dobu.mndobu

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ БҮГД НАЙРАМДАХ СОЛОНГОС УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ И ЖЭ МЁН-Д БАРААЛХАВ

0

НийтлэлчAdmin

Огноо2026-07-10

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ БҮГД НАЙРАМДАХ СОЛОНГОС УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ И ЖЭ МЁН-Д БАРААЛХАВ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал манай улсад төрийн айлчлал хийж буй Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён-д 2026 оны 7 дугаар сарын 10-ны өдөр бараалхав. 

Ерөнхий сайд Н.Учрал БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэргийн хамт Монгол Улсад төрийн айлчлал хийж, Үндэсний их баяр наадмын нээлтэд хүндэт зочдын хувиар оролцох гэж байгаад баяртай буйгаа илэрхийлэв. БНСУ-ын төрийн тэргүүний түвшинд 15 жилийн дараа хэрэгжиж буй энэхүү төрийн айлчлал нь Монгол Улс, БНСУ-ын “Стратегийн түншлэл”-ийн хамтын ажиллагааг улам бататган, хоёр улсын харилцааны алтан үеийг эхлүүлж, хоёр орны ард иргэдийн найрамдал нөхөрлөлийг  бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой болж байгааг онцлов. 

Түүнчлэн айлчлалын хүрээнд хоёр тал худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, ховор металл, тээвэр, логистик, хот байгуулалт зэрэг салбарт хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэн хөгжүүлэх, мэдээллийн дэвшилтэт технологи, хиймэл оюуны салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх зэрэг өргөн хүрээний асуудлаар санал солилцож, айлчлалын дүнгээр Хамтарсан тунхаглал гаргажнийт яам, байгууллага хооронд 210 орчим баримт бичиг байгуулсныг тэмдэглээд хоёр талын хэлэлцэж, тохирсон ажлуудыг бодит ажил хэрэг болгохын төлөө БНСУ-ын Засгийн газартай үргэлжлүүлэн нягт хамтран ажиллахаа илэрхийлэв. 

Ерөнхийлөгч И Жэ Мён Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын Хамтарсан хороо болон батлан хамгаалах, ховор металл, байгаль орчин, боловсрол, соёл зэрэг салбар тус бүрийн хамтын ажиллагааны механизм байгуулагдан ажиллаж буйг өндрөөр үнэлж, хоёр улсын хооронд “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр”-ийн яриа хэлэлцээг үргэлжлүүлж харилцан үр ашигтай хэлэлцээр байгуулах, ховор металлын салбарт хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, “Хавдар судлалын үндэсний II төв байгуулах” төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулахад хамтран ажиллахаар тохирсныг онцлов.

Ерөнхий сайд Н.Учрал БНСУ-д амьдарч, ажиллаж, сурч буй монгол иргэдийн хүүхдүүдэд эх хэл, соёл, үндэсний боловсрол эзэмшүүлэх монгол сургууль байгуулахад дэмжлэг үзүүлэхийг хүсэв.

Талууд банк, санхүү, боловсрол, соёл, байгаль орчны салбарын хамтын ажиллагааг үргэлжлүүлэхээ нотолж, хоёр улсад оршин сууж буй иргэдэд таатай нөхцөлийг бүрдүүлэх Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулсныг тэмдэглээд цаашид иргэдийн харилцан зорчих нөхцөлийг хөнгөвчлөх, нийгмийн хамгааллыг сайжруулах талаар шат дараатай арга хэмжээ авч хэрэгжүүлэхээ илэрхийлэв. Мөн олон улс, бүс нутгийн түвшинд хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэн хөгжүүлэхээр тохиров.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.