dobu.mndobu

Нэг ч удаа нэмэлт сургалтад хамрагдалгүй “гаокао”-д 694 оноо авч, Хятадын хамгийн нэр хүндтэй Цинхуа их сургуульд элссэн охины түүх олны анхаарлыг татжээ

Нэг ч удаа нэмэлт сургалтад хамрагдалгүй “гаокао”-д 694 оноо авч, Хятадын хамгийн нэр хүндтэй Цинхуа их сургуульд элссэн охины түүх олны анхаарлыг татжээ

Хятадын Хэнань мужийн ахлах сургуулийн төгсөгч Сюй Ифан үндэсний их сургуулийн элсэлтийн шалгалт болох “гаокао”-д 750 онооноос 694 оноо авч, нэр хүндтэй Цинхуа их сургуульд элсэн орсон нь олон нийтийн анхаарлыг татжээ.

Түүний онцлог нь бусад өндөр оноо авсан сурагчдын адил нэмэлт давтлага, хувийн сургалтад хамрагдаагүй явдал юм. Сюй зөвхөн сургуулийн багш нарын өгсөн даалгаврыг тогтмол хийж, өөрийн суралцах арга барилаа хөгжүүлснээр ийм амжилтад хүрсэн байна.

Сюйгийн эцэг эх хоёулаа багш мэргэжилтэй ч охиноо хатуу дарамталж, зөвхөн оноонд анхаарахын оронд тайван, чөлөөтэй орчин бүрдүүлэхийг илүүд үзжээ. Аав нь бага ангид байх үед нь математикаар хэсэг хугацаанд тусалж байсан ч сүүлийн жилүүдэд охиныхоо сэтгэл зүйн байдал, бие даасан байдлыг илүү чухалчилсан байна.

Түүний аав “Хамгийн чухал зүйл бол суралцах зөв дадал бий болгох. Заавал хамгийн шилдэг сургуульд орох албагүй, зөвхөн хичээж, өөрийнхөө хамгийн сайныг хийх хэрэгтэй” гэж охиндоо байнга хэлдэг байсан аж.

Харин ээж нь амьдрал бол урт аялал учраас нэг шалгалт, нэг үе шатанд хэт их санаа зовох шаардлагагүй, алдаа гаргах нь өсөж хөгжих нэг хэсэг гэдэг үзлийг баримталдаг байна.

Сюй өөрийн амжилтын гурван гол нууцыг “мэдлэгээ цаг тухайд нь нэгтгэн давтах, өөрт тохирсон сурах арга олох, сэтгэл санаагаа тогтвортой байлгах” гэж хэлжээ. Мөн орой бүр урт зайд гүйхийг шаарддаг байсан багшдаа талархсан байна.

Түүний ахлах сургуулийн багш нар Сюйг бие даан сэтгэдэг, аливааг гүнзгий ойлгохыг эрмэлздэг, тууштай сурагч хэмээн үнэлжээ.

Сюй Цинхуа их сургуульд цөмийн технологийн чиглэлээр суралцахаар болсон байна. Тэрбээр “Цөмийн эрчим хүч ирээдүйд чухал үүрэгтэй. Энэ салбар эх орныхоо хөгжил, батлан хамгаалах салбартай холбоотой учраас энэ мэргэжлээр дамжуулан хувь нэмрээ оруулахыг хүсэж байна” гэжээ.

Түүний түүх Хятадын олон нийтийн дунд өргөн хэлэлцүүлэг үүсгэж, зарим хүмүүс “Нэмэлт сургалтгүйгээр ийм өндөр оноо авсан нь түүний гэр бүлийн зөв хандлага, бие даан суралцах чадвартай холбоотой” хэмээн үнэлж байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.