөлт намрын чуулганаар үргэлжлээд явах юм. Түүнчлэн, тэтгэврийн мөнгөн хуримтлал үүсгэх боломж шинэ хуулиар бүрдсэн бөгөөд ирээдүйдээ зориулж тэтгэврийн даатгалын шимтгэлийнхээ 1.0 хувийг сайн дураар хуримтлуулвал улсын төсвөөс тэтгэврийн мөнгөн хуримтлалын 50 хувьтай тэнцэх хэмжээний урамшууллыг 120 сар хүртэл хугацаанд олгох заалт дараачийн тэтгэвэрт гарах олон ахмадуудад бодит дэмжлэг болж очих нь гарцаагүй.  

Хөдөлмөрлөж байгааг нь урамшуулъя

Хөгжиж амжаагүй байхдаа хөгширч байгаа тэтгэврийн сангийн алдагдал, төсөвт ирэх ачааллыг хэрхэн бууруулах вэ гэдэг нь дараагийн гол шинэчлэл байлаа. Хуулийн төслийг өргөн барих үедээ Ерөнхий сайд Н.Учрал “Нийгмийн даатгалын сангийн ачаалал 5.8 их наядад хүрч, 2050 онд дампуурлаа зарлах нь тодорхой болчихсон. Хүн амын насжилт 7.2-оор уртассан сайн мэдээтэй зэрэгцэн төрөлт буурч, тэр хэрээр ч тэтгэврийн сан тэнцвэрээ алдчихлаа. 2025 онд 2 даатгуулагчид 1 тэтгэвэр авагч ногдож байгаа бол 2050 онд энэ тоо 1:1 болж, алдагдал 7 дахин нэмэгдэнэ” гэсэн судалгааг танилцуулсан байдаг.

2024 онд Нийгмийн даатгалын багц хуулиар нэлээдгүй өөрчлөлт шинэчлэл хийсэн ч тэтгэврийн тогтолцооны зарим журам нь 1958 оныхоор буюу товчхондоо “тэтгэвэрт” гарчихаад байлаа.

Тэгвэл илүү ажиллаж хөдөлмөрлө түүнийхээ хэмжээгээр өндөр урамшуулал ав гэдэг чөлөөлөх бодлогоо Ерөнхий сайд Н.Учрал шинэчилсэн хуульд мартсангүй. Ахмадуудыг ажиллах эрч хүчтэй болгох, залуу үеийг дэмжих бодлогын хүрээнд тэтгэврээ тогтоолгосон ахмадууд болон 18-24 насны оюутан залуусыг ажиллуулсан тохиолдолд НДШ төлөхгүй байх чухал заалт хуульд багтлаа.

Олон жил ажиллах тусмаа өндөр тэтгэвэр авах эрхзүйн орчны шинэчлэлээс онцолбол,

-Тэтгэвэр тогтоолгох наснаас хойш ажилласан жил тутамд сарын тэтгэврийг 4 хувиар нэмэгдүүлэх, эрт гарсан тохиолдолд 4 хувиар бууруулах

-Бичил бизнесийг дэмжих зорилгоор 1-5 ажилтантай ажил олгогчдын төлөх НДШ-ийг 3 хүртэлх ажилтанд 36 сарын хугацаанд чөлөөлөх. Хөгжлийн бэрхшээлтэй ажилтан бол 60 сар чөлөөлөх /Бүртгэлтэй ААН-үүдийн 40 хувь нь хамрагдана/

-Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийн хувь хэмжээ 0.5, 1.5, 2.5 хувь байсныг 0.3, 1.2, 2.2 хувь болгож бууруулах

-Давхар ажил эрхэлдэг иргэн өөрийн сонголтоор зөвхөн 1 ажлаасаа НДШ төлөх боломж  тус, тус бүрдлээ.

Албан бус хөдөлмөр эрхлэгчид шимтгэлээ сайн дураар төлж эхэлвэл 50 хувийн хөнгөлөлтийг 24 сарын хугацаанд эдлэх зохицуулалтыг тусгаснаар даатгалд хамрагдах иргэдийн тоог нэмэгдүүлэх зорилт бодитоор хэрэгжих боломж бүрдлээ.

Олон жил хөдөлмөрлөж шимтгэл төлсөн иргэдийг бодитоор үнэлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих шинэ зохицуулалтууд 2027 оны нэгдүгээр сарын 01-нээс хэрэгжих юм.

Хуулийн төслийн ажлын хэсгийг хэлэлцүүлгийн шатанд ахалсан УИХ-ын гишүүн Х.Булгантуяа “Үе, үеийн төр засаг, улстөрчдийн оноо авах, попрох сэдэв болдог нийгмийн даатгалын реформыг хийнэ гэдэг нь Ерөнхий сайдаас маш их зориг шаардах асуудал юм. Тэгвэл Ерөнхий сайд Н.Учрал үүнийг зоригтойгоор барьж авч УИХ руу оруулж ирлээ. Төсвийн боломж бололцоо, инфляцийг харж өөрчлөх төдий явж байсан тогтолцоог углуургаар нь өөрчилж, зоригтой шинэчлэл хийсэн Ерөнхий сайд болон ажлын хэсгийн гишүүдэд баярлалаа” хэмээв. “Тэтгэвэрт” гарсан тэтгэврийн шударга бус тогтолцоог өөрчилж, реформын шинжтэй өөрчлөлтүүдийг хурдан хугацаанд хийж, олон мянган ахмадуудын магнайг тэнийлгэх ажилд манлайлсан, шуурхайлсан Ерөнхий сайд Н.Учрал, салбар сайд Т.Аубакир, хуулийг хурдан хугацаанд баталсан УИХ-ын мэдлэгтэй, туршлагатай гишүүдэд ч Цэцгээ эгч шиг төрдөө гомдож, тулгарч буй асуудлаа шийдүүлж чадахгүй явсан мянга, мянган ахмадуудын өмнөөс талархлаа илэрхийлье.

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.