dobu.mndobu

СОНИРХОЛТОЙ ТҮҮХҮҮД: Төрөлх тосгоныхоо гэр бүл бүрд сар бүр 70 еврогийн тэтгэмж өгдөг ХӨЛБӨМБӨГЧ

0

НийтлэлчAdmin

Огноо2026-07-04

СОНИРХОЛТОЙ ТҮҮХҮҮД: Төрөлх тосгоныхоо гэр бүл бүрд сар бүр 70 еврогийн тэтгэмж өгдөг ХӨЛБӨМБӨГЧ

Садио Мане бол Саудын Арабын Al Nassr FC клуб болон Сенегалын шигшээ багийн бүрэлдэхүүнд тоглодог, дэлхийн шилдэг довтлогчдын нэг юм. Английн Liverpool F.C. багт үзүүлсэн гайхалтай тоглолт, амжилтаараа олон улсад нэр хүндээ өсгөсөн тэрбээр хурд, хүч, техник хосолсон тоглолтоос гадна эх орондоо зориулдаг сайн үйлсээрээ ч хөлбөмбөгийн ертөнцөд өндөр үнэлэгддэг тамирчин билээ.

Түүний мэргэжлийн замнал Францын FC Metz клубээс эхэлсэн бөгөөд дараа нь Австрийн FC Red Bull Salzburg болон Английн Southampton F.C. багуудад хүчин зүтгэж байв.

2023 оны зунаас хойш тэрээр Al Nassr FC-д Cristiano Ronaldo-гийн хамт тоглож байгаа бөгөөд Африк тивийн хамгийн өндөр орлоготой хөлбөмбөгчдийн нэгт тооцогддог.

Мане нь Сенегалын шигшээ багийн ахлагч бөгөөд улсынхаа хөлбөмбөгийн түүхэн дэх шилдэг тоглогчдын нэгээр нэрлэгддэг. Тэрээр 2021 онд Africa Cup of Nations тэмцээнд багаа ахлан түрүүлж, тэмцээний шилдэг тоглогчоор шалгарсан юм. Үүнээс гадна Африк тивийн оны шилдэг хөлбөмбөгчний шагналыг хоёр удаа хүртсэн байдаг.

Садио Манегийн хүүхэд нас ядуурал, хагацал, мөрөөдлийнхөө төлөөх хатуу тэмцэл дунд өнгөрчээ. Тэрбээр Сенегалын алслагдсан Бамбали хэмээх жижиг тосгонд өссөн бөгөөд тухайн үед цэвэр усны хомсдолтой, сургууль, эмнэлгийн үйлчилгээ бараг байхгүй хүнд нөхцөлд амьдардаг байв.

Тэрбээр авга ах, үеэлүүдтэйгээ олуулаа нэг гэрт амьдардаг байсан бөгөөд гэр бүлийн санхүүгийн хүндрэлээс шалтгаалан тогтмол сургуульд суралцах боломж төдийлөн байгаагүй. Аав нь нутгийн сүмийн имам байсан учир Манег хөлбөмбөгөөс илүү шашны боловсролд анхаарахыг шаарддаг байжээ.

Түүнийг долоон настай байхад аав нь хүнд өвчин туссан байна. Тухайн үед тосгонд нь цахилгаан ч байгаагүй, эмнэлгийн үйлчилгээ ч хүртээмжгүй байсан тул эмчилгээ авч чадалгүй нас баржээ. Энэ явдал Манегийн амьдралд хамгийн хүнд сорилтуудын нэг болсон гэдэг.

Олон жилийн дараа дэлхийн хөлбөмбөгийн томоохон од болсон тэрбээр төрөлх нутагтаа эргэн очсон юм. Гэхдээ энэ удаад зочлохын тулд биш, харин бүтээн байгуулалт хийхээр буцаж иржээ.

Тэрбээр хөрөнгийнхөө тодорхой хэсгийг Бамбали тосгонд эмнэлэг байгуулах ажилд зориулсан бөгөөд өмнө нь оршин суугчид эмчилгээ авахын тулд хол зам туулдаг байв. Түүний санаачилсан энэхүү бүтээн байгуулалтын ачаар зөвхөн тосгоныхон төдийгүй ойр орчмын бүс нутгийн олон мянган хүн эрүүл мэндийн үйлчилгээ авах боломжтой болсон.

Түүний мөрөөдөлд хүрэх зам хэзээ ч дардан байгаагүй. Хөлбөмбөгч болох хүсэлдээ хөтлөгдөн, 15 настайдаа нутгийнхаа найзын тусламжтайгаар гэрээсээ нууцаар гарч, ойролцоогоор 800 км-ийн зайтай нийслэл Дакар хотыг зорьжээ. Гэр бүлийнхэн нь түүнийг буцаан авчирсан ч хүсэл мөрөөдлийнх нь төлөөх тууштай зан чанарыг хараад сургуулиа төгссөний дараа хөлбөмбөгөөр хичээллэхийг зөвшөөрсөн байна.

Дакар хот дахь Génération Foot академийн шалгаруулалтад ирэх үедээ Мане хуучирч урагдсан гутал, спортын зориулалтын бус хувцастай байжээ. Гэвч түүний авьяас, хурд, хөдөлгөөнийг ердөө 15 минут ажигласан дасгалжуулагчид шууд академид элсүүлэхээр шийдсэн гэдэг. Бага насандаа бөмбөггүй үедээ усан үзэм, чулуугаар орлуулан хөл нүцгэн тоглодог байсан нь ирээдүйн том амжилтын эхлэл болсон байна.

Мане амралтын өдрүүд болон шигшээ багийн тоглолтын үеэр эх орондоо тогтмол очдог. Тэрээр төрөлх Бамбали тосгондоо хувийн орон сууцтай бөгөөд тосгоныхоо хөгжилд тасралтгүй хөрөнгө оруулж, оршин суугчдыг дэмжсээр иржээ. Мане сар бүр төрөлх тосгоныхоо гэр бүлүүдэд 70 евро олгодог

Нөгөө талаас Саудын Арабын нийслэл Эр Ряад хотод түүний эзэмшдэг тансаг зэрэглэлийн орон сууц бий гэж мэдээлэгддэг. Уг харшид бүрэн тоноглогдсон фитнес заал, саун, мөсөн банн, хувийн кино театр болон бэлтгэл хийх зориулалттай жижиг хөлбөмбөгийн талбай хүртэл багтдаг. Рио Фердинанд хүртэл түүний гэрт зочилж, олон нийтэд танилцуулж байсан удаатай.

Садио Манегийн хөрөнгө олон сая ам.доллароор хэмжигддэг бөгөөд орлогын гол эх үүсвэр нь клубийн цалин болон сурталчилгааны гэрээнүүд юм. Түүний хамтран ажилладаг брэндүүдийн тоонд New Balance⁠, Adidas⁠, Pepsi⁠, Vodafone⁠ зэрэг компани багтдаг.

Гэсэн ч тэр асар их хөрөнгө, алдар нэртэй болсон ч тансаг хэрэглээг урьтал болгодоггүй. Харин төрөлх тосгондоо сургууль, эмнэлэг, цэнгэлдэх хүрээлэн байгуулахад их хэмжээний хөрөнгө зориулж, орон нутгийн иргэдийн амьдралыг сайжруулахад бодит хувь нэмэр оруулсаар байна. Мөн тосгоны өрхүүдэд тогтмол санхүүгийн дэмжлэг үзүүлдэг талаар мэдээлэгддэг.

Үүнээс гадна тэрээр Францын Bourges Foot 18 клубийг худалдан авч, хөлбөмбөгийн салбар дахь бизнесийн үйл ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлж эхэлжээ.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.