0

Sony Pictures болон Marvel Studios-ийн шинэ бүтээл "Spider-Man: Brand New Day" кино нээлтийн эхний амралтын өдрүүдэд Хойд Америкийн зах зээлээс 355 сая ам.долларын орлого олж, бүх цаг үеийн хоёр дахь хамгийн өндөр орлоготой нээлтийн кино боллоо.
Ингэснээр тус кино 2019 онд 357 сая ам.долларын орлогоор дээд амжилт тогтоосон "Avengers: Endgame" киноны дараа бичигдэж байна.
"Spider-Man: Brand New Day" кино дэлхий даяар нийт 927 сая ам.долларын орлого олсон нь олон улсын зах зээл дэх нээлтийн орлогоор мөн бүх цаг үеийн хоёрдугаарт бичигдэх үзүүлэлт болсон талаар Rentrak компанийн зах зээлийн шинжээч Пол Дергарабедиан мэдээлжээ.
Энэхүү бүтээл нь өмнөх анги болох "Spider-Man: No Way Home" киноноос хойш бараг таван жилийн дараа үзэгчдийн хүртээл болж байгаа бөгөөд уг кино тухайн үед Хойд Америкт 260 сая ам.долларын орлогоор нээлтээ хийж байв.
Box office-ийн шинжээч Крис Коломбогийн хэлснээр, шинэ "Хүн-аалз" кино нь алдартай франчайз, хүчтэй дүрүүд, үзэгчдийн өндөр хүлээлт болон эерэг шүүмж гэсэн бүх хүчин зүйл бүрдсэн "төгс блокбастер" болжээ.
Энэ амжилтын зэрэгцээ Universal Pictures-ийн "The Odyssey" кино Хойд Америкт нийт 124.5 сая ам.долларын орлого олсноос өнгөрсөн амралтын өдрүүдэд 51 сая ам.долларыг бүрдүүлж, дэлхийн нийт орлого нь 721 сая ам.долларт хүрсэн байна.
Харин амралтын өдрүүдийн бокс оффисын жагсаалтын гуравдугаарт Disney-ийн "Toy Story 5" (6.3 сая ам.доллар), дөрөвдүгээрт Universal-ийн "Minions & Monsters" (5.8 сая ам.доллар), тавдугаарт Disney-ийн "Moana" амьд дүрийн кино (5.3 сая ам.доллар) бичигджээ.
Шинжээчдийн тооцоолсноор өнгөрсөн амралтын өдрүүдийн нийт кино театрын орлого 430 сая ам.долларт хүрсэн нь АНУ-ын кино зах зээлийн түүхэн дэх хамгийн өндөр орлоготой амралтын өдрүүдийн нэг болсон байна.
Rentrak-ийн мэдээллээр, 2026 оны эхнээс хойш кино театруудын нийт орлого 6.19 тэрбум ам.долларт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс бараг 15 хувиар өссөн үзүүлэлт бөгөөд энэ онд нийт бокс оффисын орлого 10 тэрбум ам.долларт хүрэх боломжтой гэж шинжээчид үзэж байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.