dobu.mndobu

Сая сая хүн AI зураг гэж андуурсан хуримын зургуудын цаадах бодит хайрын түүх

Сая сая хүн AI зураг гэж андуурсан хуримын зургуудын цаадах бодит хайрын түүх

Канадын хос Анита Винг Ли, Тим Муттоо нарын хуримын зураг цахим орчинд тархаж, олон хүний анхаарлыг татжээ. Зарим хэрэглэгч уг зургуудыг хиймэл оюун ухаанаар бүтээсэн гэж таамагласан ч үнэндээ эдгээр нь тэдний бодит хуримын агшин байв.

Хосууд зургаадугаар сарын 21-нд Канадын Сент Эндрюгийн сүмд хуримаа хийж, баярын зургаа Instagram хуудсандаа нийтэлсэн байна. Тус нийтлэл хэдхэн хоногийн дотор 140 сая гаруй хүнд хүрчээ.

Олон нийтийн анхаарлыг татсан гол зүйл нь тэдний гадаад төрх, ялангуяа өндрийн ялгаа байв. Анита 163 орчим см өндөртэй бол Тим 122 орчим см өндөртэй аж. Үүнээс болж зарим хэрэглэгч зураг бодит эсэхэд эргэлзэж, "AI-гаар бүтээсэн зураг уу?" хэмээн асуусан байна.

Гэвч тэдний түүх зөвхөн хуримын зургаас илүү утгатай байжээ.

Анита, Тим хоёр 2021 онд Торонто хотод найз нөхдөөрөө дамжин танилцсан байна. Эхэндээ Тим Анитад сэтгэлтэй болсон ч Анита түүнийг зөвхөн найз гэж хардаг байжээ.

Анита өөрийнх нь хувьд Тимийн өндөр анхандаа эргэлзээ төрүүлсэн зүйл байсан ч цаг хугацаа өнгөрөх тусам түүний зан чанар, үзэл бодол, хүнлэг байдлыг илүү үнэлэх болсон гэж ярьжээ.

Тим инженер мэргэжилтэй бөгөөд хэрэгцээтэй хүмүүст цэвэр ус хүргэх чиглэлээр ажилладаг буяны байгууллагын хамтран үүсгэн байгуулагч юм.

"Би хэзээ ч өндөр хүнийг хүсэж залбирч байгаагүй. Харин алсын хараа, зан чанар, сайхан сэтгэлтэй хүнийг хүсэж байсан. Тэр бүх зүйл Тимд байсан" гэж Анита хуваалцсан байна.

Хосууд 2024 оны есдүгээр сард сүй тавьж, улмаар гэр бүл болжээ.

Тим "Хайр гэдэг зөвхөн гадаад төрх, эд хөрөнгөний тухай биш. Энэ бол хүний зүрх сэтгэлийг харах, сонгох, таних тухай" хэмээн ярьсан байна.

Цахим хэрэглэгчдийн хиймэл оюун ухааны бүтээл гэж андуурсан хуримын зургууд үнэндээ бие биенээ сонгож, хайрласан хоёр хүний амьдралын бодит мөч байжээ.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.